Оюутолгой оффшор бүсийг “Тэтгэх” үү?
Татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцлийг хэн бүхэнд санал болгож буй нутаг дэвсгэрийг оффшор бүс хэмээдэг. “Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас хулгайлж зувчуулсан 11 тэрбум ам.доллар оффшор бүсүүдэд хуримтлагджээ” гэж эдийн засаг, улс төр судлаач Х.Болорболд тэмдэглэжээ.
Төрийн томоохон албан тушаалтан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын компаниуд наанаа хэдхэн тэрбумын хөрөнгөтэй хэмээн мэдэгдээд цаанаа хилийн чанад дахь оффшор дансандаа хэдэн их наяд “ногоон” үүцэлсэн байх нь элбэг. Ийм болохоор дэлхийн цөөнгүй улсуудад парламентчдаа эл гүйлгээнээс хол байхыг шаардсан хууль тогтоомжууд гарсаар байна. Тухайлбал, хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин ДУМ-ын гишүүдийг оффшороос хол байхыг хатуу сануулаад байна. Харин манай улсад үүнийг хориглож хаацайлсан хууль дүрэм хангалттай байхгүй үүний эсрэг ч уриалсан зүйл алга.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БА ОФФШОР ДАНС
Анхны экспортоо хийнэ хэмээн дэлхий дахинд сүржин зар тараасан Оюутолгойн дуулиан өнгөрсөн сарын 21-нд хоёр дахиа хойшиллоо. Уг нь “Рио тинто”-чууд өнгөрсөн сардаа багтаан Монголын говиос алт, зэсийн экспортоо эхлүүлнэ хэмээн барууны томоохон зээлдэгчдэдээ амлаад байсан юм. Ийнхүү Оюутолгой гацсаны учир нь “Рио тинто” Монголд мөнгөө үүцлэхээс татгалзаж, өөрсдийн оффшор дансандаа байршуулахаар шийдээд байгаатай холбоотой.
Гэвч “Рио тинто” энэ тухайгаа “Монголын Засгийн газрын хүсэлтээр бид экспортоо хойшлуулсан. Бүр тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөж байж эхлэхээр болсон” хэмээн тайлбарлав. Харин Уул уурхайн яам үүнийг нь үгүйсгэж ““Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас шалтгаалсан. Ингэснээр “Оюутолгой” дахь анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн асуудлууд хүлээгдсээр байгаа” гэв. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар болчихоод байгаа ч одоо хэр нь үүнийгээ батлуулаагүй байна.
“Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо оффшор бүс дэх данс руугаа шилжүүлэхээр зэхэж буйг Уул уурхайн яамны мэдээлэлд дурдсан байлаа. Гадаадын хэвлэлүүдийн онцолж буйгаар “Рио тинто”-гийн энэхүү шийдвэр тийм хурдан өөрчлөгдөхгүй нь. Энэ тухай “mining.com”-д өнгөрсөн сарын 17-нд “Оюутолгойн 34 хувийг Монголын тал эзэмшдэг бөгөөд “Рио тинто” нийт хөрөнгө оруулалтын хоёр тэрбум ам.доллараас илүү санхүүжилтийг бүрдүүлээд байна. “Рио тинто” Монголын талтай тохиролцоонд хүрч чадахгүй бол бүтээн байгуулалтаа зогсоох нөхцөл байдалд байгаа юм. Одоогоор энэ ордын төсөв урт хугацаагаар бус сар сараар төлөвлөгдсөөр ирсэн билээ” хэмээн мэдээлсэн байлаа.
МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 5.5 ХУВЬД ХҮРНЭ ГЭВ
“2009 онд эхэлсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаарх томоохон маргаантай Монголын бодлого боловсруулагчид нүүр туллаа. Өнгөрсөн жил тус улсын эдийн засаг 12 хувиар өсч, 2011 онд 17 хувиар “өгссөн” нь Бээжингийн эрэлт идэвхтэй байсны үр дүн юм” хэмээн “Ройтерс” өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Монголын хөрөнгө оруулалтын банкны группээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ эдийн засаг энэ онд 5.5 хувьд хүрч буурна гэсэн байлаа. Яагаад гэвэл Оюутолгой төлөвлөгөөнийхөө дагуу экспортоо эхэлж чадалгүй удааширч буй нь энэ бүхэнд нөлөөлнө хэмээн тэд тайлбарласныг “Ройтерс” бас мэдээлж байгаа юм. Харин “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар Оюутолгойн хөрөнгө оруулалт энэ хэвээр яваад байвал Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд өсөх аж.
АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ “ӨӨДЛӨХГҮЙ”
Өчигдөр Улаанбаатарын 11.56 цагийн байдлаар нэг унци /10.35 гр/ алт 1234 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээллээ. Харин нэг тонн зэсийн үнэ Лондоны металлын биржид 7200 ам.долларын ханштай байлаа.
Тэгвэл хоёр жилийн өмнөхийг эргэн саная. 2011 оны зургадугаар сарын зургадугаар сарын 31-нд нэг тонн зэсийн үнэ Лондоны металлын биржид 9600 ам.долларын ханштай байжээ. 2013 он гарснаас хойш энэ металлын үнэ хоёрдугаар сарын 28-нд анх удаа 8000 “ногоон”-ы босго давсан бол түүнээс хойш “өөдөлсөнгүй”. Алтны хувьд ч ялгаагүй 2011 онд 2000 ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид таамагласан бол энэ оны эхнээс авахуулаад бас л олигтой “өгсөөгүй” билээ. Цаашдаа ч металлуудын ханш, олборлолт ч худалдаачдын хүлээж буй шиг эерэг хандлагатай байхгүй хэмээн эдийн засагчид үзэж байна.
Ж.ЦОГЗОЛМАА
/Зууны мэдээ/
URL: