Монголд ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдтэй уулзлаа

bd1b1445afee8920bigГадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон Харьяатын тухай хуулийг сурталчлах, байгууллагын бодлого, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх зорилготой энэхүү уулзалтад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дэд дарга М.Мөнхбат тэргүүтэй албаны төлөөлөл, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хоанг Дуан Тхинь, Монгол дахь Вьетнам иргэдийн холбооны дарга  Нгуен Хуй Дуан нар оролцов.

Манай улсад эдүгээ 700 орчим Вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа бөгөөд үүнээс 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээр иргэн ихэвчлэн визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зөрчил гаргадаг. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй Вьетнам авто засварын газруудад  хууль журмын дагуу үйлчилгээний тогтсон тариф байдаггүйгээс тухайн газрын эзэн болон үйлчлүүлэгч нарын хооронд маргаан үүсэх тохиолдол цөөнгүй байдаг аж.

Тус уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Дэд дарга М.Мөнхбат “Бид Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэнд хяналт тавьж ажиллахдаа тэдний эрх ашгийг хохироохгүйгээр улс орны үндэсний эрх ашгийг дээдлэн ажиллахыг зорьдог. Манай улсад хууль ёсны дагуу оршин сууж байгаа гадаадын иргэдтэй хуулийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна. Харин тухайн иргэн Монгол Улсын  хууль, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийг хатуу чанд баримтлан ажиллана.

Гадаад улсад оршин сууж, жуулчилж буй монголчууд тухайн улсын хуулийг ягштал дагадаг атал өөрийн улсын хуулийг үл тоомсорлон хууль сахиулж буй төрийн байгууллагуудад аливаа асуудлыг аргалаад өгөөч хэмээн ханддагийг хүлээн авахгүй. Хууль зөрчсөн үйлдэлтэй хамтран ажиллахгүй гэдгийг анхааруулж байна” хэмээв.

Г.Долгорсүрэн

URL:

Сэтгэгдэл бичих