“Рио тинто” Монголын банкинд мөнгөө байршуулахаас татгалзжээ
“Монголын Засгийн газрын томоохон эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улс “Рио тинто” группийг Оюутолгойн анхны экспортоо эхлэхээс өмнө орлогыг нь эх орондоо үлдээх шийдвэр гаргуулахаар чармайж байна” хэмээн “Блүүмберг” дамжуулав.
Тус агентлагт ярьсан эх сурвалжийн тайлбарласнаар Монголын Засгийн газрын албан тушаалтнууд Оюутолгой уурхайн орлогыг Монголд төвтэй банкинд байршуулах санал тавьсан ч “Рио тинто” татгалзжээ.
Лондонд төвтэй “Рио тинто” групп өмнийн говийн уурхайн алт, зэсийг Хятад руу тээвэрлэхээр төлөвлөж байсан ч ийн хойшлуулаад байна. Уг нь экспорт эхэлвэл 2020 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг бүрдүүлэх юм. Харин “Рио”-чуудын Манхэттан дахь уурхай нь жилд 450 мянган тонн зэс болон 330 мянган унци /10.35 гр/ алт олборлох хүчин чадалтай юм.
ОУВС-гийн тооцоогоор Оюутолгойн 34 хувийг эзэмшиж буй монголчуудад уурхайн ашгаас 71 хувь нь ирэх аж. Одоогоор “Рио тинто”-чууд Монголын банкинд орлогоо байршуулах эсэхэд тайлбар хийсэнгүй. Австралийн Мелбурн дахь тус группийн хэвлэлийн төлөөлөгч Брюс Тобин энэ тухай “Ямартаа ч манай анхны экспорт эхлэхэд бүх зүйл бэлэн болсон” хэмээв. “Монголын Засгийн газрын шийдвэр бидний тээвэрлэлт хэзээ эхлэхийг тодорхойлох юм” гэж тэрээр бас хэллээ.
“ЦАРЦСАН” ДАНС
Өнгөрсөн хоёрдугаар сард Монголын Засгийн газар Улаанбаатар хотноо “Рио тинто” группийн банкин дахь зарим дансыг “царцаасан” юм. Эдгээр гүйлгээнд төлөгдөөгүй татвар, нэхэмжлэл зэрэг багтаад байв.
Эдгээр данс “блоклогдохоос” өмнө ч хоёр талын яриа хэлэлцээ удааширч эхэлсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Рио”-чууд Зэсийн группийн захирлаараа Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга асан Б.Болдыг томилсон билээ. “Оюутолгой” компани анхны экспортоо эхлүүлэхээр сэтгүүлчдийг урьсан ч хоёр дахиа хойшлоод байна.
Ирэх лхагва гаригт болох Ерөнхийлөгчийн сонгуультай давхцан улстөржих вий хэмээн болгоомжлохдоо Оюутолгойн экспортыг хойшлуулсан хэмээн тайлбарлах хэсэг ч бий.
Ж.Цогзолмаа
URL: