“Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг тогтмол хийнэ
Даваа гариг бүрийн 17 цагт Ерөнхий сайдын өрөөнд улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсдог байсан “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа.
Улс орон даяар бүтээн байгуулалт өрнөж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, сэтгүүлчид олон асуулт тавьж байгаа тул салбар хариуцсан хүмүүсийн бодит хариулт тайлбарыг тогтмол өгч байхаар ийнхүү нээлттэй болгож буйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцлоо.
2012-2016 онд 12 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоос энэ жил 6 аймгийн замыг дуусгах ёстой. Дундговь, Дорноговийн Замын-Үүд, Өмнөговь хүрэх замууд хамгийн эрчимтэй урагшилж байгаа. Дорнод, Сүхбаатар зүүн аймгийг холбох зам хуваарийн дагуу саадгүй явж байна. Баянхонгорын замыг наадмын дараа гэхэд ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд А.Гансүх мэдээллээ. Харин Булган-Хөвсгөл чиглэл дэх Уньтын зам урагш муутай байгааг Ерөнхий сайд шүүмжилж, хариуцсан компани гэрээт ажлаа хийж чадахгүй бол даруйхан Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүл гэсэн үүргийг Зам тээврийн сайдад өглөө. Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын доод суурийн ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна, ирэх жил үндсэн ажлыг эхлүүлнэ гэж Зам тээврийн сайд хэллээ.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойшхи долоо хоногийн хугацаанд 6100 иргэн өндөр хүүтэй зээлээс шилжиж, шинээр 146 иргэн зээлээ авсан бол 100 мянга гаруй иргэн банкуудад хандаад байгаа юм байна. Жилийн 16-19 хувийн хүүтэй зээлтэй өрх 8 хувьд шилжүүлснээр сарын төлбөр нь 370-750 мянган төгрөгөөр хумигдаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан онцоллоо.
ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-5, Тавантолгойн станцуудын ажил графикийн дагуу явагдаж байгаа. Өнгөрөгч сард ажлыг нь албан ёсоор эхлүүлсэн Амгалангийн ДЦС-ын хувьд газар чөлөөлөлтийн асуудал бэрхшээл үүсгэж байгаа ч 7 дугаар сарын 1 гэхэд айл өрхүүдтэй гэрээлж дуусгахаар зорьж байна. Ингэснээр намар гэхэд газрынхаа 50 хувийг чөлөөлж, барилгын ажил эхлэх бололцоо нөхцөл бүрдүүлнэ. Нийслэлийн дулааны ачаалал үүрэлцэх энэ станц ирэх оны 8 дугаар сард ашиглалтад орох ёстой гэж Эрчим хүчний сайд М.Сономпил мэдээлэв.
“Гудамж” төслийн хүрээнд гурван чиглэлд бүтээн байгуулалт өрнүүлнэ. Энэ онд багтаан хотын төвийн 33 уулзварыг шинэчилж дуусгана, одоогийн байдлаар эхний хоёр уулзварыг ашиглалтад оруулсан. Цаашид 7-10 хоног тутамд нэг уулзвар шинэчлэгдэнэ. Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул голын хойд эргээр тавих хурдны замын зураг төсөл бэлэн болсон, Нарны замаас Хандгайт хүртэл Сэлбэ голын эрэг дагуулан тавих хурдны замын ажлыг наадмын дараа эхлүүлнэ гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.
Олон жил дамнан сунжирсан 22-ын товчооны замын шинэчлэл хэзээ дуусахыг Ерөнхий сайд энэ үеэр тодруулсан. Хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн гурван жил зогссон энэ замыг наадмаас өмнө ашиглалтад оруулна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хариуллаа. Мөн Нисэхийн замыг намар гэхэд дуусгахаар ажиллаж байгаа тухай тэрбээр мэдээлсэн юм.
Энэ мэтчилэн улс орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын эзэн хариуцагч, ажлын явцын талаар олон нийтэд мэдээллээ ил тод байлгах үүднээс “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг цаашид даваа гараг бүрийн 15:00 цагт тогтмолжуулахаар боллоо. Үүнээс гадна бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудын явцыг www.dedbutets.mn, “Гудамж” төслийн явцыг www.gudamjtusul.mn сайтуудаар иргэд хянаж, санал шүүмжээ илгээх боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: