Хөрөнгө оруулагчдыг үргээсэн долоон орд

2013062801Эдийн засагчид, судалгааны байгууллагууд Монгол руу чиглэсэн дэлхийн мөнгөний урсгалын оргил үеийг 2010, 2011 он гэж үздэг. Гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2011 онд 6545.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 70.2 хувиар өссөн байдаг. Үүний 70 хувь нь гадаад эх үүсвэрээс санхүүжсэн гэсэн үзүүлэлт бий. Тухайн үед гаднаас орж ирсэн мөнгөний тоо өмнөх оныхоос 2141.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд гадны орнуудын Монголд оруулсан 2041.8 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт, 99.8 тэрбумын зээл тусламж нөлөөлжээ. Гадныхнаас ирсэн энэ мөнгөөр монголчууд  барилга, орон сууц барьж, засвар хийн, уул уурхайн салбарт ашиглах тоног төхөөрөмж худалдаж авсан аж. Эдгээр үзүүлэлт энэ онд 30 хувь хүртэл буурсан.  Гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний улирлын байдлаар 30 гаруй хувиар унасан гэсэн статистик бий. Энэ тоо ирэх өдрүүдэд өсөх магадлал өндөр байгааг Монголын эдийн засаг, улс төрийн салбарт болж буй үйл явдлууд илэрхийлж байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Гэвч гадаадаас ирэх мөнгөний 40 хувьд хүрч “саарч” болзошгүйг хэлж байна. Учир энэ тоог өсөж, буурахыг шийдэх нэг асуудал УИХ-д хүрсэн байгаа.

 

СТРАТЕГИЙН ШИНЭ ОРДУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭХ ҮҮ?

Засгийн газар стратегийн ордод долоон ордыг нэмэх саналыг хууль тогтоогчдод хүргүүлээд удаж байна. Алт, нүүрс, газрын ховор элементийн долоон ордыг стратегийн ордод хамруулахаар төлөвлөсөн. Энэ ордууд дунд нөөц, ашиглалтаараа Монголын томоохон уурхайнуудтай эн зэрэгцэхээр газар ч бий. Мөн долоон ордын талыг нь гадныхан “хөдөлгөж” байгаа. Алт агуулж буй Гацууртын ордыг гадаадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” ажиллуулдаг байна. Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг газрын ховор элементийн гурван ордод хонгконг, япон, солонгос, америкууд хайгуул хийсэн аж. Мөн хятад эзэнтэй, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид харьяалагддаг Хөшөөтийн нүүрсний уурхай байна. Эдгээрт хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа тайлагнадаг гадны төлөөллүүд төрийн энэ шийдвэрт эргэлзэж эхэлсэн. Гадны бизнесмэнүүдийн “ногоон”-оо зарсан  ордуудыг Монгол Улс стратегийн орддоо авчихвал том төслүүдэд хөрөнгө оруулах байсан тэдний төлөвлөгөө буцна гэсэн таамгийг зарим эдийн засагч онцолж байна. Үүнийг л Монгол руу чиглэх мөнгөний урсгал 30 хувиар доошилсныг 40 болгоно гэж тэд дүгнэж байгаа юм.

 

ТЭД МОНГОЛЧУУДАД 60 МЯНГА ГАРУЙ АЖЛЫН БАЙР БЭЛДЖЭЭ

Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн тоо 10 мянга 822. Энэ тоо 2010, 2011 онд 3739-ээс ийм болж хувирчээ. Харин өнгөрсөн оны сүүл, энэ онд гадны хөрөнгөөр байгуулсан компанийн тоо хөдлөөгүй аж. Монгол дахь гадаадын компаниудын  37 хувь нь урд хөршийнх бол Хятадын дараагаар Канад, Америк, Өмнөд Солонгос, Японы бэлдсэн ажлын байрны эх үүсвэрүүд орж байна. Гадны хөрөнгөөр боссон компаниуд Монголд 67 мянган ажлын байр бэлдсэн статистик байна. Үүнийг “Катерпиллар”, “Самсунг”, “Самитомо”, “Кока-Кола”, “Иточу”, “Комацу”, “Хьюндэй”, “Форд”, “Мэрсэдис-Бэнз” зэрэг компани тэргүүлжээ. Гэвч энэ таатай  үзүүлэлтүүд өнгөрсөн оны сүүлээс бараантаж эхэлснийг салбарын яамны удирдлагууд онцолж байгаа. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Төсвийн орлого эхний таван сарын байдлаар хоёр их наяд төгрөгт хүрсэн. Ерөнхий гүйцэтгэл нь 85.7 хувь буюу төсвийн орлого 335.6 тэрбум төгрөгөөр тасарсан. Үүний шалтгаан нь төсвийн орлого бүрдүүлэлт гадаад эдийн засгаас хамааралтай сөрөг нөлөөллийн улмаас төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй нь. Гадаад эдийн засаг, тэр дундаа Европын холбоо болон АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал таатай бус байгаа нь БНХАУ-ын эдийн засагт нөлөөлж тэр нь манай улсын гол хөрөнгө оруулагч орнуудыг араасаа дагуулж байна” гэж тэмдэглэсэн байна. Монгол Улс энэ онд нүүрснээсээ 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөж төсөвтөө 28.8 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Гэвч хагас жилийн байдлаар дөнгөж 6.3 сая тонн нүүрс гаргаад байна. Үүнд мөн л гадныхны хөрөнгө оруулалт, хамтарч ажиллах санаачлага дутаж байгааг салбарынхан онцолж байгаа юм.

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих