2012 оны эдийн засгийн аюулт үзэгдлийн урьдчилсан мэдээ
Хавар болж дулаарахтай зэрэгцээд цахилгааны үнэ өслөө. Засгийн газраас энэхүү шийдвэрийг уухайлан дэмжиж, аргагүйн эрхэнд хийсэн алхам хэмээн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өмөөрч байлаа. Ингэхдээ цахилгааны үнэ нэмэгдсэнээр талх дөрөв, гурилын үнэ мөн дөрвөн төгрөгөөр өснө гэсэн үндэслэлээр “арьсаа” хамгаалсан юм.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт айл гэрийн хойморт урилгагүй зочилж, цэнхэр дэлгэцээр энэ мэдээг зарласны маргаашнаас эхлэн Атар талхны үнэ 100 төгрөгөөр өсчихжээ. Д.Зоригт сайдын ам өгсөн дөрвөн төгрөг ийнхүү үлгэр болов.
Эцэст нь иргэд бид 650 биш 750 төгрөгөөр хамгийн хямд үнэтэй талх худалдан авах болж байна. Энэ бол цаг агаарын эхний мэдээ. Ойрын хугацаанд чухам ямар гамшиг таны эсвэл манай хаалганы цаана хүлээж суугааг цахилгааны үнийн өсөлтийн гаргалгаа хэлээд өглөө.
Цахилгааны үнэ буюу өвлийн синдром
Халуун дулаан цагаар цахилгааны үнийг нэмсэн болохоор иргэд одоохондоо талх, шатахуун, гурилын ханш өөрчлөгдсөн хэмээн хүлээн авч байгаа. Шатахууны ханш өсөхөд хэн баярлах вэ. Ченжүүдийн халаас түнтийж, сонгуулийн өмнө иргэдэд “Үнийн өсөлтийг бууруулна” гэсэн хачин сайхан амлалт өгөх аз завшаан улстөрчдөд олдоно. Энэ бүхний үндэс нь одоо мэдрээгүй дулааны үнэ өвлийн цагт нүүрс, цахилгаан, ус болоод талх, автобус-троллейбусны тасалбарын үнийн өсөлтөөр дүрээ хувирган жинхэнэ хямрал болно доо.
Мэдээж, сонгуулийн өмнөх жил юм болохоор иргэдийн бухимдал, түүнийг шийдвэрлэх “баатар”-уудыг төрүүлэх үндсэн зорилго цаана нь нуугдаж байна.
Бүтээмжгүй цалингийн өсөлт буюу ажилгүйдлийн хавх
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140 мянган төгрөгт хүргэлээ. Хэн хүнгүй хөөр баяр болон хүлээн авч байгаа энэ шийдвэрийн цаана инээд нь эмгэнэл болон хувирах цаг айсуй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажилгүйдэл 700 хүнээр хүрээгээ тэлсэн мэдээг дуулгасан. Харин Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Ажилгүйдэл нэг жилийн хугацаанд 500-гаар буурсан. Бид маш сайн ажилласан” гэцгээдэг.
Энэ оны эхний улиралд аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 40.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3649-гаар өссөн байх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх бүрт ажилгүйчүүдийн тоо хумигдахаасаа эсрэг үзүүлэлтэд шилжээд байгааг энэ үр дүн харуулж байна.
“2007 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30- аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 69 мянган төгрөг болгож тогтоолоо. Сарын цалин хөлс энэ хэмжээнд хүрснээр ажлын нэг цагийн үнэ 1109 төгрөг болж байна” гэж Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг “Монголын мэдээ” сонинд 2007 оны нэгдүгээр сарын 16-нд өгсөн ярилцлагадаа дурдсан байв.
Гэтэл тухайн үед ажилгүйчүүдийн тоо 29.9 мянга болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Харин өнөөдөр энэ тоо хэдийнэ бараг 20 мянгаар өсчихөөд байна.
Хятадууд иргэдийнхээ цалинг ингэж өсгөнө
Нийгмийн дунд байгаа ядуу, баяны ялгаанаас үүдсэн жагсаал, цуглааныг намжаахаар Хятадын Засгийн газраас татварын хөнгөлөлтийг бий болгох нь. Илүү тодруулбал, Хятадын төлөвлөгөө ёсоор орлогын татварыг 50 хүртэлх хувиар өсгөж, ирэх таван жилд цалингийн доод хэмжээг ихээхэн хувиар өсгөнө. Хууль тогтоогчид орлогын татварын хуулийг дахин хянаж, баян, ядуугийн туйлыг багасгаж, дотоодын хэрэглээг дэмжих зорилготой аж.
Энэхүү хуулийн өөрчлөлтөөр хувь хүний орлогын татвар сард 2000 юаниас 3000-д хүрэх юм. Өөрөөр хэлбэл, 304 “ногоон”- оос 456 ам.долларт хүрэх аж. Ингэснээр 50 сая гаруй хүн орлогын татвараас чөлөөлөгдөж, Засгийн газраас жилд 18 тэрбум ам.долларын зарлага гаргахаар байна. 2006 оноос хойш тус улсад ийнхүү гурав дахь удаагаа үндэсний хэмжээний зохицуулалт хийгдэж байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хятадын Хөгжил, шинэтгэлийн хорооноос дараагийн таван жилд цалингийн доод хэмжээг жил бүр 15 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан юм. Ингэснээр ядуурлын төвшинг тогтоох үзүүлэлт өдрийн 63 центийн орлого 1, 2 “ногоон” буюу НҮБ-ын стандартад дөхөх юм.
Дэлхийн эдийн засаг хөмөрч буйг металлын ханш гэрчиллээ
Бүх цаг үед хямрал тохиолдоход хамгийн өндөр ханштай байдаг нь алт. Өнгөрсөн баасан гаригт энэ металлын ханш анх удаа 1500 ам.доллар давсныг “Ройтерс” мэдээллээ. Дэлхийн олон улс оронд их хямрал нүүрлэж, төсвийн алдагдалдаа хүлэгдсэн Ерөнхий сайд нар суудлаасаа буухад хүрээд байгаа.
Мөн мөнгөний ханш нэг унци (10.35 гр) нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр үнэ 46 ам.долларт хүрсэн байна. “Цаашид алтны ханш 1700 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулагчид хямралын давалгаа хэчнээн том байгааг үнэлсэн учраас ам.долларт биш металлд итгэж байгаа нь энэ” гэж шинжээчид үзэж байна.
2012 он Монголд
Цалин өсөхөд бидний бүтээмж яаж нөлөөлснийг Засгийн газар ганц удаа ч өгүүлсэнгүй. Оронд нь “Аргагүй эрхэнд…” гэсэн хялбар бөгөөд хуурамч тайлбар өгсөн. Үнэн хэрэгтээ эх орны хишгээр “байлсан” ядуусын цувааг уртасгах компани үргэлжилж буй нь тэр.
Тэгвэл 2012 он биднийг юу руу дагуулж буй нь тодорхой боллоо. Сонгуулийн өмнөх жил. Талх, цахилгаан, дулааны ханш цалингийн доод хэмжээ нэмэгдсэнийг дагаад өгссөн жил байх болно. Үүнээс хамгийн бараан мэдээ бол бид юу ч үгүй хоцрох нь.
Тавантолгойгоос авсан хувьцаагүй, 21 мянгаа сардаа нэг авах гэж картын бараанд дугаарласан өнгөрсөн үедээ буцаж, хээл хахууль, ядуурал давалгаалсан он байх нь.
Бидний уулзах цэг “уналт”. Шатахууны ханш өсөхөд таксины км тутмын үнэ өснө. Үүнийг дагаад бусад тээврийн хэрэгслийн эзэд ч ханшаа чангаруулна. Дараа нь хүнсний үйлдвэрлэгчид тээврийн зардал өссөн нэрийдлээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө. Харин бусад үйлдвэрлэгчид тээвэр, хүнсний үнэ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр барааныхаа ханшийг өсгөнө.
Тухайлбал, гутал хийдэг хүн арьс, шир авах замын зардал өссөн, мөн түүнийг боловсруулах ханш өссөн гэсэн шалтгаанаар ханшаа өсгөх хангалттай боломж энэ. Учир нь такси үйлчилгээ эрхлэгчид болоод ченжүүдийн гарт Монголын амьдрал тэр чигээрээ атгагдчихсан. Ард түмний төлөө хамгаа зориулна гэж амласан Засгийн газар тэдэнд энэ боломжийг нь бий болгоод өгчихсөн юм чинь.
Үнэ өсгөх үндсийг тэд цахилгааны ханшийн нэмэгдлээр “хөрсөнд нь” суулгачихсан нь тэр. 2012 оны эдийн засгийн аюулт үзэгдлийн урьдчилсан мэдээллийн хамгийн ноцтой зүйл нь энэ юм.
Ж.Цогзолмаа
зууны мэдээ
URL: