Октябрийн хувьсгалын удирдагч Ленины төрсөн өдөр ба гудамжны жагсаалын эзэн Намбарын Энхбаяр хоёр мандтугай
Лениний төрсөн өдөр гэж дээр үед манайхан тэмдэглэдэг байлаа. Владимир Ильич Ленин 1870 оны 4 сарын 22-ны өдөр Симбирскт төржээ. Тэрээр хүн төрөлхтний түүхэнд нас барснаасаа хойш мөнхрөн үлдсэн анхны хүн болсон юм. Өнөө хүртэл Улаан талбай дахь бунханд байдаг түүний занданшуулсан шарил хувьсгалын удирдагч гэхээсээ илүүтэй ЗХУ-ын анагаахын шинжлэх ухааны амжилт болон үлджээ.
Маргааш Владимир Ильич Лениний 141 жилийн ой. Барууныхан энэ өдрийг комуннизмын хий үзэгдэл, Лениний сүнс тэнүүчилсэн өдөр гэж бичиж байсан удаатай. Монголчууд далан жил комунизмын заасан замаар явсан. Яруу алдарт социализмыг байгуулж, капитализмыг алгассан энэ далан жилд бидэнд хожсон ч зүйл их бий, бас алдсан ч зүйл бий. Улаанталбайгаас улаан хувьсгалыг удирдаж байсан Сталин “Газрын шинэтгэлийг хийхийн тулд бидэнд аравхан сая тариачны амь нас хэрэгтэй байсан” гэж мэдэгдсэн гэдэг. Тэгвэл аугаа их социализмыг бүтээн байгуулахын тулд Монголчууд хичнээн хүний амь нас золиослосныг бид бодож, тооцож гаргаж чадахгүй хорин жил толгойгоо гашилгаж байгаа.
Харин Оросын ард түмэн энэхүү төрийн эргэлтээс (Одоо Оросууд ч Октябрийн хувьсгал гэхгүй төрийн эргэлт гэж бичдэг болсон) улбаалсан иргэний дайнд 8 сая (13-16 сая гэж ч бичдэг) амиа зольж байж 1922 онд ЗХУ-аа байгуулав. Зөвлөлтийн коммунист туршилтын бүх хугацаанд бараг 100 сая хүн өөрийн бус үхлээр үхсэн, Хятадад 72 сая хүн үрэгдсэн гэсэн тооцоо байдаг байна. Монголд мөн л 22,000-35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд бүр 100,000 гэсэн тоо ч байдаг. Октябрийн хувьсгалын удирдагч Владимир Ильич Лениний төрсөн өдөр Екатеринбург хотод таксигаар Зөвлөлтийн үеийн рублиэр үйлчилнэ гэж тус хотын эрх баригчид мэдэгджээ. Энэхүү рублийг 1993 оноос хойш гүйлгээнд хэрэглээгүй юм. Оросууд аугаа их удирдагчийнхаа төрсөн өдрийг ийм л даруухан тэмдэглэж байна. Тэгвэл Монголд арай өөр. Намбарын Энхбаяр тэргүүтэй, Л.Лениний үзэл баримтлалд үнэнч манай хэдэн нөхөд Лениний төрсөн өдрөөр Сүхийн талбай дээр жагсаал хийж, төр засгаараа оролдох сурагтай. Тэд зориуд Октябрийн хувьсгалын удирдагч Владимир Ильич Лениний төрсөн өдрийг сонгож авсан бололтой. Бид нэг хүний тойрон хүрээлэл, нэг намын үзэл сурталд 70 жил баригдсан. Дараа нь Н.Энхбаярыг тойрон хүрээлж, Н.Энхбаярын үгийг дагаж 10-аад жил амьдарсан. Харин өнөөдөр Н.Энхбаяр тэр сайхан цагаа цагаа эргүүлж авахаар мэрийж, жагсаал цуглаан хийнэ хэмээн олон хоног уриалж дуудав. Хэдэн өдөр морины баас шээсэнд дарагдаж, өвс хийссэн Сүхийн талбай дээр өнөөдөр Амлалт нэхэгчдийн жагсаал болно. Цуст түүх дагуулсан В.И.Лениний төрсөн өдөр тэд Засгийн газартайгаа тооцоо бодох юм гэсэн. Жагсаж цуглах нь хүний эрх. Гэвч яагаад заавал энэ өдрийг сонгож авав гэдэг асуулт толгой эргүүлж байна.
Сэтгүүлч Уянга тэргүүтэй манай алдарт хувьсгалчид “ Октябрийн хувьсгалын удирдагч Ленины төрсөн өдөр ба гудамжны жагсаалын эзэн Намбарын Энхбаяр хоёр мандугай”, Ленин багшийн заасан замаар урагшаа. Яруу алдарт намбарын Энхбаяр мандугай. Ура” хэмээн жагсахгүй нь лавтай. Өнөөх л Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах том том уриа лоозон барьж жагсах нь лавтай. Дэлхий нийтийн түүхэнд сайнаар дурсагддаггүй энэ өдөр элдэв хэрэг төвөг, хэрүүл тэмцэл бага гараасай гэж залбирч суухаас өөр арга алга.
shudargamn
URL: