Ардын намын хууччуул “хаягджээ”

Ардын намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг л дээр, дооргүй бужигнаж эхэллээ. Залуус  нь “ахмадууд”-аасаа хариуцлага нэхэж, шинэчлэлийг хүсэж байна. УИХ дахь Ардын намын бүлгийн залуу гишүүдээр тэргүүлүүлсэн “Ши­нэ-чилье” хөдөлгөөнд Ар­дын намын залуус нэгдэж байгаагаа мэдэгдэж,  намынхандаа шаардлага хүргүүлжээ. Тэд үүнийгээ өчиг­дөр хуралдсан Удирдах зөв­лөлийнхөө хуралдааны үеэр уншиж танил­цуулсан бай­на. Тэр­хүү уриалгад нь “Ар­дын намын Бага хурлыг долоодугаар сарын 8-ны өдрөөс өмнө хуралдуулж, 27 дугаар их хурлын  товыг зар­лах. Намын даргыг өөрчлөх. Намын гишүүд, дэм­жигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгаа зохион бай­гуулах, намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод, болгон шинэчлэх.

Авлигын гэмт хэрэгт холбогд­сон намын нэр бүхий зарим гишүүнээс болж Ардын намд итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийх. Улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагын удирдлага,  сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагуудаас шаардаж байна” гэжээ.  Энэ бүх үйл явц УИХ-ын сонгуулийн өмнө эхэлсэн ч дорвитой дэмжлэг авахгүй байсаар байгаад мартагдах дөхөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, намаа шинэчлэх гэсэн залуусынхаа саналыг тухайн үед УИХ-ын экс гишүүдээс өөр хэн ч анзаарч хараагүй юм. Анзаарсан ч анхаарахыг хүсээгүй биз. Харин Ардын намын залуусын энэ бүх шарх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улам илүү сэдэрлээ. Сэдрэх сэдрэхдээ нэлээд газар аван, даамжирчихлаа гэхэд болно. Одоо энэхүү үйл ажиллагаанд Ардын намын бүх л залуус нэгдэн орсон. УИХ болон НИТХ дахь Ардын намын бүлгийн залуус, Ардын намын дэргэдэх залуучуудын холбоо, энгийн гишүүд, дэмжигч залуус хүртэл нэгдчихсэн байна. Тэд “хариуцлага нэхэх аян”-ыг өрнүүлэхээр ийнхүү бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. Тэдэнтэй өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар нэгдсэн учир санхүүгийн асуудалд нэг их санаа зовоод байх зүйлгүй болсон. Тэднээс гадна УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ч дэмжиж байгаа гэсэн. Мэдээж өмнө нь “шинэчлэгч залуус”-ынхаа санхүүжилтийг хариуцаж байсан УИХ-ын экс гишүүд ч гар өргөн дэмжих нь дамжиггүй.

Харин Ардын намын хууччуул залуусаасаа хүн чанар, хүндлэл шаардаж байгаа юм байх. Тэднийг залуустаа төдийгүй то-моохон бизнесмэнүүддээ “хаяг­даад” удаж байгаа гэхэд болно. Саяхан болж өнгөрсөн Ерөн­хийлөгчийн сон­гуулийн үеэр тэд энэ бүхнийгээ улам ч илүү ихээр мэдэрсэн гэх юм билээ. Ерөн­хийлөгчийн сонгуулийн сур­тал­чилгаанд хэрэглэх санхүүжилт цуглахгүй байснаас болоод тус намынхан дотооддоо нэлээд бужигналдаж, мөнгөний эрэлд гарсан аж. Тиймээс л тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулж чадаагүй удирдлагуудад хариуцлага хүлээл­гэж болно. Гэхдээ сонгуулийн үйл явц эхлэхэд нэг ч удаа гар, бие оролцоогүй хэрнээ сонгуулийн дараа хариуцлага хүлээлгэнэ, огцруулна, шинэчилнэ гэж буй нь зохимжгүй” хэмээсэн биз. Үнэхээр ч Ардын намын хөрөнгөтнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намдаа хандив өргөж, санхүүжилтынх нь асуудал дээр туслахын оронд сургууль соёлын мөр хөөх нэрээр гадаадад “дүрвэсэн”-д Ерөнхийлөгчийн сонгуулийн арын ажлыг нугалсан Г.Занданшатараас эхлээд бүх л хүн гомдолтой байгаа юм билээ. Гэхдээ Ардын намын хууччуул өөрсдийгөө “үнсэнд хаясан шалз” шиг хаягдсан гэдгээ нуухаар шийдэж,  “Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдэг үлгэрээр тэвчиж, өнөөг хүртэл явж ирсэн ч залуус нь ийнхүү бүхнийг тодорхой болгочихлоо. “Булавч бултайна. Даравч далдайна гэдэг байх аа”.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих