“Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа: Бадамгэрэл бид хоёрын хувьд муудалцсан зүйл огт байхгүй ч одоо хүртэл ирж уулзахгүй байгаад нь гайхаж л байна
“Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяатай ярилцлаа. Есөн жилийн өмнө “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж байгаа юм. Түүнтэй ажил, амьдралынх нь талаар дэлгэрэнгүй ярицсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Азийн модель агентлагаар сонин сайхан юутай байна даа. Амжилт бүтээл өндөр үү?
-Ойрдоо маш их ажилтай байна. Манай агентлагийн хувьд өнгөрсөн жилээс гадагшаагаа хандсан үйл ажиллагаанд их оролцож байна. Мөн манай агентлагийн загвар өмсөгч Балжидмаа маань Францийн нэртэй брэндийн нүүр царай болсон. Бид бүхэн Тайвань, Солонгос, Тайланд гэх мэт орноор яваад ирлээ. Тайландад үндэсний дизайнеруудын холбоотой хамтраад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулсан гэх мэт гадагшаагаа чиглэсэн ажлуудыг маш их хийж байна.
-“Азийн модель” агентлаг хүрээгээ тэлж гурван салбартай болсон гэж байсан. Үйл ажиллагаанд нь бас өөрчлөлт орсон уу?
-Тиймээ. “Азийн модель” агентлаг гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Урьд нь бид бүхэн зөвхөн моделийн чиглэлээр сургалт явуулдаг байсан. Харин одоогоор сургалтын цар хүрээгээ өргөжүүлж арай өөр сургалтууд явуулах ажилдаа орчихсон явж байна. Энэ талаар цаг нь болохоор дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
-Одоо явагдаж байгаа сургалтуудад хамрагдсанаар анхан шатандаа ямар, ямар зүйлийг сурч төгсдөг вэ?
-Манай урьд урьдны сургалтууд маань загвар өмсөгчийн хажуугаар анхан шатны гоо зүйн сургалтуудыг явуулдаг байсан. Мөн биеэ хэрхэн зөв авч явах, нийгэмд хувь хүн болж төлөвших, өөрийгөө бусдад хэрхэн яаж зөв илэрхийлэхэд нь туслах зорилготой. Ер нь иймэрхүү хичээл дунд сургууль, ахлах сургууль, их сургууль алинд ч ордоггүй шүү дээ. Энэ бүхэн ямар ч хүнд хэрэг болдог.
-Агентлаг гэхээр л тэнд өндөр хөөрхөн охид, хөвгүүд л байдаг гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэгэхээр дээрх сургалтууд ямар ч хүнд хэрэг болдог гэж хэллээ. Энэ сургалтанд ямар ч хүн хамрагдаж болно гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Манай анхан шатны сургалтанд маань өндөр байна уу, нам байна уу, тарган байна уу, туранхай байна уу, царайлаг байна уу, царай муутай байна уу гэдгээс хамаарахгүй бүх л хүмүүст “Welcome” болохоор энэхүү сургалтанд ямар ч хүн хамрагдах боломжтой.Харин дараа нь жинхэнэ модель болох боломжтой, чин хүсэлтэй бол моделийн шалгуурт тэнцээд үргэлжлүүлэн суралцах боломжтой.
-Загвар өмсөгч охид гэхээр л Улаанбаатар хотынх байдаг. Загварын агентлагын хувьд ч ялгаагүй хөдөө орон нутагт байдаггүй.Тэгэхээр хөдөө орон нутагт салбар нээе гэсэн бодол байдаг уу?
-Манай агентлаг сүүлийн үед яг энэ тал дээр түлхүү анхаарал хандуулж байгаа. Би бүхэн Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Архангай, Налайхад “гоо охин” тэмцээнийг зохион байгуулсан. Энэхүү тэмцээний ялагч нь “Мiss mongolia”–д оролцох эрх авдаг. Хэдийгээр “miss mongoliao” гэж байгаа ч Улаанбаатрын хэдэн агентлагын охидууд л оролцдог шүү дээ. Тийм ч учраас бид бүхэн иймэрхүү тэмцээн уралдааныг хөдөө орон нутгуудад цаашид ч зохион байгуулсаар байх болно гэж бодож байгаа.Манай агентлагийн Балжидмаа бол “Face of Mongolia” тэмцээний ялагч гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Сүүлийн үед маш амжилттай явж байгаа өндөр зэрэглэлийн загвар өмсөгчдийн тоонд орж байгаа. Балжидмаа маань анх Өвөрхангай аймгийн “ гоо охин” тэмцээнд ялагч болж гарч ирсэн.
-“Азийн модель” байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ?
-Анх 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор зургаан жил болсон байна. Тийм ч учраас олон жил зөвхөн загвар өмсөгч моделиудыг бэлддэг байсан бол одоогоор цар хүрээгээ өргөжүүлж сургалтуудаараа ч гэсэн олон талын мэдлэг олгох тал дээр түлхүү анхаарч байна.Загвар өмсөгч модель гэхээрээ л тайзан дээр гоё харагддаг биш бүх талаараа гоё сайхан байх хэрэгтэй. Жишээ нь тайзан дээр гоё байгаад ярьж чадахгүй байдаг талууд маш их ажиглагддаг. Тийм ч учраас манай агентлаг энэ тал дээр түлхүү анхаарах зорилго тавьж ажиллах болно гэж бодож байгаа. Зарим охидууд би загвараар л явна. Энүүгээр л хоолоо олж иднэ гэж боддог. Би шавь нартаа хэлдэг л дээ.”Загвар бол та нарын амьдрал биш шүү. Сайндаа л 25 юм уу 26 хүртлээ л загвараар явна. Тэрнээс хойш өөрийн мэргэжлээрээ л амжилт гаргах хэрэгтэй. Дан ганц загвараар явна гэдэг бол хэцүү. Харин үүнийгээ бизнес болгоод сургалт зохион байгуулаад явна гэвэл арай өөр л дөө. Тэрнээс биш зөвхөн дан ганц загвар өмсөөд амьдралаа залгуулна, энийг л сурчихвал бүх юм болно гэсэн өрөөсгөл ойлголттой байж болохгүй” гэдгийг шавь нартаа үргэлж хэлдэг.
-Сүүлийн үед загвар өмсөгчдийн нэр хүнд унаж байгааг та юунаас болж байна гэж ойлгодог вэ? Азийн модель агентлаг моделиуддаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Хүн болгон амьдралыг өөр өөр өнцгөөр хардаг шүү дээ. Нэг хүнээс болоод тэр чигээр нь хамруулж ойлгож болохгүй гэж боддог.Хүн бүрийн амьдралыг үзэх үзэл өөр байдаг учраас биеэ хэрхэн зөв авч явах нь тухайн хүний л ухамсар байдаг. Манай агентлагийн хувьд нэн түрүүнд эрүүл байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Мөн архи, тамхи хэрэглэхгүй байх шаардлагатай. Эрүүл ахуйн цэвэр байдлыг эрхэмлэж ариун цэврийг дээд зэргээр сахидаг байх хэрэгтэй. Арьсаа маш зөв сайн арчлаж, шүдээ эрүүл байлгах хэрэгтэй. Мөн ёс суртахуунтай байхаас эхлээд дараа үеийнхээ моделиудад зөв үлгэр дууриалал үзүүлдэг байх шаардлагыг тавьдаг. Түүнээс гадна агентлагийн нэр хүндийг унагахгүй байх, хэрэгт төвөгт орооцолдохгүй байх гэх мэтчилэн шалгууруудыг нэн түрүүнд тавьдаг.
-Олны танил бүсгүйчүүд чинээлэг бизнесмэнтэй нэр холбогдох нь элбэг байдаг. Таны хувьд, шавь нартаа энэ талаар юу гэж сургадаг бол?
-Тухайн хүний боловсрол, амьдрах чадвараас шалтгаалах зүйл. Боловсрол муутай хүний амьдрах арга нь хүртэл өөр. Тиймээс би охиддоо “Боловсролдоо анхаарч, хэнээс ч санхүүгийн хараат бус амьдрах хэрэгтэй. Ээж аавынхаа ивээлд байгаа дээрээ сайн боловсрол эзэмш” гэж захидаг. Гэхдээ сүүлийн үеийн охид тодорхой хэмжээний боловсролтой, оюунлаг болсон байна лээ.
-Багшаа гэж дуудуулах их сайхан байдаг байх. Багш байхын хамгийн сайхан тал нь юу байдаг вэ?
-Би агентлагаа байгуулахаас өмнө багшилдаг байсан болохоор багшийн үүргийг гүйцэтгэх тийм ч хэцүү байгаагүй л дээ. 2002 оноос эхлээд “lаdy “төвийн залуу моделиудын агентлагыг хамт байгуулаад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Тэр үеэс л багшлах ур чадварт суралцаж одоог хүрсэн байна. Багш байхын хамгийн сайхан тал нь тэд нараасаа маш их энергийг мэдэрч, тэмцээнд орж амжилт гаргахад нь өөрөө түрүүлсэн юм шиг л баярлаж, хэцүү үед нь ч мөн адил санаа зовдог.Ер нь багш гээд загнаж зэмлээд байхыг хүсдэггүй. Болж л өгвөл найз нь юм шиг ярилцаж, зөвлөгөө өгч, зааж сургахыг хүсдэг болохоор чанга хатуу багш байя гэж огт боддогүй.
-Азийн модель агентлагийн загвар өмсөгч Бадамгэрэлийг агентлагаасаа гарсан. Тэр ч байтугай та хоёрыг эв түнжин хагарсан гэх мэдээлэл гараад байгаа. Ямар шалтгаанаар гарсан юм бол гэдгийг асуухгүй өнгөрч чадахгүй нь.
-Би ямар шалтгаанаар гарсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Гэрлээ маань надад ажлаасаа гарлаа гэдгийг албан ёсоор хэлээгүй. Би Тайланд явахдаа хоёр сарын хугацаатай гүйцэтгэх захирлын гэрээ хийгээд Гэрлээд бүх ажлаа даатгаад явсан. Харин бид хоёр одоог хүртэл уулзалдаагүй л байна. “Face of mongoliao” тэмцээнд тайзны ард таараад л “ Хоёулаа ингэж уулзах байсан юм уу. Алив эгч нь үнсье” гэж л уулзсан. Тэрнээс гадуур яриад байгаа шиг бидний дунд ямарваа нэгэн үл ойлголцох ямар ч зүйл болоогүй. Би ер нь хүнтэй муудаад байдаггүй. Ямар ч асуудалд эвээр хандахыг хичээдэг.Саяхан Гэрлээ маань намайг Тайвань явахад “Содоо эгчээ бүх юм зүгээр шүү. Дүү нь удахгүй ирээд ажилдаа орно” гэж байсан. Харин одоог хүртэл уулзаагүй л байна. Гэрлээ маань агентлаг байгуулсан байна лээ. Тэглээ гээд надад албан ёсоор хэлсэн бол би юм хийж байгаа залуу хүнийх нь хувьд мэдээжийн хэрэг дэмжинэ үү гэхээс үгүйсгэхгүй шүү дээ. Яагаад одоо хүртэл ирж уулзахгүй байгааг нь гайхаад л байж байна. Миний хувьд хэзээ надаас ирж зөвлөгөө авах юм бол гээд л хүлээгээд байж байгаа учраас бид хоёрын харьцаа урьдынх шигээ хэвээрээ л байгаа гэдгийг танай сониноор дамжуулан хэлье. Мөн Гэрлээ маань ч гэсэн энэ ярилцлагыг уншаад албан ёсоор ирж уулзах байх гэж бодож байна. Одоо хүртэл бид хоёрын хийсэн гүйцэтгэх захирлын гэрээ маань байж л байна. Гэтэл тэрнийгээ цуцалсан ч юм байхгүй таг болохоор ингэж болдог юм болов уу, юу болсон юм бол гэж л бодогдохоос өөр зүйлийг хэлж чадахгүй байна. Миний хувьд Бадамгэрэлийг “Miss mongolia”-д орохоос нь эхлээд л тухайн үед шүүгчээр нь сууж дэмжиж байсан. Тэрнээс хойш хамтарч ажиллаад хаана ч явсан хамт гээд л сүүлдээ “эм хоёр загал” гэдэг нэр хүртэл авч байсан. Бидний хувьд багагүй хугацаанд хамтарч ажилласан болохоор надаас бас багагүй юм сурсан байх л гэж боддог. Тийм ч учраас эхлээд уулзъя гэж хэлэх хүн нь би биш гэж бодож байгаа.
-Загвар өмсөгч болох таны сонирхол байсан уу? Ер нь юу таныг загварын тайзруу юу хөтөлсөн бэ гэдгийг сонирхмоор санагдлаа.
-Би загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй. Учир нь 10 жилдээ өсвөрийн загвар зохион бүтээгчийн мэргэжлийн ангид сурдаг байсан болохоор загвар зохион бүтээгч л болно гэж боддог байсан. Мөн миний ээж их мундаг эмэгтэй л дээ. Намайг жаахан байхад ээж маань төгөлдөр хуурын багш болон хөдөлмөрийн багш хийдэг байсан нь загвар өмсөгч болоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Ээж маань надад дандаа хувцас оёж өгдөг байсан. Тухайн үед одоогийнх шиг хувцас тийм ч элбэг байдаггүй байсан учраас ээж маань байнга охиндоо маш гоё хувцас өөрөө оёж өгдөг байсан. Тийм ч учраас цагаан хурган шуба гэх мэт гоё, гоё хувцас өмсдөг хамгийн ганган дэгжин охин байлаа. Ээж маань намайг жаахан байхад охиныхоо хуримын туфлыг авчихсан гээд маш гоё цагаан туфль авчирч өгч байсан. Харин би нөгөө туфлийг нь 14-тэйдээ өмсөөд дуусгачихсан. Хамгийн анх 14 настайдаа л “Шилмэл” загварын Дунгаамаа багшийн дамжаанд бүртгүүлж орж байсан. Тухайн үеийн мундаг загвар өмсөгчид Байгаль, Хосцэцэг эгч нарынхаа шавь болж орж байлаа. Энэ үед загвар өмсдөг байсан гоё, гоё эгч нарыг хараад энэ эгч нар шиг болох юмсан гээд л мөрөөддөг байлаа. Намайг анх загварын тайзанд хөл тавьж байх үеийн загвар өмсөгчид маш сайхан үлгэр дууриалал болдог мундаг эмэгтэйчүүд байдаг байсан. Одоогийнх шиг архи ууж, тамхи татдаггүй, муухай үг хэллэг хэлдэггүй маш гоё үлгэр дууриалал үзүүлдэг байсан учраас энэ ертөнц ийм гоё юм байна гэдгийг олж харж загварын ертөнцөд хөл тавьсан.
-Таны хувьд загварын ертөнцөд өөрийн дүр төрхийг үлдээж чадсан загвар өмсөгчдийн нэг гэхэд хэн ч маргахгүй. Харин загвар өмсөгч болгон “Топ модель” гэсэн алдрыг битүүхэндээ хүсэмжилдэг шүү дээ. Таны хувьд …
-Манайд топ модель болоогүй ч гэсэн, сайн загвар өмсөгч олон байдаг шүү дээ. Д.Эрдэнэтуяа эгч л гэхэд олон жил загвар өмсч, шавь нараа бэлтгэлээ гээд топ болох гэж зүтгээгүй. Топ модель мөрөөдөх эсэх нь тухай хүний үзэл бодлоос хамаарна. Энэ чинь зөвхөн “Гоёл” наадмын нэг шалгаруулалт шүү дээ. Энэ наадамд оролцсон загвар өмсөгчид л шагнуулах боломжтой. Түүнээс биш, олон жилийн хөдөлмөр, туршлагаараа ялгарах аргагүй. Би “Гоёл-2004” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж байсан. Үүнээс хойш загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно” улайрч яваагүй.
-Найруулагч хүмүүс гудамжинд явж байхдаа ч киноны дүр төрхөө хайж байдаг. Харин загвар өмсөгч, багш хүний хувьд өвөрмөц дүр төрхийг бас л харж явдаг байх.
-Тэгэлгүй яахав. Гудамжаар ч зүгээр явахгүй шүү дээ. Микронд кондуктор хийгээд явж байгаа охин хүртэл хөөрхөн харагдаад энэ охиныг загварт оруулах юмсан, эсвэл дэлгүүрт орж ирсэн хөөрхөн бандийг хараад л модель болгочих юмсан гээд л байнга л хүн харж, хайж явдаг. Ямар сайндаа өөрөө очихоос санаа зовоод л та очоод хэлээд өгөөч гээд л ээжээсээ гуйдаг юм.
-Сүүлийн үед гоо сайхны косметик хагалгааг ямар ч хүн чөлөөтэй хийлгэдэг болсон. Зарим нь буруутгаж зарим нь зөв гэдэг. Харин таны хувьд юу гэж боддог вэ?
-Би огт буруутгадаггүй. Яагаад болохгүй гэж. Хийлгэсэн хүмүүсийг хараад гоё болсон бол сайхан үгийг харамгүй хэлдэг. Охидууд маань ч гэсэн энэ тал дээр надаас маш их асуудаг учраас энэ чинь гоё байна хэрэггүй, тэрийгээ тэгчихвэл зүгээр юм уу гээд л зөвлөдөг. Гэхдээ миний хувьд хийлгэсэн нэг ч зүйл байхгүй. Харин ирээдүйд би хийлгэхийг үгүйсгэхгүй. Хүн яг өнөөдрийнх шигээ байхгүй шүү дээ.Мэдээж нас явна, хөгширнө тийм ч учраас байж болно гэж боддог.Бид чинь эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Өөрт таалагдахгүй зүйлээ гоё сайхан болгож өөртөө анхаарал тавих нь юу нь буруу гэж. Ер нь нэг үеэ бодвол энэ талын шинжлэх ухаан их хөгжиж байгаад би их баярладаг. Миний нэг шавь хүртэл яг энэ мэргэжлээр сурдаг. Тэгээд надад “Би сургуулиа төгсөөд, багшийгаа үргэлж иймээр нь байлгана. Хөгшрүүлэхгүй гээд ам тангараг өгчихсөн байгаа шүү.
-Хоёулаа ярианы сэдэвээ жаахан өөрчилье. Үнэхээр энэ их ажлын хажуугаар охиндоо хэр цаг зав гаргаж чадаж байна вэ? Мөн эх үрсийн баяраар хэрхэн баярласан бэ?
-Эх үрсийн баяраар охин бид хоёр бүр хавтгай баярласан.Баяр маань тавдугаар сарын 28-наас эхлээд гурван хүртэл үргэлжилсэн. Сүүлдээ охиныхоо явдлыг дийлэхгүй найз, ээж хоёртоо өгөөд “аваад яв “гээд явуулсан. Миний охиныг надаас дутахгүй хайрладаг, бас бэлгээр булдаг найзууддаа охиныхөө өмнөөс баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Баярлалаа гэж хэлж чадахгүй л бэлгийг нь аваад байдаг.
-Таны охины хувьд гурван настай байхаасаа л “барби мисс” тэмцээнд түрүүлж байсан. Олон хүмүүс өхөөрдөж аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн хөөрхөн охин гэдэг юм билээ. Загвар өмсөгч болно гэж байна уу?
-Миний охин бага байхдаа “барби мисс” тэмцээнд маш амжилттай оролцсон. Дараагийн насны ангилал гарах гээд байхад тайзан дээр нь зогсоод буудаггүй шүү. Тэгээд титмийг нь авч байж буусан. Миний охин хар нялхаасаа л моделиуд дунд өссөн дөө. Тухайн үед ээж маань ажилтай харах хүнгүй байхаар ажил дээрээ аваад ирдэг байсан. Миний хэдэн шавь нар тэвэрч өсгөсөн гэхэд болох байх. Охин маань одоохондоо загвар өмсөгч болно гэж шийдэх нас нь хараахан болоогүй байна л даа. Гэхдээ ямар ч байсан ирээдүйд охиныхөө өөрийнх хүсэл сонирхлыг л дэмжинэ.
Таны тухай бичсэн таагүй шар мэдээнд хэрхэн ханддаг вэ?
-Би ер нь миний тухай бичсэн үнэн, худал мэдээлэлд тэр бүр ач холбогдол өгөөд хөөцөлдөөд байдаггүй. Харин хамгийн эмзэглэж сэтгэлийг маань сэвтүүлсэн зүйл бол бол Нэг сонинд гарсан аавыг минь хүнд хутгалуулж амь насаа алдсан гэсэн мэдээг уншаад үнэхээрийн их эмзэглэсэн. Миний аав их сургуулийн багш, доктор хүн л дээ. Аав маань өвчний улмаас мөнх бусыг үзүүлсэн байтал хүнд онц хэрцгийгээр хутгалуулж амь насаа алдсан утгатай мэдээ бичээд эхний нүүрэндээ гаргасан байсан. Энэ бол үнэхээр ажлын хариуцлагагүй байдал шүү дээ. Өнөөдөр олон мянган шавьтай аавын минь хувьд тэр бүх шавь нар тэгж л өнгөрсөн гэж ойлгож байгаа. Тийм мэдээнээс болоод хэдэн хүн сэтгэл санаагаар хохирсон бол гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Миний гэр бүл, хамаатан садан, аавын минь шавь нар аймшигтай худлаа бичсэн энэ мэдээнд үнэхээр их гомдолтой байгаа. “Ийм аймшигтай худал мэдээ гаргачихаад одоог хүртэл надаас уучлалт гуйж, залруулга гаргаагүйд би болон миний ээж, гэр бүл маань гомдолтой байна. Энэ талаар холбогдох газар нь хандаж хариуцлага тооцож арга хэмжээ авна гэдгээ хэлмээр байна” Миний эмээ маань бас саяхан бурхны оронд очсон. Гэтэл аавын минь тухай гарсан энэ мэдээнд “Миний муу хүүг ингэж бичих дээ яахав дээ” гээд эмээ минь уйлж байсан. Энэ бүх хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн энэ аймшигтай мэдээнд би маш их годмдолтой байна.
Саяхан цахим сайтуудаар “Содтуяагийн сонголт” гэсэн гарчигтай таны гадаад залуутай хамт явж байсан зураг тавигдсан байсан. Сүүлд тэр хүнийг дэлхийд нэртэй мундаг загвар зохион бүтээлч гэж сонссон.
-Тэгсэн байна лээ. Хенри Хьюберт бол францийн загварын нэртэй стилист хүн шүү дээ. Манай агентлагт манай хөвгүүдэд багшилж байсан. Тухайн үед банди нар маань байхгүй би оффис руу таксинд суулгаж өгөх гээд л хамт гарсан юм. Хаанаасаа ч гарч ирээд тийм зураг авчихсан юм бүү мэд. Гэхдээ тийм мундаг хүнийг хэн ч биш нэг хар залуу болгож надтай холбохын оронд францийн шүтээн байсан ийм мундаг стилист хүн Монголд ажиллаж байна гэдэг сайхан талаас нь бичсэн бол арай илүү хүнд хүрэх байсан байх. Гэтэл надтай холбож Содоогийн сонголт гэсэн байсныг уншаад зүгээр л инээд хүрээд өнгөрсөн. Тэр хүний хувьд Вьетнамын топ модель найз бүсгүйтэй.
-Зун цаг болчихсон болохоор ч тэр юм уу. Хотын гудамжаар хосоороо алхах залуус их харагдаж байна. Таны хувьд болзоонд хэр уригдаж байна даа.
-Зун болчихсон бил үү. Даараад л байна шүү. /инээв/Болзоонд огт явахгүй байгаа гэж худлаа яриад яахав. Залуу хүн учраас болзоо байлгүй л яахав. Гэхдээ миний хувьд маш завгүй байдаг учраас ихэнх тохииолдолд “No”гэдэг хариулт өгөхөөс өөр аргагүй байдаг. Найзуудтайгаа хүртэл уулзаад сайхан ярилцах юмсан гэж үнэхээр их бодогддог.
-Таны хувьд залуу байна. Гэр бүл зохиох тухай боддог л биз дээ.
-Мэдээж бодолгүй яахав. Би залуу хүн. Гэхдээ хэзээ болохыг нь хэлж мэдэхгүй байна. Хэн ч хувь тавилангаа хэлж чадахгүй учраас өнөөдөр болоогүй гэж байгаа ч маргааш болчихсон явж байхыг үгүйсгэхгүй. Эсвэл хэдэн жилийн дараа ч энэ хэвээрээ байхыг хэлж мэдэхгүй шүү дээ.
Хааяа ганцаардах үе гардаг л байх….
-Би ер нь бараг л ганцаарддаггүй. Миний охин надад тийм боломж олгодоггүй. Өдөржингөө ажилтай ядраад гэртээ очихоор охиноо хараад л ядаргаа тайлагддаг. Ер нь хүн хийх юмгүй завтай байхдаа л ганцаарддаг гэж боддог. Миний хувьд өдөртөө охидуудынхаа дунд байж багшийн үүргийг гүйцэтгэдэг бол ажлаа тараад гэртээ очихоор ээжийн үүргийг гүйцэтэгэсээр ганцаардах цаг ,зав огт гардаггүй.
-Таньд ямар залуус таалагддаг вэ? Энэ асуултыг асуухгүй бол олон залуус гомдох байх.
-Надад боловсролтой, зоригтой, зорилготой залуус таалагддаг. Амьдралын зорилготой түүндээ хүрэхийн тулд чин шудрагаар хөдөлмөрлөж чаддаг тийм залуусыг би хүндэлдэг.
-Таныг их зоригтой хөдөлмөрч бүсгүй гэдэг юм билээ.Таньтай ярилцаад сууж байхад баргийн юманд шантарч бууж өгөхөөргүй их эрч хүч мэдрэгдэж байна.
-Баярлалаа. Би ер нь ямар ч зүйлийг нойлоос нь эхлэх дуртай.Уулын оргилд хүрэхийн тулд доороос нь авирч байж л өндөрт гардаг. Тэрнээс шууд оргилд нь гарсан хүн буцаад буух замаа ч мэддэггүй. Амьдрал гэдэг эрээнтэй бараантай л байдаг. Өнөөдөр гомдовч маргааш баярладаг энэ л амьдрал шүү дээ. Мэдээж хүн л юм чинь хааяа баярлана, гуниглана харин тийм үед охин минь надад эрч хүчийг өгч, урам зоригоор тэтгэдэг учраас баргийн зүйлд гутраад гуниглаад байдаггүй.
Ярилцсанд баярлалаа
З.Одончимэг
URL: