Монголын төр “Рио Тинто”-той харилцаагаа сайжруулна гэж “Ройтерс” таамаглав

reotГадныхан “Рио Тинто” болон Монголын төрийн хоорондох харилцаа хаа­шаа эргэх вэ гэдэг нь Ерөн­хийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шууд хамаарна хэмээн мэдээлж байв. “BBC” агентлаг л гэхэд “Монголын ард түмний сонголт уул уурхайтай холбоотой мар­гаанд цэг тавина” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, гадны хэв­лэлүүд манай улс төрийн нөхцөл байдлыг “Рио Тинто”-той холбон тайлбарлахыг хичээсэн бололтой. Нэр дэв­шигч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон нь тодор­хой болсны дараа буюу өчиг­дөр “Ройтерс” агент­лаг сон­гуу­лийн явцыг ажигласан шин­жээч Жулиан Диер­кесийн хэлсэн үгнээс эш татжээ. Тэрбээр “Ц.Элбэг­доржийн хувьд “Өмнөх дөр­вөн жилд хийсэн ажлаа үр­гэлжлүүлнэ” гэсэн санаанд дээр голчлон төвлөрч кам­панит ажлаа өрнүүлж байсан. Тиймээс тэр уул уурхайн салба­рынхныг цааш нь үргэлжлүүлэн хө-дөл­гөнө” гэх утгатай зүйл ярьсан байна. Өөрөөр хэл­бэл, Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн харилцаа сайжирч магад­гүй гэх таамгийг дэвшүүлжээ.

Гэтэл өдийг хүртэл Оюу­толгой бүтээгдэхүүнээ экспортлоогүй бай­гаа нь юу­тай холбоотой вэ гэх асуулт эндээс гарч ирж байна.

Олон улсын металлын зах зээл дээр хөрөнгө оруулагчид   Оюутолгой зэсийн баяжмалаа экспортолж эхлэх өдрийг хүлээж байгаа. Ийм хүлээлт их бай­гаагаас болж, өнгөрсөн баасан гарагт Оюутолгойн экспорт хойшлогдоход зэсийн үнэ буурчээ. Ту­хайлбал, Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нь 6800 орчим ам.долларын ханштай байсан бол өчигдрийн байдлаар 6685 ам.дол­лар болсон байна. Ийнхүү ханш нь суларсанд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь Оюутолгойн экспорт зогссон явдал хэмээн шинжээчид дүгнэжээ. Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Тэгвэл Оюутолгой зэсийн баяжмалаа гаргахаа больсны дараачаас хувьцааны ханш нь 10 хувиар буурсан юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой үнэгүйдэж эхэлсэн гэсэн үг. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа хувьцааны үнэ нь ялимгүй өсчээ. “Turquoise Hill Resources”-ийн гол хувьцаа эзэмшигч болох “Рио Тинто”-гийн хувьд олон оронд орд газар эзэмшдэг учир хувьцааны ханшид нь төдийлөн өөрчлөлт орсонгүй. Ийнхүү манай зэс, алтны уурхай дэлхийн зах зээл дээр асар хүлээлт үүсгэж байна.

Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хойшилсон гол шалтгаан нь “Рио Тинто” компани Монголын банкуудад Оюутолгойн орлогоо байршуулахаас татгалзсан яв­дал. Түүнчлэн зарим хэвлэлд мэдээлснээр бол манай Засгийн газар Оюутолгойн борлуулалтын гэрээг харахыг хүссэн. Харин “Рио Тинто”-гийн тал энэ хүсэлтийг бие­лүүлэхээсээ өмнө борлуулалтын гэрээтэй холбоотой мэдээллийн нууцийг задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан гэж байгаа. Хэрэв цаашид нууц хэвээр нь хадгална гэвэл Оюутолгойн борлуулалтын гэрээг Монголын Засгийн газрын өмнө дэлгэх аж.

Монголын банкинд мөнгөө байршуулах тухайд гэвэл зөрчилтэй нэг асуудал байгаа. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулагчийн эрхийг дараахь байдлаар тодорхойлсон байна. Үүнд “Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах…” гэж бичжээ. Түүнээс гадна “… Хэрэв өөрөө хүсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг өөрийн сонгосон арилжааны бан­кинд гадаад валютын данс нээж болно. /энэ нь заавал биелүүлэх үүрэг болохгүй/…” гэж оруулсан байна. Харин энэ бүгдийг “Хөрөнгө оруулагч нь борлуулалтын орлогыг хүссэн банкиндаа байршуулж захиран зарцуулж болно” гэж тайлбарлаад байгаа. Гэтэл энэхүү тайл-бар нь Монгол Улсын Валют зохицуулалтын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тус хуулийн 12  дугаар зүйлийн 1-д “…байнга буюу түр оршин суугчид нь гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжүүлэх ажиллагааг зөвхөн Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны бан­каар дамжуулан гүйцэтгэнэ” хэмээн заасан байна. Тэгэхээр иймэр­хүү зөрчилтэй байдлыг хэр­хэн шийдвэрлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ одоо болтол хариултаа олоогүй хэвээр байна. Уг нь зах зээл дээр ашиг олохын төлөө ажиллаж байгаа аль нэг хувийн компанитай байгуулсан гэрээ чухал уу, аль эсвэл Монгол Улсын хууль тогтоомж илүү үнэ цэнтэй юу гэдгийг тооцоход төдийлөн хугацаа шаардагдахааргүй л байлтай.

Харин борлуулалтын гэрээний тухайд гэвэл энэ талаар зарим хэв­лэлд мэдээлсэн. Түүнд дурьдсанаар бол зэсийн салбарт Оюутолгойн  гол өрсөлдөгч нь “Эрдэнэт” үйлд­вэр гэнэ. Тиймээс Монголын Засгийн газар Оюутолгойн борлуулалтын гэ-рээний нууцыг өрсөлдөгч ком­пани болох “Эрдэнэт”-ийнхэнд задалж магадгүй гэж хардаад бай­гаа аж. Тэгвэл Оюутолгойн хөрөн­гө оруулагч болох “Рио Тинто”-д ашиггүй гэж үзсэн гэнэ. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулагчийн эрх ашигтай холбоотой янз бүрийн санал гомдол гарсаар байгаа юм.

Оюутолгойн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт үндэслэлгүй шалтгаанаар нэмэгдсэн гэж үздэг. Үүнээс болж тус компанийн дан­сыг царцааж, төлөөлөгчидтэй нь Монголын Засгийн газраас хэлэлцээр хийх санал тавьсан юм. Эцэст нь тэд төрийн ордонд биш, харин олны нүд, чихнээс холуурхан Их Тэнгэрт хэд хэдэн удаа хуралдсан. Гэвч хэлэлцээрээр юу ярьсан талаар албан ёсны мэдээлэл гарсангүй. Харин дараахан нь Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд айлчилсан. Гадны хэвлэлүүд энэ тухай “Т.Блэйр Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд зуучлах зорилготой” гэж бичсэн юм. Энэ мэтчилэн асуудал сунжирсаар л байлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнөхөн гадны хэвлэлүүд “Рио Тинто” сонгуулийн үр дүн хаашаа эргэхийг харзнаж байна” хэмээн мэдээлж байсан. Тэд үнэхээр тэгсэн бол одоо хөдлөх цаг нь болжээ. Энэ хооронд олон улсын зах зээл дээр Оюутолгойтой холбоотой хувьцааны ханш дахин буурахгүй байвал сайн л байна.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих