Метроны гол зарчим нь найдвартай, зогсолтгүй, түргэн шуурхай байх ёстой гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрөгч даваа гаригт олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Клайд энд Ко” хуулийн фермийн ахлах хуульч, хатагтай Илдико Гергейг хүлээн авч уулзан, “Улаанбаатар метро” төсөлд хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллах талаар санал солилцсон билээ.
Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдлагууд Английн “Клайд энд Ко” олон улсын хуулийн байгууллагын хуульчидтай “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын талаарх зөвлөгөө авах цахим уулзалтыг зохион байгууллаа. Уг хурал Английн талаас санал тавьсны дагуу хийгдэж байгаа бөгөөд шууд холбогдон хийснээрээ онцлогтой юм.
Монгол Улс анх удаа метро байгуулах гэж байгаа учраас мэдэхгүй зүйл их, хууль эрхзүйн зохицуулалтын хувьд ч туршлага судлах зайлшгүй шаардлага тул-гарч байгаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын хүсэлтийн дагуу “Клайд энд Ко” олон улсын хуулийн байгууллагын дэд бүтцийн салбар буюу метро төмөр зам хариуцсан ахлах хуульч Давид Мооре болон Найжил Тайлор нар Английн Лондон хотоос интернэтээр шууд холбогдож, метро төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй бэрхшээл, эрсдэл, түүнээс зайлсхийх арга зам, анхаарах хууль эрхзүйн орчинг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Өсөн нэмэгдсээр байгаа хүн амын хэрэгцээт метроны шугам, түүнийг нэмж байгуулах талаар төсөлд тусгагдсан эсэхийг Английн талаас асууж байлаа. Түүнчлэн метроны үйл ажиллагааны гол зарчим нь найдвартай, зогсолтгүй, түргэн шуурхай байх ёстой гэдгийг анхааруулаад, эрчим хүчний доголдол, цаг уурын гэнэтийн үзэгдэл зэргийг тооцоолж, метроны аюулгүй, бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангах тусгай баг байгуулах асуудлыг чухалчилж байлаа.
Мөн “Улаанбаатар метро” төсөлд аль болох цөөн тооны хөрөнгө оруулагчдыг оролцуулахгүй бол үүрэг хариуцлага дундаа завсардах тал байдаг гэдгийг хэлж байсан юм. Хурлын үеэр нийслэлийн удирдлагууд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд, УИХ-аар метроны хууль боловсруулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах зэрэг хууль эрхзүйн тал дээр цогц бодлого боловсруулах, бодлого зохицуулалт хийх хэрэгтэй байгааг онцолсон. Мөн томоохон төслүүдэд хөрөнгө оруулагчид болон хуулийн зөвлөгөө өгч буй байгууллага чухал үүрэгтэй гэдгийг хэлж байсан юм.
Энэ үеэр “Улаанбаатар метро” төслийг санаачлагдын нэг, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүүгээс дараах тодруулгыг авлаа.
-Цахим хурлаар Английн томоохон компаниас хуулийн зөвлөгөө авч байна. Бидэнд олон улсын байгууллагын туршлагыг судлах шаардлага бий?
-Дэлхийд нэр хүндтэй “Clyde and Co” хуулийн зөвлөгөө өгдөг компани байгаа юм. “Улаанбаатар метро” төсөл маань олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан, нэр хүндтэй төсөл болж байгааг харуулж бай-лаа. Өнөөдөр энэхүү том компани хамтарч ажиллах санал тавьж, өөрсдийн хийж байсан метроны төслүүд дэх хуулийн ажлаасаа тайлагнаж, ямар үр ашиг, алдаа гарч байсныг бидэнд танилцуулж байгаа нь их ач холбогдолтой, Бидний хувьд энэхүү төсөл цоо шинэ, таньж мэдэхгүй төсөл. Тиймээс бид дэлхийн томоохон компаниудаас сурч судлах зүйл их байгаа.
-Метрог үр ашигтай ажиллуулах талаар багагүй ярьж байна. ЖАЙКА-гийн судалгаагаар ашигтай ажиллана гэж байгаа нь хэр бодитой үзүүлэлт вэ?
-Улаанбаатар хот өөрөө метро байгуулахад зориулагдсан юм шиг сунасан зохион байгуулалттай. Нийт иргэдээс санал асуулга явуулахад 90 хувь нь метрогоор зорчино гэж хариулсан байна лээ. ЖАЙКА-гийн судалгаагаар Улаанбаатар метро ашигаа маш түргэн хугацаанд нөхөхөөр байгаа. Тэдний судалгаа бодитой.
Би сая Энэтхэгийн хотуудаар явж, метроны талаар туршлага судалж байгаад ирсэн. Мумбай зэрэг хотуудад ЖАЙКА-гийн төслөөр метро байгуулсан юм билээ. Уулзалт хийх үеэр төсөл маш амжилттай явагдаж үр ашиг л ЖАЙКА-гийн судалгаанаас хамаагүй өндөр байгаа гэж метроны төслийн дарга нь хэлсэн. Тэгээд ч үр ашиггүй метро гэж байдаггүй. Дампуурчихсан, хүн явахаа больчихсон тийм метро дэлхийн хаана ч байхгүй.
-Улаанбаатар метро Энхтайвны өргөн чөлөөний дагуу баригдахаар байгаа. Ингэснээр гэр хорооллын иргэд метрогоор зорчихгүй тал ажиглагдаж байна. Иймээс метро нь зөвхөн байрны айлууд зорчино гэх шүүмжлэл гарч байна л даа?
-Тийм асуудал байхгүй. Гэр хорооллын иргэд метрогоор үйлчлүүлнэ. Тасалбарын үнэ 500 төгрөгөөс эхэлнэ гэж яригдаж байна. Энэ бол 2020 оны байдлаар боломжийн үнэ гэж бодож байна.
Метроны буудлууд дээр томоохон автомашины зогсоолууд байгуулж өгөх талаар яригдаж байна. Ингээд өгвөл гэр хорооллоос машинтай яваад буудал дээр машинаа тавиад метрогоор зорчих юм. Метроныхоо тасалбараар машины зогсоолынхоо төлбөрийг хийж болох байдлаар зохицуулалт хийгдэнэ гэж яригдаж байна.
О.Ууган /Нийслэл таймс/
URL: