Бохир хөрсийг “Онцгой байдлын ерөнхий газар”-ын агуулахад хадгалж байна

a7b257c8f4b1e033originalХимийн болон хөрсний бохирдлын асуудлаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Нямжавтай ярилцлаа.

-Манай улсад химийн хорт болон аюултай хэчнээн төрлийн бодис байдаг юм бэ?
-Улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад шатамхай хий, хортой, хоргүй исэлдүүлэгч, аюултай шинж чанаргүй даралтад савласан хий, хортой аюултай химийн бодис, нефтийн бүтээгдэхүүн гэх 620 гаруй бодис бүртгэлтэй байдаг. Мөн хэрэглэхийг хориглосон 80, хязгаарласан 20 гаруй төрлийн бодис бий.

-Химийн хорт бодисыг аль салбарт түлхүү хэрэглэдэг вэ?
-Одоо ашиглагдаж буй химийн бодисыг 21 аймаг, нийслэлийн 570 гаруй ААНБ хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Үүнээс уул уурхайн үйлдвэр 24, арьс ширний үйлдвэр 22 хувь бол бусад салбарт үлдсэн хувийг хэрэглэдэг гэсэн тооцоо байна.

-Шалгалтад хамрагдах байгууллагуудыг хэрхэн сонгодог вэ. Шалгалтад хамрагдсан компаниудыг нэрлээч?
-Тухайн жилд иргэдээс ирсэн санал хүсэлтийг харгалзан үзэж, судалгаа явуулж шалгалт хийх шаардлагатай компаниа сонгодог. Уг шалгалтад Дархан-Уул аймгийн “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, Сэлэнгэ аймгийн “Хөтөл шохой” компани, Орхон аймгийн “Эрдмин”, Улаанбаатар хотын “Цэцүүх трейд” гэх мэт таван компанийг сонгож, хуулийн хэрэгжилт, бүртгэл хөтөлдөг эсэх, ашиглаж буй химийн бодисууд жагсаалтад хамаарч байгаа эсэх, хадгалалт, тээвэрлэлт, устгах журам хэрэгжиж байгаа үгүйг шалгалаа.

-Уг хяналт шалгалтын явцад ноцтой зөрчил гарав уу?
-Таван ААНБ-ын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний болон менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, химийн бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл, реагент бодисын хэрэглээ ашиглалт, лавлах мэдээлэл хөтлөлт, эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байдал, дотоод хяналт зэргийг шалгалаа.

Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймагт хугацаа нь дууссан 200 литр онгоцны бензин, Дорнод аймгийн “Петро чайна дачиг тамсаг” компанийн хэрэглээнээс гарсан сав баглаа боодлууд, Налайх дүүрэгт хуучин шилний үйлдвэрт нэг тонн хүлцэл, Өвөрхангай аймагт 30 тонн ургамал хамгаалах бодис, Завхан аймагт чанарын шаардлага хангахгүй 150 литр бензин зөрчилтэй химийн бодисууд аймаг, нийслэлд стандартын бус агуулахад хадгалагдаж байна.

Мөн “Дархан төмөрлөгийн үйлдвэр” компани нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, “Реактив” компани, “Хөтөл шохой” үйлдвэр, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” нь хог хаягдлын цэггүй, аюултай бодис хадгалах ажлын байрны дүгнэлт гаргаагүй, бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөөгүй, гарч болшгүй аюулын үед ажиллах төлөвлөгөөгүй, байгаль орчны мэргэжилтэн байхгүй зэрэг зөрчлүүд илэрч зохих арга хэмжээ авлаа.

-Өнгөрсөн жилүүдэд Баянхонгор, Архангай аймагт мөнгөн ус алдагдаж хөрс бохирдсон тохиолдол гарсан. Үүнд ямар арга хэмжээ авав?
-Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, тус аймгуудын бохирдсон хөрсийг таван см хуулж шинжлэхэд мөнгөн ус илэрсэн. Улмаар 15, 30 см-ыг хуулж үзэхэд хөрсний бохирдол илрээгүй. 1х4 ам.метр, 15 тонн бохир хөрсийг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хадгалж байгаа.

-Агуулахад байгаа хөрс хүний эрүүл мэндэд хортой юу. Устгах уу?
-Баталгаат агуулахад хадгалж байгаа учраас аюулгүй гэж ойлгож болно. Одоогийн байдлаар хөрсийг ямар аргаар устгах шийдвэр гараагүй байна.

-Химийн хорт бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад жил бүр шалгалт хийдэг. Энэ жил зөрчил өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр байна вэ?
-Өмнөх онтой харьцуулахад энэ жил зөрчил дутагдал буурсан. Шалгалтад хамрагдсан ААНБ-ын 80 хувь нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлагад нийцэхүйц дотоодын лабораторитой, химийн бодис хадгалах тусгайлан бэлдсэн өрөө агуулахтай болсныг магтууштай.

Ж.Эрдэнэчимэг


URL:

Сэтгэгдэл бичих