Хэлснээ хийх л үлдсэн шүү
Монгол Улсын Еөрнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн сонгуулиар ард түмэн АН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэл хүлээлгэж, олонхи нь саналаа өгчээ. Ямар ч байсан урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж илт давуу ялаад байгаа. Сонгуулийн дүн эцэслэн гарсан ч энэ байдал нэг их өөрчлөгдөхгүй биз ээ.
Ард түмэн Ардчилсан намд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ийн итгэл хүлээлгэсэн нь эхэлснээ дуусгаг гэсэндээ тэр. Монголчууд залхаг залхуугаас залхсан. Ард иргэд шударга бус байдал, авлига хээл хахууль, төрийн албан хаагчдын хүнд суртал, төрийн түшээдийн худал амлалтаас залхсандаа, АН-ынхныг ажил хийнэ гэж итгэсэндээ сонгосон. Өнгөрсөн жилийн УИ Х-ын сонгуулиар ч гэсэн ард түмэн ингэж итгэж, сайн сайхан болно гэж итгэсэн учраас Ардчилсан намыг УИ Х-д, нийслэлд ч олонхиор сонгосон.
Хүмүүс АН-аас маш ихийг хүсч, хүлээж, горьдож байна. Тиймдээ ч энэ удаад ардчилсан Ерөнхийлөгчийг сонголоо. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ардчилсан Засаг, ардчилсан нийслэлийн удирдлага, ардчилсан Ерөнхийлөгчтэй” нэг жил ажиллаад үзье. Ганц жил ч гэсэн бид хийж бүтээнэ гэж байсан. Түүндээ ч хүрсэн. Улс орны хэмжээнд өнөөдөр олон бүтээн байгуулалт өрнөж байна. Хийж байгаа бүтээн байгуулалт болон өөрчилж байгаа өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн дурьдвал цаас, цаг хүрэлцэхгүй. Ямар ч байсан тэд их ажлыг эхлүүлсэн. Үүнийг нь түмэн олон дэмжээд, ардчилсан Ерөнхийлөгчийг бусадтай нь дахиад гурван жилийн турш ажиллуулахаар сонголоо.
Энэ сонголтын дараа Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэндээ баярласнаа илэрхийлж, цаашид хурдтай ажиллахаа хэлсэн. Ардчилсан намынхан болон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжиж сонгуульд оролцсон улстөрийн хүчнүүдийн төлөөлөл ч гэсэн ирэх жилүүдэд их бүтээн байгуулалт өрнүүлж, хичээж ажиллах болно гэдгийг хэлж байна. Өчигдөр ялалтын баяраа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр ард иргэдтэйгээ уулзахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би ард түмнийхээ төлөө, Монгол Улсынхаа төлөө өсгөсөн хүү шиг чинь үнэнчээр зүтгэнэ.
Ард иргэддээ эрх чөлөө, аз жаргалыг эдлүүлэхийн төлөө зүтгэнэ. Улс орондоо шударга ёсыг тогтоохын төлөө зүтгэнэ. Улс орныхоо хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно” гэдгийг дахин, дахин хэлж байсан. Ямар ч байсан амлалтыг хангалттай өглөө. Ард түмэн ч ардчилсан Засгийн газар, нийслэлийн удирдлага, Ерөнхийлөгчийг сонголоо. О доо та бүхэнд ажиллах л үлдлээ.
Их ажлын гараа нэгэнтээ эхэлсэн. Цаашид улам эрчимжиж, ирэх гурван жилд ард түмний царайд мишээл тодортол ажиллах хэрэгтэй байна. Зарим хүмүүс одоо хийж байгаа ажлыг зөвхөн сонгуулийн үеийнх, цаашид энэ эрчээрээ ажиллахгүй гэж муу амлаж байна. Муу амласан хүмүүсийн хэл нь гацтал, хүлээн зөвшөөртөл ажиллах хэрэгтэй байна. Энэ хүмүүс ард түмнийхээ төлөө зүтгэж, авлига хээл хахууль, албан тушаалтны увайгүй үйлдэлтэй тэмцэж чаддаг юм гэдгийг харуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол гурван жилийн хугацаа харвасан сум шиг өнгөрнө.
Нэг ч хором алгуурлах цаг алга. Ард түмний төлөө авлигатай барилдаж, бүтээж, байгуулж, хөгжүүлэхээр зүтгэж байгаа хүмүүсийн дээлийн захыг монголчууд мушгилаа. Та нар зөвхөн давах л үлдэж байна.
Н.Пунцагболд
URL: