“Дээлтэй Монгол” наадмыг Геннисийн номонд бүртгүүлнэ

e7b2aa61373306f3d6ce9012612d185c_LНийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Дээлтэй монгол наадам”-ыг  ирэх сарын 13-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 Уг наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн өвийг  гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, хүүхэд залуучууд үндэснийхээ түүх соёлоор бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм. Долоо дахь жилдээ зохиогдох энэхүү наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай жагсаал, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэстэн ястны бүжиг, шагайн харваа зэрэг арга хэмжээ болно. Мөн энэ үеэр монгол дээлээр гоёсон гадаад хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, дүүргийг шалгаруулж зохион байгуулагчдын болоод ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулах аж.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Ивээн тэтгэгч байгууллагууд нэмэгдсэнээр санхүүжилт сайжирсан тул энэ жилийн наадмын зохион байгуулалтад илүү анхаарч ажиллаж байна. Мөн энэ жилээс эхлэн үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлал урлаачид, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, төрийн ба төрийн бус байгууллагын төлөөллүүдийг бүрэн хамруулж, наадмын хамрах хүрээг улам тэлж, өргөжүүллээ. Өнгөрсөн онд 10000 орчим хүн оролцсон бол энэ жилийнхэд 20000 гаруй иргэн оролцохоор байна. Цаашид энэ наадмаа хамгийн их үндэсний хувцастай хүмүүс оролцсон гэсэн үзүүлэлтээр Геннисийн хороонд хандаж, бүртгүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ярив.

С.Лхагвасүрэн

montsame


URL:

Сэтгэгдэл бичих