Зам, тээврийн байршил тогтоох шинэ төв ашиглалтад орлоо

zam_teevriin_bairshil_togtooh-middleХолбооны хиймэл дагуулын системд суурилсан, зам, тээврийн байршил тогтоох дэвшилтэт технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын шинэ төв өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Энэхүү төв нээгдсэнээр хот хооронд зорчигч тээвэрлэж буй авто тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах, эсвэл байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж саатсан тохиолдолд жолооч аваарын товчийг дарснаар төвд 3 секунтын дотор мэдээлэл ирж шуурхай арга хэмжээ авагдах боломж бүрдэж байгаа юм.

Тодруулбал, хэрэглэгчийн машинд суурилуулсан төхөөрөмжөөр дамжуулан хиймэл дагуулын тусламжтайгаар (GPS, GLONASS) байрлал тогтоох боломжтой болж байна. Түүнчлэн үүрэн холбооны операторын (GPRS, GSM) сүлжээ болон үүрэн холбооны сүлжээнээс гарсан үед холбооны хиймэл дагуулын (INMARSAT) системийг ашиглан өгөгдлийг дамжуулах, интернэтийн холболт ашиглан хэрэглэгчдэд мэдээлэл түгээх боломж нээгдлээ гэдгийг төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ.

Тэрбээр тээврийн удирдлага, хяналтын төвийг байгуулах санаачилгыг анх гаргаж улмаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулснаар өнөөдөр ийнхүү дэвшилтэд технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын төв ашиглалтад орж байгаа юм. “Тээврийн хяналт, удирдлагын төв”-ийн холболт, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг монгол инженерүүд боловсруулсан юм байна.

Тээврийн хөдөлгөөнийг удирдах, хянах зориулалт бүхий анхны энэ төв нээгдсэнээр тээврийн салбарт хийгдэх томоохон технологийн шинэчлэлийн эхлэл боллоо гэж салбарын мэргэжилтнүүд үнэлж байсан. Авто тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан УИХ-ын чуулганаар батлуулсан салбарын яам ийнхүү зам, тээврийн байршил тогтоох, хянах, мэдээлэл дамжуулдаг болсноор найдвартай, баталгаатай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, байгалийн гамшиг бусад эрсдэлээс хамгаалах, зам, тээврийн ослоос сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн авто тээврийн төлөвлөлтийг цахим системээр хийх, тээвэрлэлтийн үр ашигтай, нэгдсэн сүлжээ байгуулах ажлууд энэ төвийг түшиглэн хийгдэхээр болж байгаа аж. Тээврийн удирдлага, хяналтын төв ашиглалтад орсонтой холбогдуулан Зам тээврийн яамнаас үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Тухайлбал, хот хооронд зорчигч тээвэрлэх авто машинд байршил тогтоох төхөөрөмжийг улсын төсвөөс санхүүжүүлэн суурилуулахаар болсон байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж суулгах шаардлагыг тавих аж. Ингэснээр нүүрс тээвэрлэлтэд хяналт тавих боломж бүрдэх юм байна.

Мөн шатах болон химийн бодис зэрэг аюултай бодисын тээвэрлэлт, транзит тээвэрт тавих хяналтыг сайжруулахаар болжээ.

М.Мөнхтунгалаг

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих