Манай онцгойгийнхон үнэхээр мундаг

37tvБуруу эргэлт-

Саяхан Тэрэлж орчмын газарт гурван ишиг усанд боогдсон байсныг Налайх дүүргийн Аврах албаныхан аварч, эздэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн гэнэ. Үнэхээр сайхан мэдээ байгаа биз. Цалин мөнгө нь бага гэж хэзээ ч голдоггүй мөртлөө ишигний төлөө амиа дүйгээд л гол, усанд живэх шахаж байдаг аврагчдадаа баярлалаа гэж хэлэх нь зүй ёсны хэрэг байх.

Ер нь дан ганц аврагчид ч гэлтгүй манай онцгойгийнхон үнэхээр мундаг хүмүүс байдаг юм билээ.

Цаанаасаа л төрөлхийн мэдрэмж, чадвартай төрсөн юм шиг байдаг гэх үү дээ. Энд тэнд гал асаж эхэлж байхад л онцгойгийн зарим албан хаагчид зөн совингоороо мэдэрчихээд гүйгээд оччихдог гэсэн. Ерөнхий сайдыг ууланд төөрөхөд ямар их хүчин чармайлт гаргаж байлаа даа. Хүмүүс санаж л байгаа байх. Ажиллагаа дууссаны дараа гаргасан зардлаа нөхөөд авчихсан гэж байгаа. Энэ онцгойгийн удирдлагууд ер нь их сэргэлэн, гүйлгээ ухаан сайтай хүмүүс байдаг байх аа.

Өмнөх удирдлагууд нь яасан. Хэрхэн мөнгө олж байсан нь саяхан илэрч, хууль шүүхийн байгууллагаар “явж” байгаад л хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн гэж байгаа. Тийм болохоор л доорх ажилчдаа сайн ажиллуулж чадаж байгаа байхгүй юу. Тиймээс л ажилчид нь “цалин, хангамж муу байдаг” гэж аман дээрээ ярьдаг ч дарга нараа хүрээд ирэхээр нь юу ч хэлж чадахгүй амандаа ус балгасан хүн шиг л байдаг байх.

Нөгөөтэйгүүр, онцгойгийнхноор бахархах нэг зүйл байгаа нь мэргэжлийн бус даргатай байсан ч хамаагүй ажлаа онц сайн гүйцэтгэдэгт байгаа юм. За тэгээд удирдлага бол бэлэг тэмдэг төдий юм чинь тэдний ажилд сайн эсвэл муугаар нөлөөлөөд байх нь ч хаашаа юм бэ.

Манай онцгойгийнхон дээр, дооргүй үнэхээр мундаг хүмүүс юм аа. Удирдлагуудынхаа дутууг нөхөж байгаа ажилчдаа хараад удирдлагуудынх нь хамрын самсаа шархирдаг нь гарцаагүй. Тиймээс тийм сэргэлэн удирдлагуудад нь дахин дахин баяр хүргэе. Ийм онцгойгийнхонтой байхад Монгол Улсын нэр ч дуурсагдах нь гарцаагүй юм аа.

Р.Сарангоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих