Шатахууны нөөц 3.1 дахин нэмэгджээ

f4d33fdef9e869ebigГазрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Уул уурхайн яам уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниудын ирүүлсэн саналыг судлан, импортын хэмжээ, хот болон хөдөөгийн шатахуун түгээх станцын тоо, бөөний болон жижиглэнгийн худалдааны хувь хэмжээг харьцуулсны үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг тодорхойлж Төвбанкинд санал хүргүүлжээ.

Өнгөрсөн оны байдлаар нийт 12 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай 105.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа аж.

Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 11 компанитай нийт 94 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 2-6 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэсэн байна.

Дэд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц хоёр дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгджээ.

Манай улс шатахууныг 100 хувь импортоор авдаг. Хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдсэн хэмээн салбарын сайд онцлов.

/ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих