Монгол авир наадамд гай болох вий
Наадмыг Хүннү Сүннүгийн үеэс эхтэй гэдэг. Монгол түмний баяр баяслын дээд эрийн гурван наадам ийн нэн эртний улбаатай аж. Харин энэ жилийн наадмыг төсөв өндөртэй гэж үзэж байгаа.
Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” болон шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд орсон нь онцлог юм.
Түүнчлэн, наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц байхаар төлөвл өгд өөд байгааг салбарынхан тайлбарлаж байсан. Энэ бүх зүйл болох газар Төв цэнгэлдэх. Тиймээс наадмын бэлтгэл ажил ямар түвшинд явагдаж байгааг уншигч та бүхэндээ хүргэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.
Төв цэнгэлдэх хүрээлэн өнгө нэмж байна
Өвгөн буурал цэнгэлдэх хүрээлэн засварт оржээ. Хэд хэдэн нийгмийн нүүрийг үзэж байгаа цэнгэлдэх хүрээлэнд томоохон засвар хийж байсан нь тун ховор. Өнгө нэмж буй төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгаар орлоо. Эхлээд дотоод засвартай танилцлаа.
Будгийн ажил хамар цоргиж байв. Засварын ажил цэнгэлдэх хүрээлэн дотроо сүүлийн шатандаа оржээ. Үүнийг ажилчид нь ч ам нэгтэй хэлж байна. Мөн будгийн ажил ерөнхийд өө дуусчээ. Зөвхөн төв асрын будгийн болон бусад жижиг засварын ажил үлдсэн гэнэ.
Үзэгчдийн суудлыг бүрэн будаж, эвдэрхий сандлуудыг засаж, суудлуудыг дугаарласан байна. Үүнээс хамгийн сайхан гэмээр засварын ажил нь төв асрын доторх загварыг өөрчилж шинэчилсэн нь байв. Хүчит бөхчүүдийн зодоглох талбайн зүлэг ногоорч гүйцжээ.
Харин гадаад засвар дөнгөж эхэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хананы шаврууд зарим газраа хуурч унасан байгааг дахин засварлаж байна. Мөн хана, хаалга будах зэрэг ажлууд хийгдээгүй байв.
Өнөөдрийн байдлаар цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны хогийг огт цэвэрлээгүй байна. Жил болгон хөл толгой нь мэдэгдэхгүй болдог хоолны асрууд. Өнгөрсөн жил оочирлон байж авсан хуушуураа идэх гэтэл морьтой, дугуйтай, явган хүмүүсийн хөлөөр босох тоосонд даруулан модны сүүдэрт хам хум үмхээд л өнгөрсөн.
Энэ жил бас ийм байх уу. Хоолны асрууд зохион байгуулалтыг сайн хийхгүй бол шороогоор хачирласан хуушуур зооглодог жишиг тогтох вий. Одоогийн байдлаар энэ тал дээр ямар ч ажил хийгдээгүй байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон замын ажил дуусаагүй байна
Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн рүү тээврийн хэрэгсэл оруулахгүй гэсэн. Зөвхөн том оврын автобус зорчих эрх эдлэнэ. Харин хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хүрээлэнгээс зайдуу байрлах авто зогсоолд байрлуулж түүнээс цааш алхаж очих аж.
Гэтэл төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон замын ажил дуусаагүй байна. Наадмаас өмнө дуусна гэхэд юу л бол. Учир нь манайханд нэг муу зан бий. Тэр нь аливаа зүйлийг үргэлж хоцроож байдаг зан юм.
Энэ бол өмнөх бүхий л замын ажлын гүйцэтгэлээс харагдсан Монгол авир. Тэгэхээр цэнгэлдэх хүрээлэнг тойрсон замын ажилд нэн түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ наадмаа сайхан тэмдэглэх гэрэл гэрэлтэх шинжтэй.
Г.Золбоо
Эх сурвалж:
URL: