Татварынхны нуусан бас нэг тэрбум
Татварынхнаар овоглосон хулгай дээрэм эцэс төгсгөлгүй бололтой. Хаанаасаа аваад хаалгачаа хүртэл мөнгөний үнэрт шунасан энэ “вант улсын” ажилчид улсын мөнгөөр бийлэгжүү загнаж, уух идэхийг юмын чинээ тоодоггүйг алдарт Ч.Гансүхийн 17 тэрбум нотолно. Аав ээж, амраг садан, үр хүүхдээрээ хамсан байж татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан хэрэг нэг хэсэгтээ дуулиан болж, одоо хууль хяналтын байгууллагаар хэрэг нь шалгагдаж буй. Татварынхантай холбоотой авлига хээл хахууль, хулгайн хэрэг ганц үүгээр зогсохгүй бололтой.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2009-2012 оны татвар хураалт, татварын өр барагдуулалтын байдалд хийсэн шалгалтын дүнгээр “Жи энд Юу Голд” ХХК нь 2006-2010 оныг хүртэл хуримтлагдсан нийт нэг тэрбум орчим төгрөгийн “Гэнэтийн ашгийн” буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын өрийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тайлагнаж байжээ. Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш тус компанийн ЗБҮӨАТ-ын өрийн үлдэгдэл нэг тэрбум орчим төгрөг гэж Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд /ТБМНС/ бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө 2007 оны зургадугаар сарын 13-ны өдөр тус компанид хийсэн хяналт шалгалтын актаар тогтоосон 363,975.9 мянган төгрөгийн төлбөрийг татвар төлөгч болох “Жи энд юу голд” ХХК зөвшөөрөөгүй бөгөөд 2008 онд 277,025.4 мянган төгрөгийг нь Чингэлтэй дүүргийн шүүх, харин 2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дээрх акт торгуулийг хүчингүй болгосон аж. Гэтэл дээрх акт, торгуулийг хүчингүй болгох, өршөөлд хамруулах шийдвэрүүдийг далимдуулан тус компанийн ЗБҮӨАТ-ын тэрбум төгрөгийн өрийг Чингэлтэй дүүргийн Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас 2012 оны наймдугаар сард учир битүүлгээр хасагдсан нь шалгалтаар илэрчээ.
“Энэ мөнгө хаачсан бэ” гэдэг асуулт одоогоор хариултгүй байна. Нэг тэрбум төгрөг гэдэг энгийн нэгэн албан хаагчийн хувьд насаараа цуглуулаад ч хуримтлуулах мөнгө биш. Харин татварыхны хувьд бол задгай мөнгөтэй адил байж магадгүй юм. Ажил, албан тушаалаараа далимдуулан аж ахуй нэгжүүдийг хянана, шалгана, дарамтална, далимдуулна гээд тэдний баяжих арга олон.
Ч.Гансүхийн хэрэг л гэхэд татвараа төлөөгүй компаниуд дээр акт торгууль бичиж айлган сүрдүүлэх маягаар авлига авдаг, татвараа төлсөн компаниудын татварын орлогыг нуун даргадуулж хуурамч бичилт хийх замаар дундаас нь хулгайлдаг гээд эрүүгийн хуулийн маш олон зүйлийн ангйг зөрчсөн байдаг. Заримдаа бүр мэдэн будилж ч болдог гэж байгаа.
Чингэлтэй дүүргийн татварын мэдээллийн нэгдсэн сангаас алга болсон тэрбум гаруй төгрөгийн татварын өрийн хувьд акт торгуулийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг далимдуулан “Жи энд Юу Голд” ХХК-ийн улсад төлөх ёстой татварын мэдээллийг санаатайгаар устгасан хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл, тус компаний хувьд татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үү, дүүргийн татварын хэлтсийнхэн тэдэнд боломж олгосон үйлдэлдээ хуулиар хариуцлага хүлээх нь тодорхой болчихоод байна.
Улсын төсөвт орох ёстой тэрбум гаруй төгрөгийн татварын орлого, татвар төлөх хугацааг хэтрүүлсний торгууль, алданги болох 300 орчим сая төгрөг нийт 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирол улсад учруулсан үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх ёстойг хуулийн байгууллагууд удахгүй хэлж өгөх биз.
“Жи энд Юу гоулд” ХХК-ийн хувьд уул уурхайн үйлдвэрлэл, хүнд машин механизмийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. 2006 оноос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Ихэрийн зүүн салааны шороон ордод 157 га газарт олборлолт явуулж эхэлсэн байна. Тус компани өмнө нь тэнд үйл ажиллагаа явуулж байсан “Хүрзэт”, “Гурван эвтэн”, “Монгол газар” компанийн эзэмшиж байсан лицензийг худалдан авсан гэнэ. 2011 оноос эхлэн тус компанийн талаар сумын төвийн иргэдийг усны гацаалд оруулсан, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлүүдээр нутгийн иргэдтэй олон удаа тулж байсан ч одоо хэр нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд одоо бүр татвараа төлөхөөс зайлсхийсэн төрийн байгууллагынхныг авлигадсан хэрэгт давхар холбогдоод байгаа бололтой.
Б.ГАЛ INET
URL: