“У.Хүрэлсүхгүй” шинэчлэлийнхэн наадмын дараа бужигнуулна

МАН-ын залуус шинэчлэл хийх “X”төлөвлөгөөндөө орчихож. Одоогоор тус намын 28 гишүүн “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг дэм­жиж гарын үсгээ зурчихаад байна. Эцэст нь 2013 оны зургаадугаар сарын 28 гэснийг бодоход “ялагдлын маргааш”-ийн эмоци гэж хэлж болохоор. Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон Б.Бат-Эрдэнэ гишүүн хүртэл энэхүү шинэчлэлийн төлөөх хөдөлгөөнд нэгдэхээр гарын үсэг зурснаас харахад үнэхээр МАН “болохоо байчихсан” бололтой. Гэвч дээрх гарын үсгүүдээс харахад үгүйлэгдэх хүн цөөнгүй аж. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, нарын өөрсдийгөө “цэвэр” гэж дүгнэдэг, намаа шинэчилж “гоё” болгохыг хүсдэг олон залуус бий.  МАН-ын генсекээр эрч хүчтэй ажилласан ч УИХ-ын сонгуулид ялагдал хүлээсэн хүнд цохилтын дараа хариуцлага хүлээж ажлаа өгөөд, гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхэд ч энэхүү шинэчлэл хамаатай.

 

Түүн шиг “улаан хамгаалагч”, хурц иртэй, омог шартай, нэр хүндээ шаварт хутгахаас ч ичихгүй этгээд эр зоригоор намаа хамгаалах залуус “Шинэчилье” хөдөлгөөнд бий гэж үү.

У.Хүрэлсүхийн хувьд Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр ажлаа өгсөн хүний хувьд ч тэр үү, алсад суугаа болохоор ч тэр үү твиттер хуудаснаа “ретвийтчин” хийхээс өөрөөр тод харагдаагүй. Мөн нутгийн ах Б.Бат-Эрдэнэтэйгээ “ноцолдож” байх агшнаа “Ханилж явахад уул шиг түшигтэй халхын их аварга” гэсэн тайлбартайгаар цахим хуудсандаа нийтэлсэн нь анхаарал татсан. Гэвч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынхан өгөгдсөн нөхцөлд боломжийн амжилт үзүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үүнд Канадаас С.Баяр, БНСУ-аас У.Хүрэлсүх нарын зөвлөгөө, “үл үзэгдэх гар”-ууд ч багагүй тус болсон биз.

Ер нь МАН, АН-ынхны хувьд УИХ-ын сонгуульд ялагдахаараа гадаадад суралцаж тархиа цэнэглэдэг. Эргэж ирээд сонгуульд өрсөлддөг. Үлдсэн хэд нь намаа шинэчлэх ажил дээр “унадаг” юм. Төлөвлөсөн ёсоор одоо МАН-ынхан шинэчлэлийн ажилдаа ханцуй шамлан орно. Тэр тусмаа наадмын дараахан МАН-ын Бага хурлыг намар есдүгээр сард  их хурлаа зарлан хуралдуулж дорвитой өөрчлөлт хийхээр зэхэж байгаа аж. Мэдээж энэ шинэчлэлийг хийхийн тулд гишүүд, дэмжигчдийнхээ, цаашилбал хандивлагчдынхаа болон олон нийтийн итгэл үнэмшлийг олж авах нь тэдэн хамгийн үнэ цэнтэй. Тийм ч учраас “нэр цэвэр, гар цэвэр” хүмүүсээр хөдөлгөөнөө өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Яагаад гэвэл МАН-ыг шинэчлэгдэнэ гэхээс илүү шинэчлэгчдэд нь итгэх хэрэгтэй байгаа юм.

Яг л одоогийнх шиг УИХ-ын 1996 оны сонгуулийн ялагдлын дараа энэ намыг шинэчлэх гэж янз бүрийн онолоор оролдсоор 2000 оны ялалтад хүргэсэн одоогийн удирдлагуудыг газар дор ортол муулах аргагүй. Гэвч өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд арай л урт ноёрхож, “олон хүн сайнтай, муутай” гэгчээр тэр бүр цэвэр байгаагүй. Тиймээс одоо шинэчлэх цаг нэгэнт болсон. Одоогийн МАН-ын Удирдах зөвлөлийнхөн ч удаа дараагийн ялагдлын дараа ургаа хад мэт суугаад байхгүй биз. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Тэгэхээр наадмын дараа юм, юм л болох юм даг уу даа. Харин үүнд МАН-ыг шинэчлэгч байсаар ирсэн У.Хүрэлсүх хэрхэн оролцох бол. Тэр хууччуул уу, эсвэл шинэчлэгч үү. Тун удахгүй эргэн ирж “Ингэж шинэчилдэг юм” гээд харуулах биз ээ гэж хүлээх хүн цөөнгүй байгаа бололтой. Эс тэгвээс “хал үзэж хашир суусан”, энэ намын жаргал зовлонг үзсэн хүн л шинэчлэлд гар хүрэх ёстой гээд гэдийчих хэсэг Бага хурлын гишүүд дунд цөөнгүй байгаа аж. Хэрэв УИХ-ын сонгуулийн дараахан дуулдаад байсан шиг МАН дотроо 4-5 фракци болж хуваагдаад байгаа нь үнэн бол шинэчлэгчид хоорондоо хагаралдаж огт болохгүй. Тэр тохиолдолд МАН-ыхныг нэгтгэх, цаашилбал “аврах” хөдөлгөөнд ч хүргэж мэднэ. Өмнө нь ч ийм хагарал үүсэж байсан ч У.Хүрэлсүх эв, нударга хоёрыг хослуулан байж намын залуусаа эв нэгдэлтэйгээр одоогийн генсек Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн билээ. Ямартай ч “Шинэчилье” хөдөлгөөн гарын үсэг цуглуулсан нэгэн хуудас цаасаар өнгөрсөн амралтын өдрүүдэд “бужигнуулаад” авлаа.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих