Т.Амарзаяа, Ц.Алтантуяа: Монголын охид хэний ч өмнө битгий бөхий, бардам бай
“Шилмэл загварын ордон”-ы гэрээт загвар өмсөгч, мисс Т.Амарзаяа, Ц.Алтантуяа нартай ярилцлаа. Тэд энэ сарын эхээр Буриад улсад зохиогдсон миссийн тэмцээний 1,2 дугаар байрыг эзэлж бахдам амжилт үзүүлээд ирсэн юм. Охидтой миссийн тэмцээн, загварын ертөнцийн нууцууд , өнөөгийн залуусын үзэл бодол гээд олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.
-Буриадад болсон миссийн тэмцээнээс яриагаа эхлэх үү? Хэд дэх тэмцээн бэ?
-Амарзаяа: Гадагшаа явж оролцсон хоёр дахь тэмцээн.
-Алтантуяа: Миний хувьд мисс, модель хоёр холилдчихсон.
ОХУ-д миссийн тэмцээн зохион байгуулж байгаа хүн манай “Шилмэл загварын ордон”-той холбоотой байдаг.Улаан-Үд хотноо болсон “Краса Байкала-2013” Буриад улсын мисс шалгаруулах тэмцээнд Монголоос урьж оролцуулж байна гэсний үндсэн дээр бид хоёрт санал тавиад өөрсдийгөө сориод ирлээ.
Ямар амжилт үзүүлэв?
- Алтантуяа: “Байгаль нуурын гоо үзэсгэлэн” Амараа нэгдүгээр байр, би хоёрдугаар байр эзэлсэн. Гранфри шагналыг Буриадын гоо бүсгүй, гуравдугаар байрыг Чита-аас ирсэн гоо бүсгүй авсан. Нийт 27 гоо бүсгүй оролцсон. Киев, Чита, Улаан-Үд, Иркутск, ОХУ болон Монгол бүсгүйчүүд оролцсон энэ тэмцээн маань бүтэн хоёр сарын турш үргэлжилсэн юм билээ. Бид хоёрын хувьд зургадугаар сарын 5-нд яваад зургаан сарын 8-нд ирсэн.
-Амарзаяа: Шалгаруулалт, зураг авалт, бүтээгдэхүүний нүүр царай, реклам,тайзны алхаа, хүмүүнлэгийн ажил гээд олон шалгууруудаар шалгасан. Бид хоёрын хувьд финалынхаа өмнөхийн өмнөх өдөр очоод бэлтгэлдээ цуг ороод финалдаа 3-4 хоног өрсөлдөөд хөөрхөн амжилт үзүүлээд ирлээ. Баяртай байгаа.
- Бусад охид хоёр сарын турш өрсөлдөөд та хоёр маань яагаад зөвхөн финалд өрсөлдсөн талаараа тайлбарлах уу ?
-Бид хоёрын хувьд ерөнхийдөө онлайнаар танилцуулга, зураг зэрэг бүх зүйлээ явуулж байгаад яг финалын үеэр уригдаж очсон.
-Урьд нь ямар тэмцээнд орж байсан бэ?
-Алтантуяа: Оны өмнө 8 сард Шилмэл загварын ордноос зохион байгуулсан “Mongolian beauty”-2012” тэмцээний хоёрдугаар байрыг эзлээд Хятадын Наннинь хотноо болсон “Азийн супер модель” гээд олон улсын моделийн тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан. Нийт 27 охид өрсөлдсөнөөс ”Asian super model” шилдэг арван бүсгүйн шагнал, мөн “Эрч хүчтэй модель” гэсэн хоёр шагналыг хүртсэн. ОХУ-аас таван охин урилгаар оролцсон.
-Амарзаяа: “Mongolian beauty”-2011”тэмцээний 2 дугаар байрыг шагналыг аваад Итали руу аялах эрхээр шагнагдаж байсан. Өнгөрсөн жил “Mongolian beauty”-2012” тэмцээний шилдэг 5-ын нэгээр шалгараад Олон улсад эхний тавд ордог тэмцээнд орох эрхээр шагнагдсан. Хоёр оны зааг буюу 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 5-ны хооронд Малайзын “Куала-Лумпур“ хотноо болсон “Мiss Tourism international 2012” гээд 56 орны гоо бүсгүй оролцдог тэмцээнд Монголыгоо төлөөлж оролцоод шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан. Мөн “Шилдэг үндэсний хувцастай мисс” гээд давхар хоёр шагналтай ирсэн.
-Загварын ертөнцөд хэзээ хөл тавив?
-Бид хоёрын хувьд бусадтайгаа харьцуулбал жаахан хожуу хөл тавьсан л даа.
-Алтантуяа: Багаасаа л их өндөр хүүхэд байсан. Охид жаахан байхдаа загвар өмсөгч нарыг телевизээр үзээд “Энэ эгч шиг болох юмсан” гэж боддог шүү дээ. Тэрний адил мөрөөдөлдөө хөтлөгдөөд загварын ертөнц рүү орсон.
-Арван жилээ аль сургууль төгссөн бэ?
-77 дугаар сургууль төгссөн. “Монос” АУДС-ийн эм зүйчийн ангид сурдаг. Нэгдүгээр курстээ загварын агентлагт анх орсон.
Манай гэр бүлийнхнээс манай аав илүү дэмжиж байсан. Тэгээд “Шилмэл загварын ордон”-д бүртгүүлээд Хулангоо багшийн удирдлаган дор загварын ойлголтуудаа заалгасан.
-Амарзаяа: Эмэгтэй хүн өөрийгөө гоё аваад явчихдаг, хүнтэй аятайхан харьцчихдаг, гоё хувцаслачихдаг гээд манай аав намайг хоёрдугаар курст байхад санал тавиад анх загварын дамжаанд оруулж байсан. Би энэ жил ХААИС-ийг аялал жуулчлалын чиглэлээр төгссөн. Ааваараа хөтлүүлээд Энхмаа багшийн удирдлаган доор хичээллэж эхэлсэн. Одоо аавдаа их баярладаг. Орос 3 дугаар сургуулийг төгссөн.
-Загвар өмсөгч, мисс хоёрын ялгааны талаар яривал?
-Амарзаяа: Загвар өмсөгч хүний царай чухал биш, гол нь бие гоётой, зөв пропорцтой, мэдрэмжтэй хүн байх ёстой. Дизайнерийн олон сарын турш урласан хувцсыг ганц хоёрхон минутын дотор үзэгчдэд хүргэж байгаа учраас нэг талаараа үзэгч дизайнер хоёрын зууч. Хүний бүтээлийг танилцуулж байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил.
-Амарзаяа: Мисс хүн гадаад дүр төрх их гоётой. Мөн тэрнээсээ илүү дотоод мөн чанар нь гэгээлэг , дотроосоо их гэрэлтсэн хүн байх ёстой гэж бодсон. Миссүүдийг хүмүүнлэгийн элч төлөөлөгч гэдэг шүү дээ. Тэр утгаараа хүмүүнлэгийн ажилд их оролцдог.
-Буриадын мисс тэмцээнд 27 охинтой өрсөлдөөд 1,2 дугаар байрынх нь шагналыг аваад ирлээ. Та хоёр маань бусдаас юугаараа илүү байв?
-Амарзаяа: Монголоос бусад орны охид их нээлттэй байдаг. Монголчууд их намбатай дөлгөөхөн. Энэ нь миссийн тэмцээнд илүү дөхөм болдог юм шиг санагдсан. Мэдээж гоё сайхан охин байлаа гээд аймаар нээлттэй замбараагүй байвал өөрийн гоо сайхнаа дардаг юм шиг.
-Хэтрэхээрээ юу?
-Тийм ээ. Хэтэрчихээрээ. Бас ажиглаад байхад Монгол охид тайзны ур чадвар, техник илүү сайтай байдаг. Миссийн тэмцээнд төрх нь илүү дөхдөг ч юм уу. Байгаа нь их гоё намбатай, даруу төлөв тэгж харагддаг. Бусдын зааж байгаа юмыг ойлгохдоо маш хурдан хүлээж авдаг.
-Миссийн болон моделийн тэмцээний ялгаа ?
-Алтантуяа: “Азийн супер модель” тэмцээнд Азийн 17 орон оролцсон. Нэг орноос 2 охин оролцож байсан. Юугаараа ялгаатай байдаг гэхээр моделийн тэмцээний бүх юм цаанаасаа дэс дараалалтай байдаг. Шүүгч нар нь “Маргааш та нар нүүрээ будахгүй, үсээ боогоод, халад таавчигтайгаа ирээрэй” гэхэд л яг тэгж очих шаардлагатай байдаг. Мисс хүн өөрийгөө өдөр болгон гоё байлгадаг байхад моделийн тэмцээн тийм юм байдаггүй. Хэн царайлаг, гоё биетэй нь чухал биш. “Будаггүй үед чинь харъя”, “Өсгийгүй гуталгүй үед чинь харъя” гээд бүгдэд нь ижил хар бикини тараагаад баруун зүүн урд хойноос нь харчихдаг. Биеийн пропорцыг харна, өндрийг нь харна гээд л бүх талаас нь зургийг нь авдаг.
-Амарзаяа: Миссийн тэмцээнд оролцогчид хүмүүнлэгийн ажилд илүү оролцдог.
- Монгол охид бусад орны охидтой харьцуулахад ур чадварын хувьд илүү байдгийн нууц юундаа байна?
--Алтантуяа: Сайн багш нарын ач тус гэж боддог.
- Хүндэлж явдаг загвар өмсөгч?
- Алтантуяа: Бүгдэнгээс нь үлгэр дууриалал авдаг. Хүн болгоноос авах юмыг нь аваад хаях юмыг хаяад жишээ авч явдаг. Төгс хүн байхгүй шүү дээ.
-Амарзаяа энэ жил сургуулиа төгслөө. Мэргэжлээрээ ажиллах уу? Загварынхаа чиглэлээр явах уу?
-Амарзаяа: Би аяллын чиглэлээр төгссөн. Одоо бизнесийн удирдлагаар гадаадад магистр суръя гэж бодож байгаа.
-Яагаад заавал гадаадад гэж?
-Миний сонгож байгаа газар бол Тайвань. Англи хэл дэлхийн хэл байсан бол одоо хятад хэл дэлхийн хэл болж байгаа. Тайванийг сонгосны учир гэвэл Англи Хятадаар хоёулангаар нь ярьдаг. Яагаад заавал гадаадад гэхээр нэгд би өөрийгөө хөгжүүлнэ. Хоёрт, гадны орны соёлд нүд тайлж ирээд Монголдоо хэрэгжүүлвэл эх орны маань хөгжил цэцэглэлтэд жаахан ч гэсэн хувь нэмэр болох юм болов уу гэж боддог.
-Гадаад хэл?
-Амарзаяа: Орос англи
-Алтантуяа: Солонгос, англи
- Авьяас?
-Амарзаяа: Долдугаар ангидаа “Хүүхдийн ордон”-ы Жагаа багшаар монгол бүжиг заалгасан, ардын бүжиг бүжиглэдэг. Мэдлэг, авьяас, асуулт хариулт,бусадтай харьцаж байгаа байдал, хүлээн авалтанд яаж оролцож байна, хүмүүнлэгийн ажил, өдөр тутам яаж биеэ авч явж байна гэх мэтчилэн миссийг янз янзын талаас хардаг.
Тиймээс хэсэг орхичихсон байж байгаад сая тэмцээний үеэр авьяас үзүүлэх шаардлагатай байсан болохоор сэргээсэн.
-Алтантуяа: Дуулах сонирхолтой.
-Ийм сайхан охидыг уншигчид маань найз залуутай болов уу гэж сонирхож байгаа байх?
-Амарзаяа: Найз залуутай.
-Алтантуяа: Найз залуугүй гэж ойлгож болно. Сэтгэлд таарсан хүнтэйгээ учраагүй л явна даа.
-Ямар залуу таалагддаг вэ?
-Алтантуяа: Зарим залуусыг хараад байхад хэтэрхий савсагнуур, цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг, шоу цэнгээнд илүү хөтлөгдчихсөн байдаг. Тийм биш илүү буурь суурьтай, хүнийг аваад явчихдаг намбатайгаас гадна эмэгтэй хүнийг ойлгодог, хүндэлдэг, ухаалаг залуус илүү аятайхан юм шиг санагддаг .
-Амарзаяагийн найз залуугийн юу нь илүүтэй таалагдсан бэ?
-Эр хүний нөмөр нөөлөгтэй. Намайг ойлгодог, хүндэлдэг зан чанар нь илүү таалагдсан.
-Гэрлэх төлөвлөгөө ойрын үед байна уу?
- Амарзаяа: Миний хувьд одоохондоо байхгүй.
-Алтантуяа: 25,26 хүрээд гэрлэвэл зүгээр байх. Эрт хүнтэй суугаад дэмий юм болов уу гэж боддог.
-Тэмцээний үеэр хамгийн их таалагдсан. Энийг л нэг хүмүүст хүргэчих юмсан гэсэн юм юу байсан бол?
-Алтантуяа: Олон улсын охидтой найз болоод гоё юм ярьцгаагаад , хөгжилдөөд байх нь илүү ойр дотно сэтгэгдэл төрүүлдэг.
-Амарзаяа: Миний хувьд ч гэсэн олон орны гоё охидтой найз болсон.
Миссийн тэмцээнд оролцогчидтой хамт харж хандах хүнгүй болчихсон настан буурлууд , бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй нэг өдрийг асрамжийн газар хамт өнгөрүүлсэн. Бүх найзуудтайгаа тэнд байгаа хүмүүст туслаад хамт байх сайхан байсан ч нөгөө талаар өрөвдмөөр санагдсан. Тэр их сэтгэлд үлдсэн. Бас нэг сайхан зүйл гэвэл Малайзад миний нэг мод ургаж байгаа. Монгол улсын нэрийн өмнөөс тарьсан. Гоё агшнуудын нэг байсан .
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын мисс байв?
-Амарзаяа: Миний хувьд Эрхүүгээс ирсэн охин илүү хүчтэй өрсөлдөгч юм шиг санагдсан. Харахад их хөөрхөн, тусархуу, бусадтай харьцаж байгаа нь илүү эв найрамдалтай санагдсан. “Ямар гоё охин бэ. Миссийн дүр төрхөд илүү нийцсэн охин байна даа” гэж харж байсан.
-Алтантуяа: Тэр Эрхүүгийн охин яалт ч үгүй нүдэнд тусч байсан л даа.
-Тэр охин ямар шагнал авсан бэ?
-Харамсалтай нь тэр охин шагнал авч чадаагүй.
-Шүүгчид ямар хүмүүс байв?
-Оросын миссийн тэмцээнийг зохион байгуулагч Москвагаас ирж шүүсэн. Мөн Буриадын миссийн тэмцээнийг зохион байгуулагчид, ивээн тэтгэгч байгууллагууд, зураг авалтын бүрэлдэхүүн бүгд шүүгч байдаг юм билээ.
-Зэрэглэлийн хувьд аль ангилалд багтахаар тэмцээн болж өнгөрөв?
- Уламжлал болгоод зохион байгуулаад олон жил болчихсон манайхаар бол “Мисс Монголиа” шиг маш том тэмцээн.
- Загвар өмсөгчийн ажил амархан юм шиг хэрнээ өндөр өсгийт дээр олон цаг зогсохоос эхлээд хэцүү гэлцдэг. Шантрах үе байсан уу?
-Алтантуяа: Байсан. Олон охидын дунд ороод заримдаа өөрийгөө голох асуудал гардаг. Тэр үед хамгийн сайн найз өөрөө л байгаа юм чинь. Өөрөө өөртэйгөө, дотоод хүнтэйгээ ярилцана. Бууж өгөхгүйн тулд өөртөө босго тавьдаг.Тэгж өөртэйгөө ярилцсанаар одоогийн амжилтад хүрээд сууж байгаа байх гэж боддог.
- Хүмүүс ихэвчлэн хэн нэгнээс сэтгэл зүйн дэмжлэг хүсээд байдаг?
-Алтантуяа: Би өөрөө өөртэйгөө ярихдаа илүү тайвширдаг. Гэртээ ганцаараа байхдаа чихэвчээрээ дуу сонсоод ч юм уу ”Чи болохгүй байна даа” гэх мэтээр яриад өөрөө асуугаад өөрөө хариулаад явчихдаг. Тэгэхээр хүн илүү ухааждаг ч шиг.
- Шантрах шахсан тэр хэцүү үе хэзээ байв?
-Хамгийн анх оролцсон өвлийн “Гоёл” наадмаар би нэлээн жин нэмчихсэн байсан. Тийм болохоор баахан охидын дунд алхахаасаа ч санаа зовоод “ Энд юугаа хийгээд байж байгаа юм бэ.Чи болио” гэж өөртэйгөө дотроо яриад сууж байсан. Манай менежер “Чи ямар их таргалчихсан юм. Гурав хоногийн дотор тур” гээд би гурав хоногийн дотор турж байсан.
-Яаж турав?
-Өөртөө шаардлага тавьчихсан болохоор ус уугаад. Жинхэнэ утгаараа тэр гурав хоногт би мацаг барихыг үзүүлсэн л дээ. Залуу хүн болохоор нэг их ядраагүй. Хоол идэхдээ биш амрахдаа гол нь байдаг учраас жингээ хасаад л “Гоёл”-доо орж байсан юм.
- Жин барина гэж их асуудал байх. Ер нь хоолны дэглэм хэр барьдаг вэ?
-Алтантуяа: Хоолны дэглэм сүртэй бариад байдаггүй. Оройн зургаан цагаас хойш юм идэхийг хүсдэггүй.
“Болохгүй ээ. Одоо байгаа юм чинь маргааш өглөө байж л таараа. Өглөө босоод идчихье” гээд өөртөө хэлчихдэг. Өдөр бол сайн иднэ. Заримдаа найз нөхөдтэйгээ уулзах юм бол орой иднээ. Эхэндээ хэцүү байсан ч сүүлдээ сурчихдаг юм билээ. Байнга иддэггүй болохоор хоёр гурван удаа орой идчихэд бол зүгээр.
-Амарзаяа: Хоол болон амттай шимттэй юмнуудыг “За за, би энийг чинь идэж үзсэн. Ийм л амттай шүү дээ”гээд иддэггүй.
-Загвар өмсөгчид өөрийгөө их сайн ялдаг ялагч нар шиг санагддаг юм?
-Амарзаяа: Хүмүүс загвар өмсөгч, мисс гэхээр өндөр нуруутай, юу ч хийдэггүй тайзан дээр гараад алхчихдаг гэж боддог. Гэтэл тэрний цаана асар их хүч хөдөлмөр байдаг. Миний хувьд биеийнхээ пропорцыг барихын тулд фитнессээр хичээллээд гурван жил болж байгаа. Байнга хөлсөө гаргадаг.
Нэгд, миний эрүүл зөв амьдралын нэг хэмнэл, нөгөө талаар бусдад гоё харагдаж бусдыг хүндэлж байгаагийн нэг хэлбэр. Тухайн хүн намайг хүндэлж байхад би хамаа намаагүй сууж байвал бас хэцүү. Дээрээс нь өөрийгөө оюун ухаан талаас нь цэнэглэж байх ёстой. Шилмэл загварын ордны удирдлагууд маань гэрээт моделиудаа гадны харилцаатай байлгаж их олон тэмцээн уралдаанд явуулдаг. Оюунцэцэг захирал биднийг “Өөрсдийгөө цэнэглэ” гээд англи хэлний сургалтанд суулгадаг. Тэр талаараа хүнийг хөгжихөд тусалж зөв төлөвшүүлдэг. Загвар өмсөгч байх хэцүү бас их хариуцлагатай. Өндөр бол загвар өмсчихдөг амархан гэж боддог. Үгүй шүү дээ. Аймаар хэцүү.
-Жирийн хүмүүсээс ялгаатай нь мисс загвар өмсөгчид гоё байх үүрэгтэй болчихдог юм шиг. Тийм болохоор зарим юмыг золиослоход хүрдэг үү?
-Алтантуяа: Зарим үед чөлөөтэй өөрийнхөөрөө явмаар л байдаг. Тэгэхээр “Өө тэр чинь худлаа юм байна лээ” гэдэг болохоор хэцүү л дээ.
-Амарзаяа: Үүрэг байсан бол сүүлдээ нээрээ ч хүмүүсийг хүндлэхгүй бол болохгүй гээд тогтчихдог. Дээрээс нь цаг завыг их золиослодог.
- Ер нь загвар өмсөгчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Нэг өдрийн шоунд орохын тулд бүтэн өдрийг зарцуулдаг. Оройдоо юм идэхгүй. Өглөө нүүрээ будахгүй очно. Фургоноо хийнэ, бэлтгэлээ хийнэ. Тайзан дээр яаж гарах вэ, ямар бэлтгэл хийх вэ, ямар хайрцгаар тавих вэ. Тэрний дараа үсээ янзална. Make-up хийнэ. Тэгсээр байтал оройны шоуны цаг эхэлнэ. Бүх хувцсаа хүлээлгэж өгөөд л нэг өдөр дуусна даа. Өдөр нь ус уугаад л байгаад байдаг.
-Ямар хоолонд дуртай вэ?
-Амарзаяа: Хар маханд дуртай. Ер нь монгол хоолонд дуртай.
-Автобусаар хэр зорчдог вэ?
- Амарзаяа: Бид хоёр байтугай ардын жүжигчин хүмүүс хааяа суугаад явж л байдаг шүү дээ. Автобусанд сууна. Дандаа таксидаад байх мөнгө хаана байх вэ. Ер нь бол ард түмэнтэйгээ явж өгнө шүү дээ. Том шил зүүгээд явчихдаг.
- Алтантуяа: Тоодоггүй. Хүмүүс суугаад байхад яагаад сууж болдоггүй юм. Хүний амьдрал шүү дээ.
- Загварын ертөнцөд их олон гоё охид байдаг. Тэр дундаас хэрхэн ялгарах ёстой юм бол?
- Алтантуяа: Тэр үед чинь л жинхэнэ өөртэйгөө ярилцана шүү дээ. Хүн болгонд хүнийг татах авьяас байдаг. Тэр нь л тусдаг юм байлгүй дээ.
- Амарзаяа: Харин тийм. Хүн болгонд бусдыг татах хүч байдаг. Миний хувьд гэвэл би их нийтэч зантай. Тэр тал маань их хүний нүдэнд тусдаг юм шиг байгаа юм.
- Кинонд тоглож байсан уу?
-Амарзаяа: Санал ирж байсан ч кинонд тоглож байгаагүй. Сонин дүр байсан.
- Эротик дүр байсан уу?
-Тийм. Анх яг тийм дүрээр гараад ирчихвэл хүмүүс намайг өөрөөр минь хүлээж авахгүй шүү дээ.
- Хосуудын бие биеэ ойлгох хамгийн гол цөмийг юу гэж ойлгодог вэ?
- Амарзаяа: Нэг нэгнийхээ ойлгох ойлголцол итгэлцэл. Нэг нэгнийгээ ойлгохгүй бол хэрүүл гардаг, хардалт үүсдэг юм шиг санагдаад байдаг юм.
- Загвар өмсөгч, миссүүд бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад арай илүү хардалтан дор амьдардаг юм шиг? Найз залуугийн эсвэл хүмүүсийн хардалт? Энэ аягүй бол ингэчихсэн гэдэг ч юм уу?
-Тийм шүү. Үнэн . Өөрөө ч мэдээгүй байхад янз бүрийн юм зохиогоод харддаг.
-Алтантуяа: Үнэн юм үнэнээрээ хэзээ нэгэн цагт илрэхээс хойш би зөв л явж байвал тэр худлаа мэдээлэл хэзээ нэгэн цагт заларна.
-Маш хартай найз залуутай болчихвол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Алтантуяа: Надад итгэхгүй байна л гэсэн үг гэж ойлгож байна. Надад үнэхээр хайртай байсан бол надад итгэнэ шүү дээ.
-Амарзаяа: Хардалт муухай. Хардалт үүссэн гэр бүл, хосуудыг харахаар хайрлахаасаа илүү аягүй их цавтай юм шиг санагдаад байдаг юм.
-Эмэгтэй хүн бүр гоё байхыг хүсдэг. Өөрсдийнхөө нууц жороос бүсгүйчүүддээ хэлж өгөөч?
-Алтантуяа: Хамгийн гол нь зөв бодолтой байх хэрэгтэй. Зөв хүний үйлдэл үргэлж л зөв байдаг.
Гоо сайхны хувьд миний хувьд хуурай арьстай болохоор монгол тосоор массаж хийж бэгнүүр тавьдаг. Мөсөөр арчдаг. Хааяа саунд орж арьсаа хамгаалдаг. Хүн өөртөө хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Өөрийгөө голж, өөртэйгөө үргэлж тэмцэж байх хэрэгтэй.
Амарзаяа: Миний хувьд саунд орж арьсаа амраадаг. Фитнессээр хичээллэж хөлсөө гаргах дуртай. Хөлсөөр хүний хор гадагшилдаг, бүх нүх нээгдэж муу бүхэн гардаг гэдэг утгаараа саун фитнес хоёртой найз. Гоо сайхны тал дээр нүд цэлхийчих гээд байдаг болохоор байхуу цай дүрж байгаад нүдэн дээрээ тавьдаг. Орой их шингэн юм уугаад унтчихаар нүд цэлхийдэг.
-Алтантуяа: Орой 7 цагаас хойш шингэн юм уудаггүй. Ер нь 6 цагаас хойш уусан шингэн хаван болдог.
-Сүүлийн үед олны танил хүмүүс гадаад хүнтэй ихээр гэрлэх боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Амарзаяа: Олны танил хүмүүс гадаад хүнтэй их гэрлэж байгаад эмзэглэдэг. Тэр хүнийг үзэгчид нь хүндэлдэг, үлгэр дууриалал авдаг шүү дээ. Тийм байтал гадны орны хүнтэй сууж байгаагаараа ямар үлгэр дууриаллыг хэнд үзүүлээд байгааг ерөөсөө ойлгодоггүй. Жишээ нь, би нэг урлагийн хүнийг дэмждэг байсан. Гэтэл гадны хүнтэй суугаад надад нэг их онц биш санагдахаа больчихсон. Үлгэр дууриал хамгийн чухал. Яах гэж олны танил болсон юм. Өөрөө их гоё хүндлүүлчихээд эргээд ард түмнээ хүндэлдэг байвал зүгээр шүү дээ. Нөгөө амьдрал нь урт удаан үргэлжлэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр одоо хайр дурлал уу. Хайр дурлалаар суусан гэж л тайлбарлах байх л даа. Зуурдын амьдрал нь хайр дурлал байж чадлаа юу гэж хэлмээр байна.
- Бид даяаршсан нийгэмд амьдарч байна. Нүдэнд дулаахан эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг гадаад залуу хайр сэтгэлээ илэрхийлж, улмаар гэрлэх санал тавибал яах вэ?
-Амарзаяа: Өө уучлаарай. Монгол хүнтэйгээ суунаа л гэнэ, би лав. Мянга хайртай байсан ч суухгүй. Ерөөсөө суухгүй.
-Алтантуяа: Миний хувьд ч гэсэн суухгүй. Баярлалаа гээд сэтгэлийг нь хүлээж аваад суухгүй гэдгээ зөвөөр тайлбарлана.
-Гудманд явахад хүмүүс эргэж харна биз?
-Амарзаяа: Ямар өндөр юм бэ гэж хардаг. Тийм болохоор гадуур өсгийтэй гуталтай нэг их явдаггүй. Байгаагаараа л байдаг. Тэмдэглэлт өдрүүдээр л найзуудаараа ярьж байгаад өсгийтэй гутлаа өмсдөг. Улиралд хоёр удаа өмсвөл их юм.
-Алтантуяа: Сонсоогүй, хараагүй юм шиг л байдаг.
- 10 жилийн дараа хэн болчихсон байх бол?
-Амарзаяа: Зөв сайн ханиа сонгоод нөхөртэйгөө хамт аз жаргалтай гэр бүлийг бий болгоно гэж боддог. Гоо сайхны салбарт амжилттай явж байгаа бизнесмэн эмэгтэй болохыг хүсдэг. 2 хүүхэдтэй, амьдрал маань тогтчихсон гоё бүсгүй байхыг хүсдэг.
-Алтантуяа: 2-3 хүүхэдтэй болохыг хүсдэг. Зөв ханиа олох нь хамгийн чухал асуудал юм болов уу.
-Мэргэжлээрээ ажиллах уу? Цаашдаа загварын чиглэлээрээ явах уу?
-Алтантуяа: Загвар өмсөгч залуу насны ажил гэдэг. Мэдээж үүнийгээ хийнэ. Гэхдээ дан загвараар амьдарна гэж байхгүй шүү дээ. Хажуугаар нь өөрийнхөө мэргэжлээр, эсвэл бизнес эрхэлнэ дээ.
-Амарзаяа: Миний хувьд аль алиныг нь хослуулнаа.
-Загвар өмсөгчийн хувьд ямар зорилго тавьсан бэ? Юунд хүрэхийг зорьж байна?
-Амарзаяа: Дэлхийн мисс тэмцээнд орох шаанс гарвал өөрийгөө 100 хувь дайчлаад орно. Хааяа үүнийгээ биелж байгаагаар мөрөөддөг. Бас мэдэрдэг. Олон улсын тэмцээнд чамайг ердөөсөө нэрээр чинь дууддаггүй. Улсын нэр явж байдаг учраас маш хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг би маш сайн ухамсарласан.
-Алтантуяа: Ажлыг хэзээ ч хойш нь тавьж болохгүй. Хойш нь тавьсан юм ер нь бүтдэггүй. Тэгэхээр хэлний курст явмаар байна гэж бодвол шууд очоод л бүртгүүлэх хэрэгтэй. Аливаа юмыг цаг тухайд нь хийгээд өөрөө өөртөө зорилго тавиад, өөртэйгөө яриад тэрнийхээ төлөө зүтгэх юм бол миний зорилго.
-Энийг хэлчих юмсан гэсэн юм үлдсэн болов уу?
-Амарзаяа: Бид хоёрын ярилцлагыг охид бүсгүйчүүд илүү их унших байх гэж би бодож байна. Тийм болохоор тэдэндээ хандаж нэг юм хэлмээр байна.
Эртний хатад яагаад бортого малгай өмсдөг байсан гэхээр тэд их бөхийвөл малгай нь уначих гээд байдаг тул үл ялиг мэхийгээд нүдээ доошлуулдаг байсан.
Нөгөө талаар хааныхаа өмнө толгой гудайлгадаггүй бардам байсан. Түүхэндээ тийм байсан юм билээ.
Энэ миний сэтгэлд яагаад ингэж хүрсэн гэхээр Монголын охид ийм гоё хатан угсаатай байж архи тамхи хэрэглэж, зорилгогүй шоудаж битгий өнгөрөөгөөрэй.
Та нар их гоё, үнэ цэнэтэй байх ёстой. Хэний угсаа гэдгээ мэдэж байх ёстой. Хэний ч өмнө толгой битгий бөхийгөөрэй. Хаадуудынхаа өмнө хатад маань бөхийж байгаагүй юм байна лээ. Тэгэхээр хэний ч өмнө битгий бөхий, бардам бай, их гоё бай. Дэлхийн бүх гоё эрчүүдийг авч явдаг, гэрэлтүүлдэг, чадварлаг эмэгтэй байгаасай гэж хэлмээр байна Манай охид Хятад, Солонгос гээд хэн дуртай хүний өмнө бөхийгөөд байдаг. Ийм түүхтэй хүмүүс гэдгээ өөрсдөө мэдэхгүй байгаа юм байх даа. Хааддаа бөхийдөггүй байсан хүмүүс гадны орны хүмүүсийн өмнө бөхийгөөд хэдэн халтар төгрөгийг нь харчихсан ингээд явж байдаг нь надад их сонин санагдаад надад ямар нэг боломж гарвал заавал хэлнэ дээ гэж бодож байсан. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх тусмаа гэрэлтдэг чимэг юм болов уу гэж боддог юм.
Алтантуяа: Охидууд минь түүхээ цэвэрхэн байлгаасай. Хэзээ нэгэн цагт хүний гэргий, ээж болох үедээ түүх нь цэвэр ариун бол гоё шүү дээ.
-Яагаад охид маань ийм замыг сонгоод хальтираад байдаг юм бол? Бодож үзсэн үү?
-Алтантуяа:Өөр өөрсдийнх нь ухамсар л байх. Хялбар аргаар мөнгө олох гэсэн арга. Хөдөлмөрлөх дургүй. Зорилгогүй байдлаас болдог байх.
-Амарзаяа: Зорилгогүйгээс болж байгаа байх. Жишээ нь бид хоёрын хувьд нэг зорилго тавьчихаад тэрнийхээ төлөө хөдөлмөрлөөд, эхнээсээ үр шимийг нь амсчихаад улам бүр ахидаг . Гэтэл тэд үр шимийг нь амсаж чадахгүй шантарчихдаг. Тэгэнгүүт “Аа угаасаа болохгүй юм чинь гээд амар хялбараар мөнгө олох гэдэг юм болов уу. Энэ үнэхээр өрөвдөлтэй амьдрал. Бид ч гэсэн найзуудаар цуглаад “Яагаад охид ингээд байдаг юм бэ” гэж ярилцдаг.
-Алтантуяа: Амар хялбараар олсон мөнгө хялбараар үрэгдэх нь ойлгомжтой шүү дээ. “Өө ингээд амьдарч болох юм байна. Энэ хамгийн амар хялбар арга юм байна” гэдэг. Арван хүний 2-3 нь ийм байлаа гэхэд тэр арван хүн бүгдээрээ ийм нэртэй болдог. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг бас бусад хүнийгээ бодоосой. Яагаад заавал ийм замаар амьдрах гэж. Хүн хөдөлмөрлөөд зөв замаар мөнгөө олоод тэрнийхээ үр шимийг хүртээд явбал гоё амьдарвал гоё шүү дээ
Хүний амьдралд сонголтууд их байдаг. Хүн алхах тусамдаа л сонголттой таарч байдаг болохоор охид маань ухаантай байгаасай гэж хэлмээр байна
- Монголынхоо нэрийг олон улсад гаргах дэлхийн миссүүд болоорой гэж ерөөе.
-Баярлалаа
Ярилцсан Г.Оюун
WWW.ZONE.MN
URL: