Зөрчилтэй 50 гаруй барилга байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Ц.Ганбаттай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд нийслэлд хэчнээн барилга шинээр баригдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар зөвшөөртэй 380 гаруй барилга баригдаж байна. Улсын төсвөөр нэмж баригдсан барилга одоогоор алга. Оны төгсгөлд баталгаажаад, шалгагдаад актаа авдаг цөөн тооны барилга байдаг. Энэ жилийн хувьд ч мөн давтагдах магадлалтай. Одоогоор бид 600-гаад барилга улсын хэмжээнд шинээр баригдах болов уу гэсэн урьдчилсан тооцоо хийгээд байна. Ер нь сүүлийн хоёр жилийн тоогоор Улсын комисст хүлээж авсан барилга 2009 онд 417 байсан бол 2010 онд 509 болсон. Нийт 926 барилгыг байнгын ашиглалтад шинээр хүлээн авч, актаар баталгаажуулсан байна.

-Шалгах явцад зөрчилтэй барилга байсан эсэхийг тодруулна уу?
-Нийт 14 иргэн 43 аж ахуй нэгжийн 57 барилга дээр зөрчил илэрсэн. Эдгээр компанид “Зөрчлөө даруй арилгаад Улсын комисст хүлээлгэж өг” гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж Улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд тодорхой хэмжээний босго давах ёстой. Үүнд чанар, аюулгүй байдал, стандарт зэргийг хангах нь чухал. Ийм л шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.

-Одоогоор зөрчлөө арилгасан гээд комисст барилгаа хүлээлгэж өгсөн компани байна уу?

-Бид эдгээр цөөн тооны компанид албан тоот хүргүүлсэн. Одоогоор нэмж 11 барилга хүлээж авлаа. Мөн 18 барилгад Улсын комисс ажиллаж үүрэг даалгавар өгсөн. Түүнчлэн, дөрвөн барилга дээр комисс ажиллахаар ч хугацааг нь тохирчихлоо. Харин товлосон хугацаанд шаардлага биелүүлээгүй 15 барилгын үйл ажиллагааг түр зогсоолоо.

-Хуульд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг юм бол?

-Барилгын тухай хуульд, хэрвээ Улсын комисс хүлээж аваагүй, зөвшөөрөлгүй барилга ашиглавал дулаан, цахилгаан, эрчим хүч, цэвэр усаар хангахыг хориглосон заалт бий. Тэгэхээр энэ төрлийн хэрэглээг хангагч байгууллагууд ийм зөвшөөрөлгүй барилгыг дулаан, усаар нь хангасан тохиолдолд бид хангагч байгууллагуудтай нь хариуцлага тооцно. Ийм тушаал шийдвэр гарсан. Тиймээс урьдынх шиг түр хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хангана гэсэн ойлголт байхгүй болсон. Тухайн байр зөрчил дутагдлаа арилгаад, Улсын комисст хүлээлгэн өгсний дараа байрны ашиглалтыг цааш үргэлжлүүлнэ.

-Улсын комиссын зөвшөөрөлгүй барилгыг иргэд худалдаад авчихсан тохиолдол нэлээд гардаг. Ийм тохиолдолд иргэний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Нөгөө талаас оршин суугч өөрөө гомдол мэдүүлэх эрхгүй юм. Иргэд улсын комисс хүлээж аваагүй, зөвшөөрлийн бичиг баримтыг нь шалгаж үзэлгүй байр худалдаж авсан байдаг. Энэ тохиолдолд иргэний буруу болно шүү. Улс ашиглалтад хүлээж аваагүй байхад нягталж шалгалгүй авсан иргэний буруу. Иргэд гэрчилгээ, актыг нь харж судалж хариуцлагатай хандах хэрэгтэй. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй барилгыг иргэд хоорондоо зарчихсан, хөрөнгө мөнгөний асуудал яригдаад л байна. Энэ бол яалт ч үгүй иргэний буруу.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих