Хүний шинэ коронавирүст /NCoV/ халдварын өнөөгийн байдал, авах арга хэмжээний түр зөвлөмж

imagesNCoV2013 оны 5 дугаар сарын 28-нд Саудын Арабын Эрүүл мэндийн яам NCoV-т халдварын дахиад 5 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 3 нь нас барсан тухай ДЭМБ-д мэдээлжээ. Ийнхүү энэ оны 4 дүгээр сарын нэгнээс хойш Саудын Араб Улсад бүртгэгдсэн NСoV-т халдварын нийт тохиолдлын тоо одоо 28 болоод байгаагаас 15 (53.6%) нь нас бараад байна.

NCoV-ийг 2012 оны 9 дүгээр сард анх илрүүлснээс хойш бол уг халдвар 6 (Саудын Араб, Йордан, Катар, Их Британи, ХБНГУ, Франц) улсад гарч, нийт 49 тохиолдол бүртгэгдсэнээс 27 (55.1%) нь нас баржээ.

Коронавирүсийн судалгааны бүлэг NCoV-ийг MERS-CoV (Middle East Respiratory Syndrome Coronavirus=Ойрхи Дорнодын Амьсгалын Хамшинжийн коронавирүс) гэж нэрлэх санал гаргасныг ДЭМБ дэмжин, цаашин ийнхүү нэрлэх боллоо.

Хүний шинэ коронавирүст халдвартай өвчтөн нь амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдгээр илэрч, 38 хэм ба түүнээс дээш хэм халууран, ханиалгасан, эмнэлзүйгээр эсвэл рентген шинжилгээгээр уушгины эдийн үрэвслийн шинж илэрч, уушги цочмог гэмтэх хам шинж буюу дистресс хамшинж илрэн богино хугацаанд амьсгалын болон бөөрний цочмог дутмагшилд хүргэж байгаа болон хүнээс хүнд дамжин голомтлог байдлаар бүртгэгдсэн байж болзошгүй талаар ДЭМБ-аас мэдээлсэн.

Ийм учраас дараах зөвлөмжийг өгч байна.

Хүний MERS-CoV халдвар бүртгэгдэж байгаа улс орнуудад зорчигчдод анхааруулга сэрэмжлүүлэг өгөх, тэдгээр улс орноос ирэгсдэд тавих хяналтыг сайжруулах

Хүний MERS-CoV-ийн халдварын болзошгүй дэгдэлт, цартахлын үед агаарын болон хилийн бусад боомтуудад тавих хяналт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах

ХӨСҮТ, Томуугийн үндэсний төвтэй мэдээлэл солилцох, хамтран ажиллах, ХӨСҮТ, ТҮТ-ийн www.nccd.gov.mn, www.flu.mn цахим хуудсанд тавигдаж байгаа мэдээлэлтэй танилцаж байхыг зөвлөмж болгож байна.

Зөвлөмжийн дагуу сэрэмжлүүлэг, сурталчилгаа хийх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн МХГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд мэдэгдэж байна.

 

Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газар


URL:

Сэтгэгдэл бичих