Ө.Төгөлдөр: Орон нутгаас элсэгчдийн хуваарь сонголтыг онлайнаар явуулна
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс хуваарь сонголтын шинэ программын талаар тодрууллаа.
-Энэ жилээс эхлэн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтыг онлайнаар явуулах болсон байна?
-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын дүн оноо гарсны дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт болдог. 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэх элсэгчдийн хуваарь сонголтыг мэдээллийн технологи ашиглан олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болсон.
Уг програмд тухайн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хувийн мэдээлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо, мөн тухайн аймагт оюутан элсүүлэх хяналтын тоо, мөн мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэрэг багтсан.
-Шинэ системийн давуу тал нь юу вэ?
-Энэхүү системийг ашигласнаар элсэгчдэд хөдөө орон нутгийн хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болж байгаагаас гадна тухайн их, дээд сургуульд элсэгч өөрийн өгсөн шалгалтын дүн оноогоор ямар сургуульд элсэх боломжтойг шууд харах бололцоог бүрдүүлж өгсөн.
Мөн тухайн аймаг, орон нутагт ирсэн их, дээд сургуулийн хэдэн хуваарьирсэн, энэ хуваарийг хэн гэж элсэгч, хэдэн оноогоор авсан эсэх мэдээллийг харах, хянах боломжийг олгож байгаагаараа давуу болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ees.mn цахим хаягаас авч болно.
Б.Уран /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: