“Дээлтэй Монгол 2013” наадмаар үндэсний хувцастай парад болно
Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай. Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг.
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Энэхүү наадамд Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, урчууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ,төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, үндэсний хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд оролцох боломжтой юм.
Дүүрэг бүхэн өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн парад, загварын үзүүлбэрийг зохион байгуулж оролцох бөгөөд оролцогчдыг 6 төрлөөр шалгаруулах юм. Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1, Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/, Нийтийн бүжгийн шилдэг хос-1, Хамгийн сайхан дээлтэй хос-1, Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1, Шилдэг зохион байгуулалтай, идэвхитэй оролцсон дүүрэг нэг дүүргийг шалгаруулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: