Наадмын сорилго барилдаанд начин Б.Батмөнх түрүүлэв
Улсын наадмын өмнө болдог наадмын сорилго барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Баяр наадмын өнгө, бөхчүүдийн бяр хүчийг шинждэг сорилго барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, улсын начин Ж.Отгонбаяр, Н.Батзаяа нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх барилдсанаас Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ИНЕГ-ын бөх, улсын начин Б.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тэс сумын харьяат, “Завхан” дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ Ази майнинг” группийн бөх, улсын начин Л.Нямсүрэн үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Пума” группийн бөх, улсын заан Ц.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс, “Макс” группийн бөх, улсын начин Б.Сангисүрэн нар үлджээ.
Улсын начин Л.Нямсүрэнгийн хувьд энэ жил өнгөтэй сайн барилдаж байгаа тул түүнийг цол ахих болов уу, эсвэл цолоо батлах байх гэсэн наадамчин олон итгэл тавин хүлээж суугаа аж.
Нийгмийн толь
URL: