”Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тухай зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Уг зарлигт “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” заалтыг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “иргэдэд эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх” үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.
Үүнд нэгдүгээрт, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
Хоёрт зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосон байна.
Гуравт зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгажээ.
URL: