17 тэрбумын тендерийг дахин сануулах нь
Н.Алтанхуягийн хүргэн болон дүүгийнх нь охинтой холбогдох эл хэргийг дахин дахин сануулах хэд хэдэн шалтгаантай. Сөрөг хүчнийхний зүгээс илрүүлэн ил гаргасан 17 тэрбумын тендерийн баримт материалыг АТГ шалгаж, дуусаад Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн үзэж, Нийслэлийн прокурорт шилжүүлсэн.
Харамсалтай нь, прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Энэ нь хууль хяналтын байгууллагынхан нэг хүний халаасанд байгаатай холбоотой хэмээн зарим нь тайлбарлаж буй бол нөгөө хэсэг нь Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай холбон харддаг.
Учир нь Улсын ерөнхий прокурорын газар уг хэргийг шалгах зөвшөөрлийг өгөх учиртай. Гэвч намынхаа даргыг шалгах үүргийг Д.Дорлигжав өгч чадаагүй гэх. Хэдийгээр Д.Дорлигжав өдгөө төрийн албан хаагч болж намын харьяалалаас татгалзсан ч тэрбээр АН-ын угшилтай.
Дээр нь Н.Алтанхуягтай нэг нутгийнх. Иймээс энэ хэргийг шалгалгүй өнгөрөөх магадлал өндөр хэмээн учир мэдэх хүмүүс хуучилдаг. Харин АТГ-аас прокурорын байгууллагад дахин хандаж, 17 тэрбумын тендерийг шалгаж, нягтлах шаардлагатайг тодотгосон юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, эзэн холбогдогчдод нь хариуцлага үүрүүлэхээр дахин хандаж, энэ тухайгаа нийтэд мэдээлсэн. Гэтэл дээрх мэдээлэлтэй зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн гараар өргөдлөө бичиж, ажлаа хүлээлгэн өгөв.
Ерөнхий сайдын хүргэн энэ үйлдлээрээ мөн л дээрх хэргийг баллуурдаж, хав дарах нь гэх хардлагыг нийтэд өгсөн. Иймээс хэд хэдэн шалтгаанаар бүдгэрч мэдэхээр болоод байгаа 7 тэрбумын тендертэй холбоотой хэргийг эргэн сануулж буй нь энэ. Элдэв зүйл тоочихоосоо илүүтэй, баримт материалыг сийрүүлэн хүргэе.
Энэ оны нэгдүгээр сард барилгын дотоод засал чимэглэлийн “Говь повер” компанийг Г.Уянга нэг сая төгрөгөөр худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилж нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болгож тендерт оролцжээ.
Улмаар долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр 17.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялалт байгуулсан байна. 28-хан настай энэ бүсгүйг ийм хэмжээний амжилт гаргахад нь нагац ах нь, хамтран амьдрагч нь тусалсан гэж ах намынхан үзэж буй.
Учир нь Тавантолгойн тендерт ялалт байгуулсан “Говь повер” компанийн захирал Д.Гэрэлхүүгийн Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн охин аж.
Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирал Тавантолгойн уурхай дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсээ гаргая гэхэд Гаалиас хүлээн зөвшөөрөөгүй гэлцдэг.
Гэтэл дунд нь “Говь повер” компани гарч ирж энэ ажлыг хийхээр тендерт шалгарсан нь төрийн компаниудыг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлж, дундаас нь хөрөнгө завшихад хүргэсэн гэж хардахад хүргэжээ. Иймээс энэ хэрэгт “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь ч татагдах магадлалтай.
Түүнчлэн 17 тэрбумын тендерийг халаасалж чадсан Уянгын талаар зөрүүтэй мэдээллүүд бий. Иргэний бүртгэлээс ирүүлсэн материалд Чулуунбаатарын Уянга 1985 онд төрсөн. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншандад төрсөн, өдгөө Баянзүрх дүүргийн дугаар хороонд бүртгэлтэй.
Харин Гэрэлхүүгийн Уянга нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн охин. 1990 онд Улаанбаатар хотноо төрсөн, Хан-Уул дүүргийн харьяат. Иймээс дээрх хэрэгт Иргэний бүртгэлийнхнийг ч шалгуулахаар болсон юм.
Нөгөөтэйгүүр, тендерийн шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар С.Ганболд, гишүүдээр Т.Төгсбаяр, Х.Одгэрэл, Д.Чулуунбат болон нарийн бичгийн дарга Г.Түмэнхүү нар ажилласан байдаг. Гэтэл Х.Одгэрэл, Д.Чулуунбат нар худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны бүртгэлд байгаагүй аж.
Д.Дорж /unen.mn/
URL: