Газрын төлөөх дайнд ганзага дүүрэн Грандлайн
Хотын даргын мөрөөдөл биеллээ олж өөрийн гэр бүлийн эрх дарх, хөрөнгө мөнгө, хөдлөх хийгээд үл хөдлөх өмчөө зузаатгах бодлого эхнээсээ амжилттай хэрэгжиж байна. Яг л өнөөх барж идэхээр мэрж идэхийн ил тодхон жишээ юу гэлтэй. Баатар дарга үнэхээр алсын хараатай, аавын ухаантай аргагүй л ардчиллын анхны алтан хараацайн даль жигүүр цуцаагүй улам бүр шунан дурлан тэмүүлэн, дүүлэгч гэдгээ үг, үйлдэл бүхнээрээ хотын даргын сэнтийд тухласан цагаасаа л улам тод харуулах боллоо. Үүл даргын улайм цайм энэ үйлдлүүд түүний хэн бэ гэдгийг илчлээд эхлэв. Бат-Үүлийн Чулуудай азтай хүү юм. Сайн эцгийн буянаар нийгмийн аль ч салбарт гар хуруугаа дүрж алдаа гэхээсээ илүү оноог нь амталж аархаж яваа “бяцхан” хүүдээ хотын дарга аавын бийд газар өмчлүүлээд эхэллээ. Монголчуудын минь нэг нь ч болтугай сайхан яваа бол сайн хэрэг. Гэвч сайн үйлийн жишээ аав хүүгийн гар, ганзага нийлж буй үйлдлээс лав харагдахгүй байна. Хүч тэнцүүгүй бизнесийн гараанаас нэг бус удаа Бат-Үүлийн гэр бүлийн компани цойллоо. Гэтэл даварсаар даварсаар түүний үйлдэл хүрээгээ тэлж олны нүдэн дээр томорч эхэлсэн нь хэвлэлийнхэн “Хотын дарга эрх ашгийн зөрчилтэй юу” хэмээн асуухад хүргэв. Би л хувьдаа тийм гэнэ. Яагаад үгүй гэж. Тийм. Учир нь Үүл даргын ерөнхий шүүгчээр ажилласан гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй туршлагаараа хүүгийнх нь “Грандлайн” багтаж олныг гайхашруулсан. Улаанбаатарт “Грандлайн” гэх барилгын компани болоод хүү Чулуудайнх нь гар хурууны үзүүрээр боссон нэг ч барилга байхгүй. “Эрдэнийн төгөл” гэх манай нийгмийн олигархиудад зориулагдсан Туулын чухал бүс дэх үнэтэй хаусуудыг нь үл тооцвол энэ гэр бүлийн бүтээн байгуулсан орон сууцыг эрээд ч олохгүй. Бүр гэгээн цагаан өдрөөр гэрэлт дэнлүү барьж хайгаад ч нэмэргүй. Хүүдээ түүхэн тендер өмчлөөд өгчихсөн ийм л жаатай аавын тухай тийм л эрх ашиг, эрх мэдлийн зөрчилтэй хотын даргын тухай яриа намжиж амжаагүй дахин нэг мэдээ өдөр тутмын сонины хуудаснаа шарлаж эхэллээ.
Үүл даргын хүүгийн компани барилгын салбараас үсэрч замын ажилд ханцуй шамлан дайрах нь гэсэн мэдээ. Дахиад л өнөөх “Грандлайн”.
Жилээс жилд жижгэрч буй нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбай, хүүхдийн тоглоомын газрууд эрх мэдэлтнүүдийн харааг булааж хайрыг татах болсон. Түүний нэгэн адил Ботаникийн цэцэрлэгийн талбай хэдийнэ өмчлөгдөж хүнийх болжээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн зүүн талын дөрвөн га газарт Шүүх, прокурорын цогцолбор барихаар Хууль зүйн яамныхан хэдийнэ төлөвлөсөн бол нийслэлийн ЗДТГ баруун талын 17 га газарт сургууль, цэцэрлэг барина гэж байна. Хамгийн сонирхолтой нь өнөөх л ус, сүү шиг хаана л бол хаана сүлэлдэн яваа “Грандлайн” тус цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсгийн хоёр га газарт зам тавихаар ийнхүү хувьсан өөрчлөгдөхийн гайхамшгийг үзүүлж явна. Хувьсан өөрчлөгдөх гэснээс хамелеон гэж өнгөө өөрчилдөг харь нутгийн амьтны тухай манайхан хэсэгтээ ярьж, бичдэг байсан. Тэгээд мартсан. Монголоор бол могой газрынхаа өнгөөр гэдэг л хэллэг шүү дээ.
Гишгэх газаргүй, нарлаж салхилах орчингүй болох вий гэхдээ тус хэсгийн оршин суугчид баахан сандарч 24 цагаар цэцэрлэгээ манаж буйгаа дуулгана билээ. Иргэд эрх мэдэлтнүүдээс ингэж л айж байна, цаана чинь. ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга П.Баяр “Ботаникийн цэцэрлэгт барилга барихыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд албан бичиг илгээжээ.
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн захирал Ч.Дугаржав “Ийм чухал газраа устгаж болохгүй. Улаанбаатарт жилд 7.8 сая тн угаарын хий ялгардаг. Хотын нэг хүн өдөр бүр 18 кг угаараар амьсгалж байна. Нэг га талбайн навчит ой жилд 220-275 кг угаарын хий шингээж, 185-215 кг фетонцид (агаар цэвэрлэгч бодис) ялгаруулдаг. Тэгвэл нэг га газрын навчит моддын навчийг нийлүүлээд дэлгэхэд таван га, ийм талбайн шилмүүст моддын навчийг дэлгэхэд 10 га талбай бүрхэнэ. Нэг хүний ганц хоногт амьсгалах агаарыг цэвэрлэхэд дөрвөн мод шаардлагатай. 2007 онд Улаанбаатарт 200 га ногоон байгууламж байсан бол тэнд барилга барьсаар хоёр жилийн дараа 144.5 га болж багассан. Ботаникийн цэцэрлэгийн 24.5 га талбайг устгачихвал Улаанбаатарт одоо байгаа ногоон талбайн тавны нэг нь устаж, 1200 хүний амьсгалах агаар бохирдоно гэсэн үг. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд мод тарих, хотоо ногооруулах гэж чармайдаг болсон ийм үед Ботаникийн цэцэрлэгийг устгах гэж байгаад гайхаж байна” гэсэн юм.
Энэ бол жирийн ардын газар нутгийнхаа нэгээхэн хэсгийг ч болов хамгаалж үлдэх гэсэн хүний үг. Эрх дархтнуудтай иргэд ингэж л тэмцэж байна. Гэтэл яахаараа хууль сахиулаад хотыг минь хот шиг хот болгоод өгөөч хэмээн сонгосныхоо хариуд аав, хүү хоёроор өр рүүгээ өшиглүүлэх ёстой гэж вэ. Э.Бат- Үүл эхээс төрөхдөө л хотын дарга болж төрөөгүй. Б.Чулуудай ч эхээс унахдаа гартаа “Грандлайн”-ыг атгаж мэндлээгүй байлтай. Ийм байхад хүү нь иргэдийн татварын мөнгөөр халаасаа дүүргэж, олон нийтийн санал, дэмжлэгийг аав нь уландаа гишгэлж гэр бүлийн компанидаа хотын чухал бүсүүдэд газар зүслээд суух дархан эрхийг өөрөө өөртөө бий болгочихоод төрөлх зан, зөн мэтээр аяглах нь юуных билээ. Үнэт цаас, дуу хөгжмийн зах зээлээс эргээ мэдэхгүй хальж, барилгын салбарт буурь сэлгэсэн Б.Чулуудай дахиад л урт гартайгаа харуулж хотын төвд хоёр га газарт зам тавих нь ээ. Үгүй, ээ мөн чиг авъяастай төрсөн хүү юм аа.
Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн Э.Бат-Үүлийн Чулуудай барилга хийгээд замын салбарт хүч үзэхээр ийнхүү ааваараа дахин нэг тахимаа өргүүлсэн нь хотын даргыг эрх ашгийн зөрчилтэй. Гарцаагүй үнэн гэвэл энэ, хэмээн чанга дуугарахад хүргэв. Үгүйсэн бол түүний хүү жирийн ардын 30 гарсан залуусын нэгэн адил найман хувийн ипотекийн зээл мөрөөдөж үгүйсэн бол ажлын байранд хөлөө олох гэсэндээ ах нарт шар тайлах юмыг нь дөхүүлэх шахуу л гүйх байсан болов уу. Гэтэл тэгсэнгүй. Тэр том юм.
Түүхэн ажлыг толгой мэдэн хариуцахаар “Грандлайн”-аараа түшиг хийж хотын дарга ааваараа замаа засуулж явнам. Хүрз байтугай ганц тоосго ч барьж үзээгүй мэргэжлийн бус залууд бүтээн байгуулалтын ажил амархан санагдаагүй л байгаасай даа. “Brix” хэмээх шөнийн цэнгээний газар, “Сонор” студи, “Чугу” компанийг толгойлж байсан гэдгээр нь Чулуудайг хүрээллийнхэн нь мэддэг юм билээ. Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн жишээ болж Б.Чулуудай барилга хийгээд замын салбарт балаг тарих вий дээ.
Даргын хүү дарга л болдог гэх шинэ цагийн хуулиар Б.Чулуудай ч мөн дарга байнам. Үүл дарга аа, ХОМ-тээ ч нэрийг нь дурьдаагүй “Грандлайн”-д зам, барилгын тендерүүдийг зүсэлж өгөөд байгаагийнхаа шалтгааныг дэлгэвэл яасан юм бэ. Хүүгийн чинь компани ямар шалгуурт чинь тэнцээд ийм дархан эрх эдлээд байгааг танд итгэсэн олон нийтэд тоймлохгүй тоочно уу. Та эрх ашгийн зөрчилтэй юү.
URL: