Авлигын төлбөрийг бид 2.9 саяулаа төлж байна

cc824ea94aaea90doriginalУИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн С.Баярцогтод АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлчихлээ. Ардчилсан намын баригддаггүй авилгачдын нэг нь ч гэсэн баригдлаа гэх хүн олон байх шиг байна. Өмнө нь шалгагдаж байсан Г.Дэнзэнгийн хэрэг юу болсон бэ?

-Дэнзэнгийн хувьд албан тушаалаа урвуулан ашигласан байна гэж үзвэл АТГ шалгана. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага тодорхой үйл ажиллагааг нь шалгасан. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх, тэр баримт бичигт өөрчлөлт оруулсан эсэх дээр цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн хараахан эцэслэж гараагүй байна. Нэр солигдсон эсэх, нөгөө олон Уянгаануудыг олж зарим нэг хүнээс мэдүүлэг авах ажил жаахан удаашралтай байгаа. Гэхдээ энэ асуудлыг шалгаж дуусгах ёстой. Хууль зүйн яамны харьяа бүртгэлийн байгуулла дээр ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа байдаг уу гэдгийг мухарлах ёстой. Үүнийг зөвхөн нэг албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой хэрэг гэж үзэхгүй. Цаашид эд хөрөнгөтэй, компаниудтай холбоотой ийм маргаан гарахад бүртгэлийн байгууллагаас болж буруудах, бүртгэлийн байгууллага хууль зөрчсөнөөс болж эд хөрөнгийн маргаан даамжрах асуудал гарч болохгүй. Тэгвэл иргэд бүртгэлийн байгууллагад итгэхгүй болно. Бүртгэлийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нураахгүйн тулд бид хэн нэг албан тушаалтны гар хөлийн үзүүрээр бүртгэлийн баримт бичигт дураараа засвар ордог асуудал байгаа эсэхийг шалгаж нягтална. Шалгалтын үр дүнгээр энэ нь тогтоогдох юм бол холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцно. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй байна гэж үзвэл хуулийн дагуу, харьяаллын дагуу шалгах эрх бүхий байгууллагууд нь шалгаад явна.

-Г.Дэнзэн бүртгэлийн байгууллагад ажилладаггүй юм чинь албан тушаалаа ашигласан гэж үзэх аргагүй юм биш үү?

-Бүртгэлийн байгууллагын албан тушаалтан биш учраас энэ асуудал дээр ямар оролцоотой байсныг нь тогтоож л асуудал яригдана. Хэрвээ төрийн албан хаагч хуулийн дагуу, зохих ёсоор ажлаа хийж байхад хэн нэгэн албан тушаалтан өөрийнхөө албаны нэр сүрээр нөлөөлсөн, дарамталсан, шахсан байх юм бол энэ нь өөрөө авлигын эсрэг хуулиар хориотой зүйл. Албан тушаалаасаа өөрчлөгдөх хүртэл хариуцлагатай тийм үйлдэл. Энэ үйлдэл нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ одоогоор эцэслэгдэж тогтоогдоогүй байгаа учраас хэн нэг нь буруутай гэж шууд хэлэхгүй. Хэргийн шалгалт явагдаж байгаа. Бүртгэлийн байгууллага өөрөө Хууль зүйн яамны харьяанд байдаг учраас би Хууль зүйн сайдын хувьд энэ асуудал дээр илүү эмзэг хандаж байгаа. Миний хариуцаж байгаа салбарт ийм асуудал гарч байгаа бол гэм буруутай этгээд аль нам байхаас үл шалтгаалаад асуудлыг эцэслэн шалгаж шийдвэрлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай.

-Дэнзэнгийн хувьд үйлдэл тодорхой юм байна. С.Баярцогт дээр тийм юм байхгүй биз дээ? Тийм байхад өмнө шалгасан хэргээ яагаад дахин шалгах болсон юм бол?

-С.Баярцогт дээр бол тодорхой болсон үйлдэл нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн эзэмшилд байгаа дансаа мэдүүлээгүй гэдэг асуудал байгаа. Энэ нь өөрөө Авлигын эсрэг хууль болон Сонирхлын зөрчлийн хуулийн “хувийн сонирхол, хөрөнгө орлогоо зөв мэдүүлэх” гэдэг үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдэл. Тодорхой дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдэг бол хуулийн зөрчил. Энэ зөрчилтэй нь холбоотой асуудлыг АТГ шалгаад эцэслэчихсэн. Өөрөө “Би ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой” гээд УИХ-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгээд өгчихсөн. Гэвч тэр дансанд байсан мөнгө өөрөө ямар мөнгө байсан бэ гэдэг олон нийтийн хардалт байна. Бас зарим иргэдийн гомдол байх шиг байгаа юм. Тийм учраас тэр мөнгө нь ХОМ-т нь мэдүүлэгдсэн хууль ёсны орлого байсан уу, эсвэл хуулиас гадуур орлого байсан уу гэдгийг шалгах шалгалт нь одоо явж байгаа байх.

Дансаа мэдүүлээгүй зөрчил өмнөх УИХ-ын үед ч гэсэн цөөнгүй гишүүн дээр гарч, тухай бүрд нь тэр зөрчлийг нь арилгуулаад, сануулаад явж байсан практик бий. Тэр дансанд их хэмжээний мөнгө байгаа бол харин асуудал үүснэ. 2012 онд батлагдсан Эрүүгийн хуулийн “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг заалт байгаа. Мэдүүлээгүй дансанд нь их хэмжээний мөнгө байгаад тэр мөнгөний эх үүсвэрийг нь тухайн албан тушаалтан тайлбарлаж чадахгүй бол түүнийг нь “авлигын улмаас олсон байж болзошгүй” гэж үзэж, эрүүгийн хэрэгт татдаг шинэ хуулийн тогтолцоо 2012 оноос бий болсон.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?

-Одоогоор Ё.Отгонбаяр гэдэг хүнтэй холбоотой тодорхой шалгалтууд бол хийгдэж байгаа. Тэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү, үгүй юу гэдэг дээр хуулийн байгууллагууд өөрсдөө, тэр дундаа прокурорын байгууллага илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Хэд хэдэн хэрэгт хамааруулан шалгалтууд хийгдэж байгаа.

-Ё.Отгонбаяр гэдэг хүний өөрийгөө, бас эхнэрийгээ “Улс төрийн золиос болчихлоо” гэж телевизээр мэдэгдэл хийж, твиттер хуудсаараа цацаж, нэлээд дуулиан болгосон шүү дээ. Ямар эх сурвалжаар түүнийг анх шалгах болсон юм бэ?

-Хууль зүйн сайд дээр өглөө болгон шинээр гарсан гэмт хэргийн тухай ерөнхий мэдээллүүд орж ирдэг. Энэ оны хавар, гуравдугаар сарын сүүлээр гэгээн цагаан өдрөөр Энхтайвны гүүрэн дээр хэсэг хүн нэг хүний машиныг хүч хэрэглэн зогсоож, өөрийг нь боомилон мөнгө нэхээд, машиныг нь дээрэмдэж авч явсан тухай гомдол ирсэн, тэр хэргийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Тэр үед би цагдаагийн байгууллагад үүрэг өгсөн. Улаанбаатар хотын гудамж байтугай Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч өнцөгт хэн нэгэн хүн хэн нэгэн хүнийг дээрэмдэх, мөнгө нэхэх үйлдэл байж болохгүй. Гэмт хэргийн ертөнцөд нэр нөлөөтэй, түүгээрээ айлган сүрдүүлж бизнесийнхнийг дарамталдаг, татвар хураадаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг үйлдэл байж болохгүй. Ц.Нямдорж сайдын үед хамгийн их гайхуулж ярьдаг зүйл бол тэр шүү дээ, ийм бүлэглэлүүд үгүй болсон гэдэг. Гэтэл тэр бүлэглэл Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад сэргэж болохгүй. Тийм учраас энэ хэргийг нягталж шалгаад, хариуцлага тооцоод , асуудлыг цэгцэл. Дахиж ийм гэмт хэрэг гарсан тухай би сонсохыг хүсэхгүй байгаа шүү гэдэг байдлаар цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн.

Тодорхой хугацааны дараа цагдаагийн байгууллага үр дүнгээ танилцуулахдаа надад гурван зүйлийг онцолсон. Нэхсэн мөнгө нь авлигатай холбоотой юм байна. Өмнө нь сайд байсан хүнтэй холбоотой тодорхой тендер, байшин сав хүлээж авахтай холбогдуулан хувь нэхсэн гэж ярьж байна. 230 сая төгрөг нэхэж зодсон, машиныг нь дээрэмдсэн хүмүүсийн нэг нь сайд байсан хүний багын найз бөгөөд тэднээр дамжуулан сайдтай хэд хэдэн удаа уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэр мөнгийг хий гэж өгсөн дансны дугаар нь сайд байсан хүний эхнэрийнх байна. Энэ эмэгтэйн нэр дээр одоо тогтоогдоод байгаа нь 26 данс байна. Тэдгээр дансаар маш их хэмжээний мөнгө орж гарсан бүртгэл байна, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд дээрмийн хэрэг маань албан тушаалын болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбоотой болоод явчихсан. Ямар ч тохиолдолд шалгаж нягтал гэдэг үүргийг л би цагдаа нартаа өгсөн. Их олон хэрэг нийлсэн ийм л хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.

-Ё.Отгонбаяр гишүүн эхнэрээ баривчлагдсаны дараа энэ хэргийг Ерөнхийлөгийн сонгуультай холбож нэлээд дайралт хийсэн. Одоо тэгээд хуулийн дагуу мэдүүлэг энэ тэрээ өгдөг юм болов уу?

-Мэдэхгүй. Ямар ч байсан хуулийн байгууллага хуулийн дагуу шалгалтуудаа нарийвчилж явуулна. Тэр нь сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, аль нам байхаас үл шалтгаалаад хууль сахиулагчид нотлогдож байгаа баримт, шалгагдах эх үүсвэрүүд рүүгээ л очиж шалгалтаа хийдэг. Баримтаар нотлогдохгүй бол шүүхэд хэн нэгнийг аваачиж, гэм буруугийн асуудал ярихгүй шүү дээ. Хуулийн байгууллага зөвхөн баримтыг л дагана. Түүнээс биш хар таамаг, хувийн үзэл бодлыг дагахгүй. Ямар ч байсан Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа, хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийг өрнүүлж байгаа энэ тохиолдолд хэн нэгнийг хэлмэгдүүлдэг хуулийн тогтолцоо руу явуулахгүй. Улс төрийн шалтгаантай байж магадгүй гэдэг үзлээр хуулийн байгууллагын хэвийн ажиллахад дарамт шахалт үзүүлэх боломж, нөхцөлийг бас олгохгүй.

-Саяхан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар бас гадаадаас ирээд баривчлагдсан. Тэр үед бас л “Улс төрийн шалтгаантай битгий байгаасай” гэдэг үг унагаад амжсан. Сонгууль дөхчихсөн байсан учраас тэр байх. Гэвч сайф алдагдсан үе, хэргийг шалгаж эхэлсэн цаг мөч бас л эртнийх биз дээ?

-Сейф алдагдсан, олсон үйл явдал бол бараг жил хагасын өмнөх явдал шүү дээ. Яагаад шалгахгүй орхисон, нуусан гэдэг нь дараа дэлгэрэнгүй мэдээлэгдэх байх. Ямар ч байсан хэн нэгэн өндөр албан тушаалтны гэрээс сейф алдагдаад, дараа нь хог дээрээс тэр нь олдоод, тэнд нь их хэмжээний мөнгө байхад тэр нь ямар эх үүсвэртэй мөнгө вэ гэдгийг шалгахгүйгээр орхиж байна гэдэг бол хуулийн байгууллагад өөрт нь асуудал байгаагийнх.

-Хохирогч нь гомдол гаргаагүй юм уу?

-Анх сейф алдагдсан асуудлаар цагдаад гомдол гаргаад, дараа нь сейфээ олсон учраас дуугүй өнгөрөөчихье гэдэг байдлаар шалгуулахгүй орхих хүсэлт тавьсан юм билээ. Гэхдээ л хуулийн байгууллага сэжигтэй зүйлүүдийг шалгахаас өөр аргагүй. Тэгээд шалгалтууд явагдаад, асуудал сөхөгдсөн. Ний нуугүй хэлэхэд би өөрөө ч бухимдмаар зүйлүүд гарч л байна. Саяхан хүүхдийн баярын өмнө Баянгол дүүрэгт нөгөө хэл амтай гишүүний нэг тэр бумаар хүүхдийн эмнэлгээ ашиглалтад оруулсан. Тэр эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгөх гээд явж байхад эмч нарын зүгээс нэг гомдол маш их ирдэг байсан. Сүүлийн үеийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд үнэхээр чанаргүй байна. 2-3 сар болоод эвдэрч байна, зарим тоног төхөөрөмж хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээг эмч нар нүцгэн гараараа үзүүлж байна шүү гэж. Тэр тендер, бүх юм нь Эрүүл мэндийн яаман дээр л зарлагдаж байгаа шүү дээ. Сая эмнэлгээ нээсэн чинь хүүхдийн эмнэлэгийн эмч нар бас хэлж байна лээ. “Манай эмнэлэгт суурилуулсан тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд нэг, хоёрхон хувийн эмнэлэгт байдаг чанартай тоног төхөөрөмж байна” гэж байна. Би бусад эмнэлэгт төсөвлөдөг, тоног төхөөрөмжөө худалдаж авдаг тэр хэмжээнд нь л мөнгийг нь төсөвлөсөн. Тэгэхэд чанарын зөрүү яагаад ийм хол байгаа юм. Миний дургүй хүрээд байгаа гол шалтгаан тэр байхгүй юу. Эрүүл мэндийн салбарт, иргэдийнхээ эрүүл мэндэд зориулах ёстой мөнгийг хулгайлаад, сейфлээд, хүүхдийнхээ гэрт нуугаад, тэр нь хог дээрээс олддож байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь ганц Тэмүүжингийн асуудал биш, Монгол Улсад амьдарч байгаа 2,9 сая хүний асуудал болж байна. Сумын төвд ч бай, Улаанбаатарт, дүүргийн эмнэлэгт ч бай иргэд чанартай тоног төхөөрөмжөөр эмчилгээ үйлчилгээ авах ёстой. Гэтэл тэрнийх нь тодорхой хэсгийг авлигачид, албан тушаалтнууд тендерийн арав, хорин хувь гэж нэхэж авчихаад үлдсэнээр нь нөгөө компаниуд нь шаардлага хангахгүй хог авчираад хаячихаж байна. Яг үнэндээ энэ авлига гэдэг юмны төлбөрийг бид хоёр сая есөн зуун мянгуулаа эрүүл мэндээрээ төлж байна. Авах ёстой байсан боловсрол, аюулгүй байдлаараа төлж байна. Баянгол дүүрэгт барьсан хүүхдийн эмнэлгийг дахиад арвыг барих байсан мөнгийг нэг татварын байцаагч хулгайлчихаж байна.

-Эмнэлэг 1,5 тэрбумаар боссон гэлүү?

-Тийм. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн үед гишүүний тэрбум гэж байсан. Тэр тэрбум төгрөг, Д.Энхбат гишүүний 500 сая төгрөгөөр л боссон эмнэлэг шүү дээ. Албан тушаал, авлигын хэргийг ингэж хазаарлаж авах нь нэг талаасаа нийтийн өмчийг нийтийн ашиг сонирхол руу очих бололцоог нь олгож байна. Нөгөө талаасаа алдагдсан боломжоо буцааж олж авч байна. Авлигатай тэмцэнэ гэдэг зүгээр   нэг албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэхээсээ илүү авлигын улмаас алдагдсан мөнгүүдийг буцааж олж ирэх явдал. Жишээ нь Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлын үйлчилгээг сайжруулна гээд цагдаагийн хэсэг барих гэхэд мөнгө олддоггүй. Гэтэл хотыг бүхэлд нь аюулгүй болгох хэмжээний цагдаагийн үйлчилгээг сайжруулах мөнгийг нэг авлигач л идээд уучихсан байгаа байхгүй юу. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян “Манай хошууны бузрыг ухвал дуусахгүй” гэдэг шиг энэ улс орны дампуурсан, авлигачдын ууж идэснийг ухвал барагдах шинж алга байна даа.

-“Эрдэнэт” үйлдвэр лүү нэлээд эртнээс л шалтгалт орох гэж байна, орж байна, аудит хийж байна гэсэн сураг гараад байсан. Үүний үр дүн юу болсон бэ?

-Бас л сонгуультай холбоотой гэж хэлэх байх л даа. Тийм болохоор энэ сонгуулийг нь дуусгаад шалгалтын дүнг танилцуулах хэрэгтэй болох байх. Монгол Улсыг тэжээж явдаг ганц үйлдвэрийн нэрээр нэг хувийн компанид баталгаа гаргаад, маш их хэмжээний долларын зээл аваад явчихсан, тэрийгээ төлж чадахгүйгээс эргээд өрийг нь улс төлөхөөр болж байгаа дүр зураг байна. Мөнгөн дүнг нь сонсох юм бол Монгол Улсад оношлогооны супер төв хэд хэдийг барьчихаар мөнгө нэг албан тушаалтны үзэгний үзүүр, хувийн сонирхлоор явчихаж байна гэж бодохоор харамсмаар.

-“Эрдэнэт” үйлдвэр хэдэн жил сараар баяжмалаа нийлүүлж байж тэр өрнөөс гарах бол?

-Мэдэхгүй.

-Авлигын улмаас алдагдсан мөнгө одоо тогтоогдоод байгаа нь 57 тэрбум төгрөг. Түгээр 40 цэцэрлэг, 12 сургууль, найман эмнэлэг барих хэмжээний мөнгө байна гэдэг тооцоог зарим хүн хийсэн байна лээ. Тэрнээс гадна энэ нийгмийн оюун санааг тэр хэрээр хордуулж, хохирол учруулж байгаа юм биш үү? Сая жишээ нь авлигын хэргээр олон хүмүүс зэрэг зэрэг шалгагдаад ирэхээр “МАН ганцаараа хулгайч юм уу, АН ч гэсэн адилхан хулгайчтай шүү дээ” ч гэх шиг барьцаад л. Хулгайч нартаа дасал болчихоод, баригдлаа гэж баярлах хүн ч ховор болоод байгаа юм биш үү?

-Албан тушаалаараа амьдардаг авлигачдад өөрсдийгөө өмгөөлөх үндэслэл угаасаа байхгүй. Ганц гаргаж ирж байгаа үндэслэл нь барьцаж чадаж л байгаа юм. Тийм болохоор “уучлаарай” гэж хэлэхээс өөр үг алга. Авлигын гэмт хэрэгт намын харьяалал гэж юм байхгүй. Ард түмний хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ууж идэж байгаа нөхдүүдэд гэмт хэрэгтэн үү, гэмт хэрэгтэн биш үү гэдэг л ангилал байхаас биш аль нь аль намын гэмт хэрэгтэн бэ гэдэг ангилал байхгүй. Тийм болохоор одоо илрээд байгаа энэ хэргүүд дотор аль ч нам бус нөхдүүдийн ч ууж идсэн хэргүүд байна. Завсарт нь Ардчилсан намынхан ч бас орж ирэх магадлал байж л байна. Гэхдээ хуулиараа л асуудлыг хэмжинэ. Энэ нь энэ нам, тэр нь тэр нам гэдэг хэмжүүр байхгүй. Тийм учраас би авлигачдад нэг л зөвлөгөө өгч байгаа. “Уучлаарай. Та сайн өмгөөлөгч ав аа, асуудал чинь шүүх дээр шийдэгдэнэ” гэж. Гэмт хэргийг гудамжинд, эсвэл телевизын ярилцлага, интернэтийн орчинд, УИХ-ын танхимд биш, шүүхийн танхимд хэлэлцдэг юм.

-МИАТ-ын удирдлагууд мөнгө угаасан хэргээр 10-аас дээш жилийн ял аваад явчихлаа. Гэтэл тэдний нийгэмд учруулсан хохирол яаж төлөгдөх вэ? Өндөр ял өгсөн юм чинь гээд дуусчих уу?

-Битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс нь хурааж аваад төлүүлээд эхэлнэ. Өмнө нь гэмт хэрэгтнүүдийн хувьд ч, олон нийтийн дунд ч шоронд явчихаар төлбөрөөс чөлөөлөгдчихдөг гэдэг ойлголт байсан юм шиг байна лээ. Үгүй ээ, хуулинд тийм юм байхгүй. Ял шийтгэл гэдэг бол гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хүлээлгэж байгаа хариуцлага. Энэ хариуцлагын хажууд байнга дагалдаж явах ёстой зүйл бол хэрвээ та гэмт хэрэг хийхдээ бусдад хохирол учруулсан бол хохирлоо заавал төлнө гэдэг асуудал. Би шоронд суучихаад гараад ирсэн, одоо надад хохирол хамаагүй гэдэг хууль Монголд байхгүй.

-Ц.Чимэдцэрэнгийн 14 тэрбумын хохирол төлөгдөөгүй хэрнээ ялаас чөлөөлөгдчихсөн л явж байгаа биз дээ?

-Хохирлыг нь барагдуулах ажил одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр үргэлжилж байна. Дуусаагүй байгаа. Ц.Чимэдцэрэн гэдэг хүний нэр дээр өмч хөрөнгө олдох л юм бол түүнийг нь хурааж авна. Тийм учраас хохирол барагдуулах гэдэг хохирлоо барагдуулж дуустал нь зогсдоггүй ажил. Би шоронд орчихсон учраас хохирол төлөхгүй гэдэг хуучин буруу ойлголт одоо байхгүй болсон гэсэн үг.

-Нэг талаас АТГ, хуулийн байгууллагууд шударга ажиллаж байна, авлигачидтай тэмцэж байна гэдэг олон нийтийн дэмжлэгийн хажуугаар нөгөө талаас “Зөвхөн нэг намаас бариад байна, нөгөө намынхныг яагаад шалгахгүй байна аа” гэдэг шүүмжлэл бас явдаг. Магадгүй энэ нь Ерөнхий прокурорыг, шүүгчийг, АТГ-ын даргыг ч гэсэн Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдогтой холбоотой байх. Энэ хадлагаас яаж гарах вэ?

-Хардлага бол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэмт хэргийг шалгах явц чинь илэрч байгаа баримт дээрээ л түшиглэнэ үү гэхээс биш “Нэг намаас хэтэрхий олон яваад байна, одоо өөр намаас шалгая” гэдэг субьектив бодлоор явахгүй шүү дээ. Хэрвээ гуравдугаар сарын 20-нд Энхтайвны гүүрэн дээр хүч хэрэглэж, машин дээрэмдсэн хэрэг гараагүй бол Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой энэ хэрэг хэзээ илрэх байсныг би мэдэхгүй. Сонгууль болж байгаа учраас энэ хэргийг шалгаж болохгүй, эсвэл сонгууль болж байгаа учраас илүү хурдан шалгах ёстой гэдэг чиглэл өгч бас болохгүй. Би бол нэг л зарчим барьж байгаа. Хууль зүйн сайд хуулийн байгууллагыг хэвийн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Тэр дэмжлэг нь юу вэ гэвэл нэгдүгээрт хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Хоёрдугаарт, санхүү, эдийн засгийн баталгааг нь сайжруулах ёстой. Гуравдугаарт боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, хэрэг мөрдөөд сууж байгаа хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Хууль зүйн сайд авлигатай тэмцэнэ гэж итгэлтэй хэлэхгүй бол авлигын хэргийг мөрдөж байгаа мөрдөгч нар яаж зоригтой ажиллах юм бэ.

Ний нуугүй хэлэхэд өмнө нь цагдаагийн байгууллага, хуулийн байгууллага дотор гэмт хэргийн тухай мэдээлэл ороод ирэхээр алба хаагчид нь “Энэ гэмт хэргийг шалгах ёстой юу, үгүй юу?”, “Нийтэд мэдээлэх ёстой юу, үгүй юу” гэдэгт эргэлздэг, болгоомжилдог байсан. Яагаад гэвэл хуулийн дагуу хэргээ шалгаад эхлэхээр нэг дарга нь орж ирээд “Чи хэн болчихоод хэний хэргийг шалгаад байгаа юм” гээд шалгалтыг нь зогсоодог, олон нийтэд мэдээлчихээр “Чи мэдээлэх ёсгүй зүйлийг мэдээлчихлээ” гээд дарамталдаг байсан. Яагаад гэвэл нөгөө цагдаагийн дарга руу нь өөр нэг намын дарга утасдаад “Чи яахаараа манай намын хүнийг шалгадаг юм”, “Чи яахаараа манай найзыг барьдаг юм” гэж дарамталдаг байсан. Одоо бол шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн дарамт хуулийн байгууллага руу очих л юм бол тэрнээс нь хамгаалах хуулийн тогтолцоо, Хууль зүйн яам байна. Түүнийг таслан зогсоох улс төрийн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Тийм учраас хуулийн байгууллага ирсэн мэдээллээ нягтлаад хуулийн дагуу хариуцлага тооцоод л явах ёстой. Тэр нь аль намын хэн байх нь ерөөсөө падлий байхгүй. Хуулиараа л асуудлаа шийдүүлнэ. Бид хуулийн засаглалыг бий болгоно гэсэн болохоос биш хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний засаглалыг бий болгохгүй.

-Мартсанаас нэг юмыг асуухад, сонгууль дөхсөний ч гай юм уу. Өнөөдөр гурван нэр дэвшигч маань гурвуулаа авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох тухай яриад хэн нь шударга, хэн нь авлигач вэ гэдэг нь ч танигдахаа больчихлоо…

-Үгүй, сайн л биз дээ. Авлигатай тэмцэх гэдэг зөвхөн Ардчилсан намын ажил биш, аль ч намын асуудал болж байна гэвэл би бол хувьдаа баяртай байна. Ардын намын нэр дэвшигч, МАХН-ын нэр дэвшигч “авлигатай тэмцэнэ” гэж ярьж байна гэж байгаа бол авлига гэдэг зүйлээс салах ёстой гэдэг иргэдийн дуу хоолой, итгэл үнэмшил улстөрчдийн толгойд хатуу оржээ гэсэн үг. Дөрөвхөн жилийн өмнө ямар байсныг эргээд сана л даа. Авлигатай тэмцэх ёстой, хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ёстой гэж хэлэхэд “Монгол Улсад авлига байхгүй, чи хэнийг авлигач гээд байна” гэж уурлаж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө авлигатай тэмцье гэж дуугарч эхэллээ шүү дээ. Дөрөвхөн жилийн өмнө хууль шүүхийн байгууллагыг шинэчлэе гэхэд “Шинэчлээд болчихсон, чи юуг нь өөрчлөх гээд байгаа юм” гэж байсан хүмүүс өнөөдөр “үнэхээр шүүх, хуулийн байгууллагыг өөрчлөх ёстой юм байна” гэж хэлж байгаа нь дэвшил. Гэхдээ улс төрчдийн ой санамж заримдаа их богинохон байх юм даа. Өнгөрсөн дөрвөн жилийг эргээд харахад Д.Одбаяр гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга болсоны дараа л Шүүхийн тухай хуулиуд парламентаар хэлэлцэгдэж батлагдсан шүү дээ.

-Өмнөх дарга нь Б.Бат-Эрдэнэ гишүүн, одоо МАН-аас нэр дэвшигч байсан. Тэр үед та хоёрын дунд нэлээд ширүүн маргаан болдог байсан…?

-Тэр хүн ямар олон шинэчлэл, ямар олон дэвшилттэй санааг намынхаа даалгавраар улдан эсэргүүцэж, адалж хэвтэж байсан билээ. Би бүр тэвчилгүй хэлж байсан. “Хуульч ухаантай юм бол эхлээд наад хуулиа нэг цэгцлээд харчих. Юуг дэмжих, дэмжихгүйгээ эхлээд хэлчих. Би үнэнэдээ таныг хуульч гэж хэлэхээс ч ичиж байна” гэж хэлж байсан. Миний хажууд Д.Лүндээжанцан гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гишүүн байсан. Тэгэхэд Ө.Энхтүвшин гишүүн хажуунаас “Яах нь вэ. Хүнийг ингэж мэргэжлээр нь дорд үзэж болохгүй шүү дээ” гэж байсан. Хууль зүйн байнгын хорооны дарга юм бол ядаж хуульч хүн шиг хуулиа уншиж чаддаг байх хэрэгтэй шүү дээ.

-“Мэргэжлээр нь дорд үзлээ” гэдэг нь үнэндээ бол “мэргэжилгүй хүн шүү дээ” л гэсэн үг байх нь л дээ?

-Г.Совд багш, Б.Чимэд багш хоёр хамт сууж байгаад бас нэг удаа хэлж байсан юм. С.Нарангэрэл багшийг “Аваргыгаа хууль зүйн доктор болгоно оо” гээд дагуулаад гүйгээд байхад нэг нь Б.Бат-Эрдэнэд “Миний хүү, чиний амьдралаар энэ хүн тоглоод байх шиг байна аа. Бүтээлийг чинь үзлээ. Чи хууль зүйн доктор хийгээд хэрэггүй, спортоороо л доктор хий. Хууль гэдэг чинь өөр байдаг юм, энэ хүн ч гэсэн анзаарахгүй байх шиг байна. Хууль зүйн шинжлэх ухааныг ингэж гутаагаад яах вэ, миний хүү. Энэ шинжлэх ухааныг чинь босгох гэж олон хүн хөлс, хөдөлмөрөө зориулсан юм. Энэ олон хүний хөдөлмөрийг ингэж доромжилж болохгүй” гэж. С.Нарангэрэлд нь хэлээд ойлгохгүй болохоор Б.Бат-Эрдэнэд нь хэлж байгаа юм. Б.Бат-Эрдэнэд хаяглаж хэлсэн боловч С.Нарангэрэл багшид давхар хавсарч хэлсэн л үг байсан л даа. “Аварга, аварга” гээд докторын зэрэг өгөх гээд гүйгээд байдаг академич байж болохгүй биз дээ. Энэ хоёр бол буурал шинжлэх ухааныг өмөөрч хэлсэн байхгүй юу. Тэгэхэд Г.Совд багш амьд байсан. Би Бат-Эрдэнэ гэдэг хүний мэдлэг боловсролыг үнэлж цэгнэхгүй. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа энэ хүн намынхаа хүүхэлдэй л болчихсон явж байсан. Цаана нь байгаа “Авлига Монголд байхгүй, шүүх хуулийн байгууллагыг шинэчлэх шаардлагагүй” гэж хэлдэг хүмүүсийнхээ гар хөл болоод гүйж явсан шүү дээ. Тийм учраас миний тэвчээр барагдаад тэгж хэлсэн юм.

-Тэгж хэлэх хүртэл бас нэлээдгүй хугацаа, тэвчээр орсон байх, тийм үү?

-Мэдээжийн хэрэг шүү дээ.

-Нам нь үнэхээр муухай юм байж, яах вэ. Гэвч хүн нь гайгүй хүн байгаа юм гэх юм билээ шүү дээ, хүмүүс. Намынхан нь ч гэсэн тэгж тооцож нэр дэвшүүлсэн байлгүй?

-Сонгууль болж байхад хэнийгээ юу гэж сурталчлах нь тэдний л хэрэг шүү дээ. Би ч гэсэн аваргынх нь хувьд бол хүндэлдэг: Гэхдээ би барилддаггүй. Тийм байтлаа ”би бөх байна” гээд хажууд нь очоод дэвж шаваад байвал тэд ч гэсэн уурлана биз дээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг битгий доромжил гэнэ биз дээ. Түүнтэй л адилхан. Эргүүлд гарч үзээгүй цагдаагийн хурандаа, хуулийн шинжлэх ухааны тухай “А” ч үгүй хуульч, докторын тухай би ярих дургүй. Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний тухай би яримааргүй байна. Тэр тусмаа хуульчийнх нь тухай бүр яримааргүй байна. Тэгээд “Авлигын эсрэг зогсоно, хууль зүйн шинэчлэлийг дэмжинэ” гэж байгаа бол “Уучлаарай, тэр өрөөнд болсон яриа, тэр үед миний танд хэлсэн хатуу үг одоо ч хэвээрээ байгаа шүү” л гэж хэлнэ.

-Нөгөө талаас тэр хүн МАН руу чиглэсэн хамаг л муу муухайг аваргын нэр нүүрээр хааж, өөр дээрээ хүлээж авч байх шиг байна л даа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хүн өөрөө хүсээд нэр дэвшсэн ч юм билүү, намынхаа хатгаасаар ч ингэж яваа юм билүү, мэдэхгүй шүү дээ…?

-Ардын намдаа ч асуудал байгаа юм уу даа, би бол сайн мэдэхгүй юм байна. Ардын нам дотор бас зөв, сайн хүмүүс байгаа шүү дээ. Асуудлыг ул суурьтай харчихдаг, үнэн голоор нь дүгнэчихдэг хүмүүс энэ намд байгаа. Зүгээр энэ намын нүүр царай, энэ намын гол шийдвэр гаргалтан дээр авлигачид нь ирээд суучихсан учраас л намаа баллаж байгаа юм.

-Тэдний нэг нь ч энэ сонгуулиар ил гарсангүй. Тэгээд энэ хүн ганцаараа “Миний гар цэвэр ээ” гээд яваад байхаар заримдаа өрөвдмөөр ч юм шиг…

-Би ч гэсэн өрөвдөж байна л даа. Авлигачдынхаа өмнө нүүр болчихоод “Би авлигатай тэмцэнэ” гэж хэлж байгаа хүний дотор итгэл үнэмшил, олон зүйл нь юу бодогддог бол гэж би гайхдаг. Магадгүй энэ хэлж байгаа үгнээсээ эргээд айж байгаа ч болов уу гэж боддог.

-Ичиж ч байгаа болов уу?

-Ичих нүүр бол байхгүй ээ. Авлигачдад ичих нүүр байхгүй шүү дээ. Магадгүй хууль үйлчлээд ирэхээр айдас жаахан мэдрэгдэж байх шиг байна.

Б.СЭМҮҮН

URL:

Сэтгэгдэл бичих