Цагдаагаас хүчтэй ТV8

tv8_logoЧингэлтэй дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн 1000-ын нэгэн гудамжинд үл мэдэгдэх хүмүүс шөнө дөлөөр хог хаяад алга болжээ.

Хашааных нь хажууд уул овоо шиг хог байгааг өглөө нь харсан буурал өвгөн түрдэг тэрэгний мөрөөр мөшгөсөөр хогоо хашаанаасаа гаргаж хаядаг бэртэгчинг бариад авчээ. Бас болоогүй ээ, хорооны хогны байцаагчийг ч дууджээ. Хогны байцаагч, өвгөн хоёр нийлээд бэртэгчинг хогоо буцааж авахыг шаардсан ч хөдлөхгүй байв гэнэ. “Цагдаа дуудна, цагдаад өгнө” гэж хэлж үзжээ, айсангуй. Орой боллоо, гэрийнх нь гадаах орчин ч гэсэн дэлхий ээж нь, гэр нь гэдгийг ухамсарладаггүй бэртэгчингээр хаясан хогийг нь яаж цэвэрлүүлэх вэ гэж өвгөн бодолхийлж суусаар.
Телевизийн суваг эргүүлж суутал “Сэтгүүлчийг камертай нь дууд, ТV8″ гэсэн үгнүүд толгойд нь зурсхийж. Тэгэнгүүт өвгөн “Маргааш өдрийн 12.00 цагаас өмнө хогоо авахгүй бол ТV8 дуудлаа шүү” гэж бэртэгчин лүү утас цохижээ. Цагийн дараа гараад хартал хог алга, дутуу хамаад явсныг илтгэх хөөсөнцөр, гялгар уут энд тэнд халтайж харагдаж. Өвгөн дахиад утас цохижээ, “Гүйцэд цэвэрлэхгүй бол ТV8 дуудаж, телевизээр гаргуулна шүү” гэж. Ингэж ярьснаас хойш цагийн дараа үлдэгдэл хог ч алга болжээ. Гудамж ч хуучных шигээ цэвэрхэн болсон байна.
Цагдаа, хуулийн байгууллагад хандаад ч асуудал нь шийдэгдэхгүйн улмаас эрх ашиг нь хохирч арга нь барагдсан, бухимдсан иргэд ТV8 дуудаж, телевизийн сэтгүүлчид ч иргэдийн дуудлагын дагуу өдөр шөнөгүй явж, мэдээлэл бэлтгэсээр хэдэн жилийн нүүрийг үзсэн. Үнэхээр бусад телевизээс сайн явдаг нь анзаарагддаг юм. Тэр хэрээр “Сэтгүүлчийг камертай нь дууд… Дуудлагын утас:1952″гэсэн үгс иргэдийн тархинд хоногшсон бололтой. Заримдаа иргэдийн сүүлчийн найдвар нь үнэхээр 1952 байдаг. Хайлаастын нэгэн банкнаас өндөр настай эмээ хүний хөгжлийн мөнгөө автал 20 мянгатын дэвсгэрт хуурамч байсан ч банкныхан сольж өгсөнгүй. Эмээ арга буюу Тv8 дуудсанаар банкныхан мөнгийг сольж өгснийг нэгэн удаа үзэж байлаа. Бас “Хойт айл бохир усаа гудамжинд асгаад байна” гэсэн иргэний мэдээллээр очиж муу ус, хог хаягдлаа хашаанаасаа л зайлуулж байвал болоо гэж боддог бэртэгчин зантай айлыг сурвалжилж байсныг санаж байна. Энэ мэтээр буруутныг айлгаж, буруу зөвийг ялгаж сурвалжилдаг “Сэтгүүлчийг камертай нъ дууд…” мэдээллийн буланг иргэд сайн үздэг ажээ. Муу юм хийдэг хүмүүс цагдаагаас айдаггүй мөртлөө ТV8-аас чацга алдах дөхдөг нь инээдтэй ч юм шиг. Болж л байна. Иргэдтэй цуг байгаарай ТҮ8.

Ц.ШИЖИР

/Өдрийн шуудан/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих