Төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” болно
Эрүүл мэндийн тухай хууль болон “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 68 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зохиулсан “Хөдөлмөрийн яармаг”-ийг энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулах гэж байна. Энэхүү яармаг нь төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээллийн ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчилах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой юм.
Тус хөдөлмөрийн яармагт ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, МӨАУМХ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд ЭМЯ-наас хүний нөөцийн бодлого, холбогдох хууль журам танилцуулна. Мөн нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэх аж. Төгсөгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
URL: