Ард түмнийхээ өмнө тангараг өргөхийг дэмжив

УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дэгд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлаад байгаа. Уг тогтоолын төслөөр Ерөнхийлөгч Төрийн ордны өмнөх Их эзэн Чингис хааны өмнө гарч, бүх ард түмнийхээ өмнө тангараг өргөхөөр зохицуулагдаж байгаа юм. Уг тогтоолын төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцээд, зарчмын хувьд дэмжсэн байна. Өнөөгийн мөрдөж буй хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхимд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаадын дипломат төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхний өмнө тангараг өргөдөг. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг баталбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэхийн сацуу ард түмний эх оронч, улс үндэстнээрээ бахархах сэтгэлийг өдөөх ач холбогдолтой. Ардчилсан намын бүлгийн гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ УИХ-ын чуулганы хуралдаанаар нухацтай хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Н.Түвшин /eagle.mn/


URL:

Сэтгэгдэл бичих