Манай улсад 700 орчим Вьетнам иргэн суурьшсан байна

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна. 

Манай улсад эдүгээ 700 орчим Вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг гэх тоо бий. Үүнээс 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээр иргэн ихэвчлэн визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зөрчил гаргадаг.

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй Вьетнам авто засварын газруудад хууль журмын дагуу үйлчилгээний тогтсон тариф байдаггүйгээс тухайн газрын эзэн болон үйлчлүүлэгч нарын хооронд маргаан үүсэх тохиолдол цөөнгүй байдаг аж.

Тус уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат “Бид Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэнд хяналт тавьж ажиллахдаа тэдний эрх ашгийг хохироохгүйгээр улс орны үндэсний эрх ашгийг дээдлэн ажиллахыг зорьдог. Манай улсад хууль ёсны дагуу оршин сууж байгаа гадаадын иргэдтэй хуулийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн.

Харин тухайн иргэн Монгол Улсын хууль, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийг хатуу чанд баримтлан ажиллана. Гадаад улсад оршин сууж, жуулчилж буй монголчууд тухайн улсын хуулийг ягштал дагадаг атал өөрийн улсын хуулийг үл тоомсорлон хууль сахиулж буй төрийн байгууллагуудад аливаа асуудлыг аргалаад өгөөч хэмээн ханддагийг хүлээж авахгүй. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан иргэнтэй хамтран ажиллахгүй гэдгийг анхааруулж байна” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих