АНУ дахь хууль бус цагаачдын мөрөөдлийн хууль
АНУ-д өдгөө 11 сая шахам хууль бус цагаач амьдардгаас 10 гаруй мянга нь манай улсын иргэд билээ. Чухам хууль бус цагаачид хамгийн хүнд бэрх, цалин багатай ажлыг нугалсаар дэлхийн тэргүүлэгч энэ гүрний хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Тэгвэл хуулиас гадуур бор зүрхээрээ амьдарсаар ирсэн тэдний хүсэн хүлээж удсан, “DREAM Act” буюу Мөрөөдлийн хууль ойрын хугацаанд хүчин төгөлдөр болох магадлал их байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан энэ хуулийн төсөл олон бартааг даван туулж, эсэргүүцэгч талд багагүй буулт хийн эхний хувилбараасаа илүү хатуу болсон хэдий ч тус улсын парламентын дээд танхим Сенатын дэмжлэгийг авч чадлаа. Сенатын 68 гишүүн Мөрөөдлийн хуулийг дэмжиж, 32 нь эсрэг санал өгчээ. Одоо энэ хуулийн төслийг парламентын Төлөөлөгчдийн танхим хэлэлцээд батлах эсэхээ шийдэх үлдээд байна.
Сенатын санал хураалтын дараахан Барак Обама мэдэгдэл хийхдээ, “Хууль бус цагаачдын хувь заяаг шийдэх энэхүү хуулийн төсөлд иргэн болох хөнгөвчилсөн заавар журмаас гадна улсын хилийн хамгаалалтыг эрс нэмэгдүүлэх заалтууд тусгагдсан билээ. Өнөөдөр Сенат өөрт ногдсон үүргээ гүйцэтгэлээ. Одоо Төлөөлөгчдийн танхим мөн адил алхам хийх үлдээд байна” гэжээ.
Сенатын энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгчөөс гадна Мексикийн Гадаад явдлын яам сайшаан хүлээн авсан мэдэгдэл гаргаж, “Шинэ хуулийн төсөл АНУ-д хөдөлмөрлөж буй манай улсын сая сая иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй” гэсэн байна.
Хэдий тийм ч тус хуулийн төслийг батлуулахыг зорьж буй Ардчилсан намынхны баярын уур амьсгалыг Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бонерийн хэлсэн үг эвдсэн гэх. Ж.Бонер Сенатад санал хураалт эхлэхээс өмнөхөн хууль бус цагаачдын тухай олонхийн санаа бодолд нийцсэн өөрийн гэсэн хууль боловсруулахыг Бүгд найрамдах намынхандаа уриалжээ.
Бүгд найрамдах намынхан спикерийнхээ уриалгыг дэмжвэл Мөрөөдлийн хуулийг батлах явдал тодорхой бус хугацаагаар дахин хойшлох нь тодорхой юм. Тус намынхан цагаачлалын шинэчлэлийн асуудлыг улсын хилийн хамгаалалтыг эрс сайжруулахтай заавал холбон авч үздэг билээ. Түүнчлэн тус намынхан визний хугацаа нь дууссан гадаадын бүх иргэнийг АНУ-аас албадан гаргахыг санал болгосоор ирсэн юм.
Гэхдээ Бүгд найрамдах намын дотор цагаачдад иргэншил олгох асуудлаар нэгдмэл нэг байр суурь байхгүй билээ. Ж.Бонерийг уриалгаа хэлж байх үед Сенат дахь нэг намынх нь гишүүн М.Рубио Мөрөөдлийн хуулийг дэмжсэн үг хэлсэн нь үүний нотолгоо.
Флорида мужаас Сенатад сонгогдсон М.Рубиог 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших өндөр магадлалтай улстөрч гэж үздэг аж. Кубын цагаачдын гэр бүлээс гаралтай түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг байнга дэмждэг Латин Америкаас гаралтай иргэдийн саналыг өөртөө татах боломжтой гэдэг юм.
Мөрөөдлийн хууль батлагдсанаар Ардчилсан намынхан дэмжигчдийн тоогоо даруй 11 саяар нэмэгдүүлэх нь тодорхой. Иймд Бүгд найрамдахчууд өөрсдийн имижээ эрс өөрчлөх асуудалтай тулгараад байгаа билээ. М.Рубио хэлсэн үгэндээ, “200 гаруй жилийн тэртээгээс цагаачид Америкт эрх чөлөө хүсэмжлэн ирэх болсон. Тэдний дийлэнх нь эрх чөлөөнөөс гадна гэр бүлээ тэжээх ажилтай болох гэж ирдэг байсан юм” гэжээ. Тэрээр жишээ болгон 21 жилийн өмнө Кубаас гэр бүлээрээ завиар зугтан АНУ-д ирсэн Астрид Сильвагийн амьдралын тухай ярьсан юм. “Мөрөөдлийн хууль Астрид шиг паспортгүй л болохоос бусад бүх талаараа америк хүн болсон олон сая хүнд манай нийгмийн бүрэн эрхт гишүүн болоход нь туслах билээ”гэжээ.
Ер нь АНУ-д шинэ зуун гарснаас хойш цагаачлалын тухай хуулиа шинэчлэх хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн юм. Цагаачлалын хуулийг шинэчлэхийг ялангуяа бизнесийн төлөөлөл ихээр дэмжсээр иржээ. Тэд гадаадын хямд төсөр ажлын хүчийг ашиглах нь АНУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтойг үргэлж цохон тэмдэглэдэг юм.
Барак Обамагийн мөрийн хөтөлбөрт Мөрөөдлийн хуулийг батлах амлалт чухал байр эзэлж, Латин Америкаас гаралтай иргэдийн дэмжлэгийг татсан билээ. Хуулийг батлахын тулд Ардчилсан намынхан цөөнгүй буулт хийж байгаа энэ. Ганцхан жишээ хэлэхэд, тэд сөргөлдөгч намын шаардлагаар АНУ-ын өмнөд хилийг чангатган хилчдийн тоог 19 мянгад хүргэн үүнд зарцуулах төсвийг 30 тэрбум ам.доллараар нэмэхэд хүрсэн юм.
Иймэрхүү буулт хийсний ачаар л тэд Төлөөлөгчдийн танхимд олонхи болсон Бүгднайрамдахчуудын саналыг татан хуулийн төслийг эцэслэн батлуулж чадах аж. Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг батлавал Ерөнхийлөгч Барак Обама нэг ч минут эргэлзэлгүй Мөрөөдлийн хуульд гарын үсгээ зурах нь тодорхой.
Ийнхүү АНУ-д ажиллаж, амьдарч буй хууль бус орон орны, тэдний дотор Монголын цагаачдын хувь заяаг шийдэх Мөрөөдлийн хууль хэрэгжиж эхлэхэд ганцхан даваа үлдээд байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: