Ж.Амарсанаа: Эмч хариуцлага алдаж байгаа нь тогтолцооны бурууc

8658_947Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Тухайлбал, эмнэлгийн орчноос халдвар илрэх тохиолдол олон гарч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай яам үүнтэй холбогдуулж судалгаа хийсэн. Цөөнгүй шүдний эмнэлэгт элэгний в, с вирусын халдвар дамжсан тохиолдол гарсан байсан. Цаашид иймэрхүү асуудал гаргахгүйн тулд зарим алдаа гаргасан эмнэлгүүдэд хатуу арга хэмжээ авах нь зүйтэй. Яагаад гэвэл халдвар авсан хүмүүс насан туршдаа өвчтэй явдаг тул эрүүл мэндийн зардал нь олон арван сая төгрөгөөр хэмжигддэг. Эцсийн үр дүнд хорт хавдартай болох тохиолдол ч бий.

-Манайд сувилагч нарын тоо цөөхөн байдаг. Гэтэл эмнэлгийн үйлчилгээ явуулахад гол ажлыг нугалах хүн нь сувилагч нар. Салбарын яам нь энэ тал дээр ямархуу бодлого баримталж байна вэ?
-Бид сувилагч нарын тоог олон улсын жишигт аваачихаар зорьж байгаа. Ер нь олон улсын жишигт нэг өвчтөнд ноогдох сувилагчийн тоо янз бүр байдаг. Гэтэл манайд улсад 20 өвчтөний дунд нэг сувилагч үйлчлэх тохиолдол элбэг байдаг . Энэ нь эмчилгээний чанарт нөлөөлж үндсэн сувилах ажлаа хийж чадахгүйд хүрдэг . Үүнээс болж эмнэлгийн үйлчилгээний чанар муудаж байгааг үгүйсгэх аргагүй. Түүнээс гадна миний эмзэглэж явдаг өөр нэг зүйл бол манайд сувилахуйн ухаан жаахан ташаа ойлголтоор хөгжиж байгаа явдал юм. Сувилагч хийнэ гэдэг нь эмчид туслахыг хэлэхгүй. Гэтэл сувилагч бол өвчтөнийг сувилах тухай судалж мэргэшсэн бие даасан мэргэжил юм. Тиймээс энэ чиглэл рүү нь хөгжүүлэх санал гаргаад байна. Сувилагч хүний ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж ажил үүргийг нь маш нарийн зааж өгвөл энэ бүх асуудал шийдэгдэх болно. Гэхдээ иймэрхүү сэтгэлгээний өөрчлөлт хийхийн тулд маш их хугацаа шаардагддаг.

-Ингэхэд манай улсад хэдэн сувилагч байдаг юм бэ?
-Монголын сувилагч болон эмч нарын тооны харьцаа 7000:10500 байдаг нь олон улсын жишигтэй харьцуулахад бага тоо. Тиймээс сувилагч нарын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа.

-Манай улсад эмч нарын хариуцлагын асуудал орхигдоод байна гэж иргэд байнга шүүмжилдэг. Энэ тал дээр яамнаас бодлогын түвшинд анхаарах цаг болсон байх?
-Эмч нарын хариуцлагатай холбогдуулан хэлэхэд бид салбараа зарим зүйл дээр нь өмөөрч зарим асуудал дээр нь хяналт шаардлага тавина. Цөөхөн хэдэн эмчийн хариуцлагагүй байдлаас болж бий болсон алдаа нь эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж, зүтгэж яваа, өвчтөний төлөө хувийн амьдралаа хүртэл зориулж байгаа эмчийн нэр хүндийг сэвтээдэг. Ийм тохиолдолд тэднийг гомдоох, доромжлох эрх байхгүй гэж би хувьдаа боддог. Харин буруу үйлдэл хийх нөхцөлийг нь бүрдүүлж байгаа тогтолцоо руу нь анхаарах цаг болсон. Түүнээс биш нэг хүнийг алдаа гаргасных нь төлөө насан туршид нь адлаад байх хэр зөв зүйтэй юм бол гэдгийг бас бодох л хэрэгтэй. Харин дахиж тийм алдаа гаргахгүй байх талаас нь анхааръя гэж бодож байна.

-Гэхдээ эмчийн алдаа өвчтөний амь настай холбогддог учраас толгойг нь илээд өнгөрөх нь зөв гэж үү. Тухайлбал, хагалгаа хийхдээ гэдсэнд нь марль орхисноос болж биеийн байдал нь эрс муудаж, орноосоо өндийж чадахаа больсон өвчтөн байгаа?
-Яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов гэдэг шалтгааныг нь тодорхойлох хэрэгтэй. Цусанд будагдаж улаан өнгөтэй болчихсон жижигхэн марлийг өвчтөний гэдсэн дотроос гурав дөрвөн цаг хайгаад олохгүй. Гэтэл гэдсийг нь нээчихсэн, хажуугаар нь цус алдаж байгаа тохиолдолд ингээд байгаад байж болохгүй. Хэвлийг хаахаас өөр аргагүй шүү дээ. Харин иймэрхүү бэрхшээлийг энгийн аргаар шийдвэрлэж болохоор байна. Хагалгааны зориулалтай урт, өнгөтэй учигтай зориулалтын марлийг ашигладаг арга бий. Түүнээс гадна марль дундаа рентгенд харагддаг утас хийчихдэг жишиг олон улсад бий. Тэгвэл хагалгааны дараа марль байгаа үгүйг нь харчихаж болно. Бид ирэх жилийн улсын төсөвт ийм зориулалтын марлийг худалдаж авахад хөрөнгө оруулна. Рентгенд харагддаг утастай, олон өнгийн утасны оруулгатай зориулалтын марлийг л хэрэглэдэг болъё гэж яриад байгаа юм. Тэр нь ямар үнэтэй байх нь чухал биш. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал.

-Бас нярайг халуун усанд түлсэн хэрэг Баянхонгор аймагт гарсан. Уг нь үүнийг эмчийн хариуцлагагүй байдалтай холбож ойлгомоор юм?
-Энэ асуудлын хүрээнд бол олон улсын туршлага бий. Саванд хийсэн усыг гараараа хутгаж, нөгөө талд нь байгаа нярайг угаах. Ингэхийн тулд зориулалтын хоёр савыг ашигладаг жишиг байдаг. Энэ аргыг хэвшүүлэхэд хялбархан бөгөөд зардал ч бага гарна. Ер нь сумын төв дээр бол янз бүрийн бэрхшээл их гардаг. Тэнд нярай хүүхэд түлэгдэх эрсдэл одоо ч байсаар л байна. Үүнийг арилгаж, энгийн хялбар аргаар асуудлыг шийддэг болохын төлөө л бид ажиллаж байна.

-Тэгэхээр хариуцлага алдаж байгаа нь зөвхөн эмч нарын буруу биш гэсэн үг үү?
-Тийм. Үүнд тогтолцооны алдаа бас нөлөөлж байгаа. Гэтэл үүнийг зохицуулахын тулд толгойгоо жаахан ажиллуулчихвал болох гээд байгаа юм. Багахан шинэчлэл хийхэд л олон хүний амьдралыг өөрчлөх боломж байна.

-Улсын эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийж байгаа вэ. Хувийн эмнэлгүүдтэй харьцуулахад муу гэх гомдол их гардаг?
-Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас аймгуудад оношлогооны төв байгуулах ажлын хүрээнд маш олон тоног төхөөрөмж авч байгаа. Тэр дунд нь компьютер томограф, дурангын оношлогооны төхөөрөмж, бүдүүн гэдэс, ходоод, уушги болон чих хамар хоолойн дуран гэх мэт олон төхөөрөмж багтана. Бас нүд, шүд, чих хамар хоолойн оношлогооны иж бүрдэл ч бий. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд оношлогооны бүрэн тоног төхөөрөмж авна гэж орсон байгаа. Аймгуудад зарцуулах хөрөнгийг урсгал төсвөөр бүрдүүлж байна. Иймэрхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл олон хийгдэж байна. Гадаадын төслүүдийн оролцоо ч бий. Австрийн төслөөр Хавдар судлалын үндэсний төвд хөрөнгө оруулалт хийж байна. Өөр бас олон зүйлс яригдаж байна. Ер нь 5-10 жилийн дараа гэхэд монгол хүн гадагшаа явах шаардлагагүйгээр бүх төрлийн оношлогоог эх орондоо хийлгэх боломжтой болно гэж бид тооцож байна.

-Манайдаа ганц байдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн маш их ачаалалтай ажилладаг. Бас тоног төхөөрөмжийн хувьд ч анхаарах цаг болсон гэдэг. Ер нь тэнд эмч нарынх нь тоог нэмэх зэргээр анхаарах цаг болсон гэж үздэг үү?

-Ерөнхийдөө энэ асуудлыг тухайн эмнэлгийн дарга нь шийддэг. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийг ачаалал ихтэй гэж ярьдаг нь үнэн. Гэхдээ тэнд эмч нарынхаа орон тоог анх төлөвлөснийхөө дагуу бүрдүүлдэг. Эмч нараа олон болгоё гэхээр сангийн яамны зүгээс бидний тавьсан саналыг хүлээж авдаггүй. Тиймээс энэ бол салбар хоорондын асуудал болчихоод байна.

-Энэ жил Эрүүл мэндийн яаманд хуваарилсан төсвөөс хэдэн хувийг нь ямар, ямар ажилд зарцуулж байгаа вэ?
-Бидний анх тооцоолж байснаар төсөв батлагдаагүй. Тиймээс нэлээд хэдэн асуудлыг засгийн газарын нөөц хөрөнгөөс гаргуулахаар ярьж байгаа . Тухайлбал Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн рентгений аппарат өнөө маргаашгүй эвдрэх гэж байна. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн рентгений аппарат мөн ажиллахаа больсон. П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг дээр хүчилтөрөгчийн сүлжээ оруулахад хөрөнгө шаардлагатай байна. Мөн Азийн хөгжлийн банкны бодлогын хүрээнд эмзэг бүлгийн иргэдэд зориулах хөрөнгийн эх үүсвэр байхгүй. Энэ бүгдийг засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлыг бид ярьж байна.

-Эхний хагас жилийн хугацаанд хийсэн ажил гэвэл юу байна вэ?
-Маш олон ажил хийгдэж байна. Тухайлбал бид салбарын хуулиудыг шинэчилж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эрүүл ахуйн тухай хуулийг өөрчилж тухайн эмнэлэгийн хариуцсан мэргэжилтэнд өндөр хариуцлага ноогдуулахаар тусгасан. Эмчийн хариуцлагын даатгалын тухай хууль бий. Алдаа гаргасан эмчийг шүүхэд өгч, дааж давшгүй торгууль ноогдуулах тохиолдол гардаг. Тэр төлбөрийг нь эмч насан туршдаа төлөх болдог. Харин хуулийг нь баталчихвал хохирлыг даатгалын сангаас барагдуулах боломжтой. Ер нь эмч ч гэсэн хүн учираас их бага алдааг заавал гаргадаг. Бидний зүгээс харин тэдний алдааг яаж багасгах вэ гэж л ажиллах ёстой. Түүнээс биш өндөр хөгжилтэй аль ч оронд эмч нар огт алдаа гаргахгүй байна гэж байхгүй. Ажлаа хийгээд явж байгаа эмч алдах нь 1000-д нэг тохиолддог олон улсын жишиг бий.

-Ер нь яамны гол бодлого эмч нарт л төвлөрсөн байгаа юм аа даа?
-Тийм. Ер нь иймэрхүү байдлаар эмч нарыг хамгаалахгүй бол энэ мэргэжлийг сонгох хүн олдохоо болино. Үүнээс болж ард түмэн хохирно. Монголын маань ард иргэд Монгол эмч нараасаа эмнэлгийн үйлчилгээ авч чаддаг байх ёстой. Түүнээс биш өнөөдөр манайд өвдлөө гэхэд гадагшаа явж эмчлүүлэх санхүүгийн боломжтой хүн тийм ч олон байхгүй. Ер нь манай яамны бодлогын цөм нь эмч нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх явдал юм. Цаашид бид тооноос илүүтэйгээр чанарыг эрхэмлэх бодлого барьж байна. Үүнтэй холбоотойгоор эмч болох, эмчлэх эрхийн шалгуурыг өндөрсгөж шалгалтыг чангатгана.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих