Намнах ажиллагаа намар хүртэл үргэлжлэх гэнэ үү

Нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийн хамрах хүрээ, тойрох хүрээлэл улам нэмэгдэн, өргөжин тэлсээр байна. Экс гишүүдийн ээдрээтэй хэргүүд ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдсэнгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Дарханы гурилын үйлдвэр галд өртөж, дээр нь УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон экс гишүүн арга ядахдаа намынхнаасаа нүүр буруулж, эрх баригчдыг түшиж, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд алба тушаал хаших болсон гэнэ лээ.
Сонгуулиар намынхан нь түүний эсрэг ажилласан гэх хорслоо тайлж ядан байсан түүнийг АТГ-аас дуудаж, асууж шалгаах болсон аж. Иймээс энэ бүхнийг даван туулж, аавын хаалга татахгүй байхын тулд эрх баригчдын хажуу бөөрөнд хачиг шиг наалдсан юм байх.
Харин экс гишүүн Д.Дондог нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар асуудал намжиж, өдгөө мартагдах шахжээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хэргийг шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж байсан удаатай.
Гэвч хэрэгт нэмж шалгах зүйл байгаа, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Эрүүгийн хуулийн 148.2-т зааснаар бүлэглэн, зохион байгуулалттайгаар бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Д.Дондог нар УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно.
Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж, тус компаниас “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан их хэмжээний мөнгө авсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон хэмээн үзэж, дээрх яллах дүгнэлтийг үйлдсэн аж.
Мөн УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүд холбогдох Монгол, Израйлийн хамтарсан “Шинэ Технологи” компанийн зургаан тэрбум төгрөгийн хохиролтой хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгааг АТГ-аас мэдэгдсэн. Прокурор уг хэрэгтэй танилцаад нэмэлт ажиллагаа хийх даалгавар өгсөн гэнэ.
Түүнчлэн гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгттэй холбоотой удааширчээ. Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжлах явцдаа түүнийг АНУ-д цагаачлах хүсэлт гаргасныг тогтоожээ.
АНУ-ын Засгийн газраас хараахан шийдвэр гаргаагүй байгаа. Хэргийн явц цаашид хэрхэн өрнөх нь АНУ-ын Засгийн газрын шийдвэрээс хамаарахаар болжээ. Энэ мэтчилэн экс гишүүдийн хэрэг эцэс төгсгөлгүйгээр үргэлжилж байна.
Мөн өнөөгийн эрхмүүдтэй холбогдох хавтас хэргүүд ч АТГ-т дарагдах болжээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч удалгүй асуудал намжив.
Эрхэм түшээ өөрийгөө буруугүй гэж тодотгодог ч нотлох баримт энэ бүхнийг үгүйсгэдэг талаар албаныхан тайлбарлах нь бий. Гэвч эл хэргийг хууль хяналтынхан эцэслэн шийдвэрлэж, буруутай эсэхийг нь тогтоосонгүй.
Мөн сүүлийн үед шил шилээ дарсан авлига, албан тушаалын хэргүүд илэрч, асуудлыг сонгуультай хутгалдуулав. Ганц намын гишүүдийн улыг шагайж, баривчлан, саатуулах болсон нь эрх баригч намынхан албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгуулийн камбинат ажлаа хийж байна гэж хардахад хүргэсэн юм.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг мөнгө угаасан, авлига авсан хэмээн хүүгийнх нь хамт саатуулав. Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат болон бусад нэр холбогдогч нарыг батлан даалтад гаргаад байгаа билээ.
Гэхдээ гадагшаа албан ажлаар явсан эрхмийг Интерполиор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цацаж, онгоцны буудлаас шууд баривчилсан нь анхаарал татдаг. Учир нь Н.Хүрэлбаатар юу мэдэж байв.
Тэр эх орондоо ирээд ямар мэдээлэл дэлгэх байв гэсэн асуултууд хариулт нэхдэг. Түүнчлэн түүний өмнөх Эрүүл мэндийн сайд С.Ламбааг ч АТГ-аас шалгаж эхлээд байна.
Эрх баригчид асуудлыг өөр өнцгөөс харагдуулах гэсэндээ С.Ламбаагаар шоудаж байна гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Эрүүл мэндийн сайд байсан нөхдүүдийг нам харгалзахгүй шалгаж эхэлсэн нь энэ салбарт бугшсан идээ бээрийг шахах бодлого гэж тайлбарлаж буй юм.
Түүнчлэн сүүлийн үед амаа хамхиж, дуугүй байх үүрэг хүлээсэн Ё.Отгонбаяр гишүүнээсээ татгалзахаар болсон гэх мэдээлэл хүчээ авч байна. Энэ нь эрхэм гишүүн цахим хуудсаараа “Шалгуулахад бэлэн” байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой гэнэ.
Хэрэв УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг шалгах шаардлагатай гэж үзвэл халдашгүй дархан эрхээс нь түдгэлзүүлнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлагатай болох юм. Гэхдээ гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Одоогийн байдлаар түүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаа билээ. Магадгүй Ё.Отгонбаяр бүрэн эрхээс нь түдгэлзүүлбэл түүний оронд хэн парламентад орж ирэх вэ. Аль хэдийн энэ талаарх яриа АН дотор өрнөж, ҮЗХ-ны гишүүн Д.Түмэнжаргал тодроод байна.
Булган аймагт нэр дэвшин 28.95 хувийн санал авч Ё.Отгонбаярт далаараа тавиулсан энэ эрхэмд хүрд эргүүлэх боломж шилжих юм байх. Ингэснээр АН дахин нэг суудлыг зүгээр сууж байгаад атгачихна гэсэн үг.
Гэтэл Ё.Отгонбаярын араас Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нартай холбоотой асуудал үүсээд байна. Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ.
Гомдолд “Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүд гишүүний багцын хөрөнгөөс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан. Ийм баримт аудитын байгууллагын тайлангаар тогтоогдож байна” гэжээ.
Тус аймгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар гишүүдийн тойрогтоо төсөвлөсөн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор иргэдэд олгосон хөрөнгө гээд 421 сая төгрөгийн асуудалд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Иймээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мэдэхээр нөхцөл байдал бий болоод буй юм. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч ах намын гишүүдийн хамт АТГ-т шалгуулахаар болоод байна.
МҮЭХ-ны салбар холбооны удирдлагаас тус холбооны харьяа Тээвэр үйлчилгээний төв, Төв зөвлөлийн Автобаазын газарт орон сууц барих, тэнд барьсан орон сууцнаас гишүүддээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулахдаа МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар, дэд ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн гомдол гаргасан хэмээн АТГ-т ховложээ.
Гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болох гэнэ. Юутай ч парламентын гишүүдийг баруун талаас нь намнах ажиллагаа энэ намрыг хүртэл үргэлжлэх тухай учир мэдэх хуучилж байна.
Учир нь сонгуулийн санал хураалт дуусч, дүнгээ цэгцэлсний дараа хоёр нам ханцуйн дотроо наймаалцаж, хавтас хэргүүдийг урна гэх таамаглал улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм.
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих