Хувиа бодохгүй шүү

6a00d834cd328369e2014e8629a89b970d-800wi

Хүнтөрөлхтнийөдийгхүртэлоршсонучирньхамтаарлхийжбүтээсэндбайдаг.

 Хуучин хүү шинэ хүү болж, хуучин Монгол шинэ Монгол болсон гэрэл гэгээтэй үе бидэнд байсан. Яагаад байсан гэж, одоо тэгээд байхгүй юм уу? гэж асуух хүн бараг гарахгүй биз дээ. Үүнийг бүгд л хүлээн зөвшөөрөх байх. Өргөн уудам нутгаар нэг тархан сууж, жалгын нэг болсон Монголчууд хөгжил дэвшил, мэдлэг боловсрол гэдгээс хол хөндий байж нийгэмшээгүй, бие биенээсээ хол тасарсан, зэрлэгээрээ шахуу л жалга жалгандаа амиа бодож, довоо шарлуулж амьдарсаар бараг мөхөж байсан гэхэд болно. Ийм л харанхуй цаг үеэс Монгол хүн хамтаараа сугаран гарч, тасарч холдож чадсан. Эсгий гэр, сүм хийд, амиа бодож бусдыгаа мөлжсөн баяд ноёд, толгой эргүүлж өвөр шавхсан тарган лам нараас салж, бүгд хамтаараа сайн сайхан амьдралд итгэлтэйгээр тэмүүлсэн. Монгол хүн өндийж Монгол орон сэргэсэн. Энэ бол гайхамшиг байсан. Төр нь хүлээсэн үүргээ биелүүлсэн, ард түмэн хүлээсэн үүргээ ухамсарласан бас хичээсэн.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц гээд хүмүүст л зориулсан, хүний л төлөөх гэсэн бүхнийг бүгдээрээ цуг хийж бүгд л түүнийхээ үр шимийг хүртсэн. Үйлдвэр, завод, барилга байгууламж, хот тосгодоо байгуулж Монголчууд жинхэнэ утгаараа нийгэм болж бүрэлдсэн. Бүгдээрээ л хамтдаа эвтэй найртай, сайн сайхан амьдрах гэж, амьдралыг нь баталгаажуулж, өөрсдийнх нь төлөө ажиллах ёстой төрөө хамтаараа байгуулсан. Нэг ёсондоо улс орноо шинээр урлан бүтээсэн мөн эмхлэн босгосон. Монгол хүн анх удаагаа төрийнхөө шалтгаан нь болсон. Монгол хүн анх удаагаа төрийнхөө ноёрхогч нь болсон. Хаад ноёд, харийн дарлал, шашин, сүм хийд, лам, бурхан, элдэв янзын шулаачдын захиргаан дороос Монгол хүн гарч чадсан. Ингэж Монгол үндэстэн нэг амьсгаа авахтайгаа болсон юм. Бүгд л зүтгэцгээсэн. Энэ зүтгэл нь ч талаар өнгөрөөгүй юм.

Бүгдээрээ сайн сайхан амьдрах гэж, сайн сайхан ирээдүйг бүтээх гэж тэмцсэн. Хэн ч хувиа бодоогүй. Хэн ч ганцаараа амиа бодож яваагүй. Бүгд л шударгаар хөдөлмөрлөсөн. Бүгд л бие биендээ тусалсан. Бүгд л шударгаар хөдөлмөрлөснийхөө хөлсийг шударгаар л авцгаасан. Төр нь ч өөрийн үүрэг, даалгавраа сайн биелүүлсэн. Иргэд нь ч өөрсдийн үүргийг сайн гүйцэтгэсэн. Социализмын далан жилд Монголын ард түмэн нийгэмшсэн иргэд болсон. Нийгэм байна гэдэг дүрэм горимтой, журамтай, эмх цэгцтэй, ард түмэн өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай байна л гэсэн үг.

Социализмын үед Монголчуудын дунд “Нийгмээ л бодно шүү, хувиа бодохгүй шүү” гэсэн дүрэм үйлчилж байсан. Нийгэм журамтай, эмх цэгцтэй, хүмүүс нь үүргээ ухамсарладаг, шударга, бие биедээ тусалдаг, Монгол нь Монголдоо итгэдэг, иргэн төрийн хооронд итгэлцэл байсан юм. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнээс холдоогүй байсан Монгол хүн хөдөлмөрч хамт олны хүрээн дунд таних танихгүй олон Монгол хүнтэй хамтарч ихийг хийж бүтээсэн. Хамтаараа хэн хэндээ хал балгүй, тусалж дэмжиж, шударга л байцгаасан. Өөрийнхөө хийж буй ажлаа л үнэнч хийнэ, ямар ч илүү дутуу юманд хошуу дүрэхгүй, юунд ч илүү санаархахгүй, алдаа хийвэл гэмшиж чаддаг, бусдын шүүмжлэлийг хүлээж авч чаддаг байсан. Хэн сайн боловсролтой байна, хэн илүү ихийг мэдэж байна, хэн чадаж байна, тэр хүн чадлынхаа хэрээр л нийгмийн үр шимээс хүртэж байсан. Хүн ажлаа сайн хийнэ, харин бусдыг нь төр даана. Төр үүргээ сайн гүйцэтгэнэ, үүний хариуд иргэд ч ажлаа сайн хийнэ. Бүгд л тэнцүүхэн, бүгд л амьдралын баталгаатай, хэн нь хэнийгээ дарлахгүй, бүгд л нийгмийнхээ үр шимээс хүртдэг, хүнлэг байсан. Бүгд л ажил хөдөлмөр хийх гэсэн улс орныхоо төлөө эерэг амьдралаар амьдарсан. Бүгдээрээ адилхан ойлголттой, бүгд үүргээ ухамсарласан, бүгд л нэг ойлголттой, үнэлгээтэй зарчим дүрэм горим бүгд тодорхой байсан. Төр ард түмнээ чиглүүлдэг, амьдралын баталгааг нь хангадаг ард түмнийхээ төлөө тэдний түшиг тулгуур нь болж байсан юм. Монголчууд төгс социализмыг байгуулахын төлөө л явж байсан. Монголын ард түмэн үүрэг хариуцлагаа мэддэг, үнэнч, шударга, эмх цэгцтэй, цэвэрч нямбай сайн муугаа ойлгодог, сайхан муухайгаа ялгадаг ард түмэн байсан.

Социализмыг хүчээр зогсоож, ардчилал ч хүч түрэн гарч ирсэн. Эмх цэгцтэй, журамтай, шударга, үнэнч, үүргээ ухамсарласан иргэдийн нийгэм нуран унасан юм. Социализмыг сүүлдээ шорон мэтээр тунхаглах болсон. Социализм ч бай, ардчилал ч бай бүгд хүнийг сайн сайхан амьдруулахын тулд л байдаг юм. Социализм хэрэв шорон байсан бол тийм хүнлэг шоронд орохоос буцахгүй хүн олон байх байсан бизээ. Хүн төрөлхтний мөрөөдсөн, хүссэн, төгс нийгэм болох ардчилал Монголд ирсэнгүй. Харин эмх замбараагүй, дүрэм горимгүй, шударга ёс алдагдсан, амь амиа бодсон, бусдыг хууран мэхэлсэн хачин замбараагүй эрлийз юм л Монголд бий болсон юм. Хэн ч ийм байхыг хүсээгүй, хэн ч ингэж амьдрахыг мөрөөдөөгүй, хэзээ ч ийм байлгахыг хэн ч зөвшөөрөөгүй шүү дээ.

Ардчилсан хувьсгал ялж Монголын ард түмэн төрийнхөө эзэн нь боллоо гэж бодоцгоосон. Ард түмэн хамтаараа жинхэнэ ардчилсан нийгмийг байгуулж, ардчилсан төрийг босгож, эмх цэгцтэй нийгэм төгс болох замдаа орох байлаа. Хуучнаасаа салсан шинэ хүү, төгс хүү болно гэж итгэцгээсэн. Шинэ Монгол төгс Монгол болно гэж мөрөөдөцгөөсөн. Ард түмэн “Бидний төлөө ажиллаарай” гэж үүрэг даалгавар өгч, тодорхой хүмүүсийг төрд илгээсэн. Хуучин шигээ л байх юм шиг бодож тэдэнд итгэцгээсэн юм. Гэвч бүх юм эсрэгээрээ болж нуран унаснаар хамтдаа, цугтаа, хүндэтгэлтэй, зарчимтай, хариуцлагатай, үнэнч, эв найрамдалтай, зарчимч итгэлтэй гэсэн ойлголтууд алга болсон. Хувьсгалын дараах шинэ нийгэм өмнөхөөсөө илүү сайн байх ёстой байсан боловч тийм нийгэм болсонгүй, бүр дордсон, бүх юм замбараагүйтэл рүү түлхэгдэн орсон юм. Төрөөс ямар ч нийгмийг зарлан тунхагласангүй, ямар үнэт, ямар ёс суртахуун, ямар ажил хөдөлмөр, ямар бүтээн босголт, ямар үүрэг хариуцлага гэх мэтийн талаар юу ч зарлагдаагүй. Төр өөрийн үүрэг даалгавар, ард түмний амьдралын баталгаа, улс орны маргаашийн төлөө гэсэн бүхнээ умартаж, ард түмний өмнө хүлээсэн үүргээсээ ухарч няцсан юм. Ард түмний хамтаараа босгосон, бүтээсэн бүхэн ардчиллын үед нуран унасан, нураахыг ч нөхдүүд хүссэн юм. Өмнөх нийгмийн сайн сайхнаас юу ч үлдсэнгүй, үлдээхийг ч хүссэнгүй. Төр улс орноо үргэлжлүүлэн хөгжүүлэх зарчим байхгүй болж, төрийн хар хайрцагны бодлого алдагдсан юм. Төр ийм үүргүүдтэй, түүнийгээ яс биелүүлнэ, харин иргэд ийм үүргүүдтэй, түүнийг ягштал сайн сахиарай гэсэн үүрэг хүлээлгэсэнгүй. Ард түмний амьдралд ч баталгаа өгсөнгүй.

Ардчиллын үед нийгмийг доройтуулж, бүгд л хувиа бодоцгоо, бор зүрхээрээ амьдарцгаа гэсэн хачин дүрэм хаа сайгүй тархаж гал түймэр адил дүрэлзсэн. Зальтай, шударга бус, мэхлэгч нөхдүүд л хамгийн ихээр хожсон. Харин шударга үнэнч, журамтай, өөрсдийн үүргээсээ ухраагүй, ажил амьдралтай байсан олон Монгол хүмүүс хэлмэгдэж, орхигдож, хохирсон. Жинхэнэ нийгэм бүх юмтайгаа устсан. Харин ямар ч эмх замбараагүй задгай, дүрэм, горимгүй, соёл боловсролыг уландаа гишгэсэн, ичгүүр сонжуургүй, завхай, дураараа хүмүүсийн бөөгнөрөл л үүсэж бий болсон. Төр, иргэн хоёр бие биенийхээ өмнө сахих үүрэггүй болцгоож, өөр өөрсдийн замаар салж явцгаасан нь өнөөдрийн замбараагүй хүн сүргийн эхлэлийг тавьсан. Ард түмэн төрийнхөө эзэн байх ёстой байтал харин эсрэгээрээ дээрээ олон эзэнтэй болцгоосон. Шашин Монгол хүний толгой дээр заларч, харийн тонуулчид Монголыг цөлмөж, доромжилж, Монгол хүний дээр гарсан. Төр гадны дээрэмчдэд элгэмсэг, ард иргэддээ төмөр нүүрээ харуулсан арчаагүй төр болж, хуучин байсан шавар шавхайндаа Монгол эргээд хутгалдаж эхэлсэн юм. Үнэн устаж, худал цэцэглэсэн хачин завхрал Монгол хүнийг үнэ цэнэгүй, Монгол төрийг үүрэг хариуцлагагүй болголоо. Бүгд л бор зүрхээрээ амьдар гэсэн адгуусны хуулиар Монгол хүн амьдарч байна. Байгуулсан төртэй “нийгмийн гишүүн хүн бор зүрхээрээ амьдар” гэсэн онол дэлхийн хаана ч үгүй. Дэндүү их доромжлол Монголыг бүрхсэн. Үүнийг нь ч ард түмэн хатуухан мэдэрсэн дээ. Өмнөх нийгмээ мэддэг нь харуусаж, мэддэггүй залуучууд нь эрх чөлөө гэдгийг дур зорго мэтээр ойлгож ёс бус аашлах нь байдаг л зүйл юм шиг хүлээн авсан. Тэд юу ч ойлгосонгүй, амиа л авч явж, хувиа л бодож байвал бусад нь хамаагүй мэтээр солиорцгоосон. Бусад хүний туслалцаагүйгээр хүн хэн ч биш гэдгээ мэдэрсэнгүй. Улс төрийн бүхий л онолууд гэж нэрлэгдэх социализм, коммунизм, ардчилал, либерализм, капитализм, консерватизмд хүнийг бор зүрхээрээ амьдар гэж хэзээ ч бичээгүй шүү. Бор зүрхээрээ амьдрахыг эцэслэхийн тулд төр хэрэгтэй гэж философич Хоббэс төрийн онолынхоо номд бичжээ. Тэгвэл Монголд өнөөдөр яах гэж төр байна вэ? Ард түмнийхээ сайн сайхан, аз жаргалтай баталгаатай амьдралыг хангаж, үр хүүхэд ирээдүй хойчийнх нь амьдралд баталгаа өгч, улс орныг хөгжүүлж, нийгмийг хөгжүүлж, урагшаа л харж явах гэж төр байдаг биз дээ. Арагшаагаа зүтгэдэг, хуучин руугаа зүглэдэг, хөгжил дэвшлээс татгалздаг төр, ард түмэн байдаг гэж сонсоогүй. Төр ард түмнийгээ хамгаалах, сахиулах, халамжлах, туслах, улс төр хийх биш, иргэдийн ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө нийгмийг хөгжүүлж, сайжруулах даалгавартай. Энэ даалгавар юу болсон юм бэ? Бусдыг битгий тоо, зөвхөн хувиа бод, чаддаг юманд арга байхгүй, авсны нь зол, аваагүйнх нь хохь, баян яваагийнх нь зөв, ядуу яваагийнх нь арчаагүйнх, хулгайлж хумсалж, урьтаж идэж чадаагүй бол хохь чинь гэх дүрэм журмыг хэн гаргана вэ? Төр яагаад ард түмэндээ төмөр нүүр гаргана вэ? Төр төмөр нүүрээ харийн дайсанд, хэрцгий бузар хэрэгтнүүдэд, муу муухайг цэцэглүүлэгч нарт, авлига хээл хахуулийг дэлгэрүүлэгч нарт л гаргах хэрэгтэй биш үү? Бидний төлөө ажиллаарай гэж та бүхнийг ард түмэн төрд гаргасан болохоос, амин хувиа бодоорой, ард түмний хөрөнгөнөөс хумслаарай, идэж уухаа бүү зогсоогоорой, ард түмний ядууруулаарай, улс орны хөрөнгийг цөлмөөрэй гэж хэн ч хэлээгүй шүү. Бүхий л эд хөрөнгө ард түмний өмч гэсэн ардчиллын зарчим бий. Хэн үүнээс ухарна, тэр гэмт хэрэгтэн л болно.

Өнөөдөр хувиа бодож, довоо шарлуулсан хачин замбараагүй, эмх цэгцгүй адгуусны тавилангаар л Монгол хүн амьдарч байна. Мөнгөний төлөө хэн нь ч хэнийгээ ураад тасдаад идчих байдал бий болж, хайрлах, эв найртай амьдрах, туслах дэмжих гэсэн ойлголт устсан хачин замбараагүй дүр зураг хөвөрсөөр байна. Хамаатан садан, гэр бүлийнхээ хүрээгээр л цөлмөж, идэж уусан аминчхан, цөөн хэдэн гэр бүлийн халаасанд Монгол улс багтчихаад байна. Дор дороо идэж уусан хулгайн улс болсон байна. Хэн ч хэний өмнө хариуцлага хүлээхгүй, хэн ямар ч үүрэг гэдгийг мэдэхгүй, хэмжээ хязгаараасаа давсан замбараагүйтэл л явагдаж байна. Энэ улс оронд дүрэм горим, ёс журам, үнэ цэнэ, төр, иргэн гэдэг юм үгүй болжээ.

Амиа л аргалж, хувиа, өөрийгөө бодож явбал бүх юм бүтэх үү? Амиа л бод гэсэн уриа лоозонтой хүмүүс хэний замаар явж, хэний юмнаас хүртэж, хэний газраар үйлчлүүлж, хэний туслалцаагаар яваагаа ойлгосон болов уу? Хүмүүс чинь бие биедээ итгэж, бие биедээ тусалж, улс орноо хамтдаа өөд нь татдаг биш билүү? Хувиа бодсоор явбал улс орон сүйрэх биш үү? Улс орноо, ахан дүүсээ байхгүй болгочихоод тэгээд хаана хэний дүрээр амьдрах вэ? Хэнээс туслалцаа авах вэ? Нийгэмд амьдарч, олонтой хамт явахыг хүсвэл бусдыгаа үргэлж бодох учиртай. Ардчилал нь олсон олзыг олуулаа хуваах зарчимтай. Хүмүүс ганц нэгээрээ хувиа хичээх бус, харин ард түмэн нэгдэн нийлэх нь чухал, яагаад гэвэл нийлж, тохиролцож, итгэлцсэний дараа л ард түмэн том үйл хэргийг бүтээх чадвартай болно. Монгол яагаад хөгжихгүй байна? Монгол хүн яагаад ийм сул дорой, ядуу байгаа талаар нэг удаа ч гэсэн бодсон хүн байна уу? Амиа бодсон улс төрч, амиа л дөнгөж аргацаасан хүн ард, ямар ч амьдралын баталгаагүй, олдсоноо иднэ, олдохгүй бол хоосон яваад өлбөрч үхэх адгуусны тавилантай явах мянга мянган хүмүүс ийм байгаагийнхаа хариуг хэнээс нэхэх вэ?

Ард түмэн хийе гэсэн ч ажил хөдөлмөргүй, хамтаараа сайн сайхан, зэрэгцэн амьдрах хүсэл мөрөөдөл нь унтарсан, амьдралын ямар ч баталгаагүй байгаа нь төр үүрэг, даалгавраа мартсан хариуцлагагүй байгаагийн бодит жишээ юм. Шуудхан хэлэхэд төргүй болчихсоны л илрэл шүү дээ. Төрийг нь эрх баригч нэртэй олигархи, гадныханд эх орноо худалдаж баяжигсад эзлээд авчихсан байна.

Нийгэм гэж нэрлэсэн бөөгнөрөл ийм зах замбараагүй байгаа нь иргэдийн хүлээх ёстой үүрэг хариуцлага уландаа гишгэгдсэний шинж юм. Ийм байдлаараа Монгол хэр удаан оршин тогтнох вэ? Амиа бодож, хувиа хичээж, улсаа худалдсан энэ байдалд цэг тавих цаг нь болсон. Шинэ цаг ирж байна. Төр ч өөрийн үүрэг даалгавраа биелүүлж, ард түмнийхээ амьдралын баталгааг хариуцаж, улс орноо, нийгмээ хөгжүүлэх, сайжруулах ажлаа хариуцлагатай хийж, иргэд ч ухамсартайгаар, сайн дураараа өөрсдөө шударга ёсыг баримталж, бие биедээ тусалж, дэмжиж, хүндэтгэж, нэр төрийг нь эрхэмлэж, нийгэм, улс төрийн үйл хэргүүд бусдыг хохироохгүй явагдаж, иргэд амласан амлалтаа биелүүлж, хэнээс ч шан харамж харалгүйгээр хийх ёстойгоо хийх ёстой. Хариутай бол бариутай. Төрөө цэвэрлэе, улсаа босгоё, нийгмээ хөгжүүлье. Дор бүрнээ үүрэг даалгавраа биелүүлцгээе.

Эх сурвалж: Seheeten.mn


URL:

Сэтгэгдэл бичих