Их, дээд сургуулийн бүртгэл эхэллээ
Өнөөдөр ЭЕШ-ын хариу гарна. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн сургуулиудын босго 400 оноогоор тогтсон бол төрийн өмчийнх 560-аас дээш байх шаардлагатай юм байна.
Жил бүрийн ЭЕШ-ын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт үргэлжилдэг. Тэгвэл энэ жилээс хуваарь сонголтын ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болжээ. Үүний дагуу хөдөө, орон нутагт онлайн программ ашиглан явуулах шийдвэр гарч, эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Дашрамд дурьдахад, дээрх программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны болон мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаажээ.
Систем нь ЭЕШ–ын онлайн баазтай холбогдон ажиллах юм. Улмаар ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед шалгуулагчдын дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм байна. Энэхүү ил тод системийг ашиглаж эхэлснээр хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болох ажээ.
Шалгуулагчид онооныхоо тусламжтайгаар хэддүгээр байрт орсноо харахаас гадна хотод төгсөгчдийн хувьд олон сургуульд зэрэг бүртгүүлэн жагсах боломжтой болсон байна.
Мөн их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын талаарх статистик мэдээллийг цуглуулах боломжтой болжээ.
URL: