Д.Лувсаншарав: Таван настайдаа лам болж байлаа
XX зууны Монголын хөгжмийн урлагт хэн ч үл маргах, хэзээ ч эс мартагдах, үлэмж гавьяа байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайтай ярилцлаа.
Тэрбээр “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө”, “Хань” зэрэг 20 гаруй киноны хөгжим, “Шивээ хиагт”, “Хархорум”, “Их хааны хатад” зэрэг арав гаруй дуурь, 12 магтуу, 500-гаад дуу романс бичжээ.
Хүүхэд ахуй цагаасаа дууг нь дуулж өссөн, хүн бүхний танил, хөгжмийн амьд бурхны яриагаар уншигч Таны оюуныг дайлъя.
-Аав, ээждээ баяр нэмж, хорвоод мэндэлсэн цаг хугацаа хэдий алсарч одсон ч сэтгэлээс тань гардаггүй байх. Ийм сайхан хүү төрүүлсэн аав, ээж, нутаг усны тань талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Хэрлэн мөрний хөвөөнд 1926 оны зуны дэлгэр цагт тал, хээр хосолсон сайхан газар төрсөн хүн дээ би. Намайг төрөхөд аав маань эх барьж авсан гэдэг. Хүүтэй болоод сэтгэл нь хөөрсөн аав маань улаан нялзрай намайг нэхий өлгийд өлгийдөөд, ээжид шөл хийж өгөхөөр гал түлж суужээ.
Гэтэл гаднаас хонины хаа барьсан хоёр орос орж ирээд тогоотой шөл рүү үг дуугүй шууд хийчихсэн гэдэг. Харь нутгийн хэл мэдэхгүй, улаан мах барьсан хүн гэнэтхэн орж ирсэнд аав маань сэжиглээд, шууд л лам багш дээрээ очжээ.
Харин лам багш “Санаа зовох хэрэггүй ээ. Энэ хүү эр бие тэнцэхийн цагт цаад оросуудтайгаа жигтэйхэн дотносох юм байна” гэж хэлээд аавыг маань тайвшруулсан юм гэнэ лээ.
-Таныг хүүхэд ахуйдаа сүмд шавилан суудаг лам байсан гэж сонссон. Бурхны ном хэр удаан сурсан бэ?
-Гэхдээ 1938 онд хэлмэгдүүлэлтийн үеэр 12 настайдаа хар болоод нутаг буцсан. Миний өвөг эцэг Цүлтэм нутаг усандаа хүндтэй, мяндаг тушаалтай, номтой хүн байсан. Би ээж, аавынхаа төдийгүй хөрш айлынхаа хоёр хөгшний элгийг дэвтээдэг ганц бурхан байлаа.
Том болсон үрээ эндсэний дараа хоёр хөгшин лам багшаасаа хойд төрлийг нь асуухад “Хүү чинь танай хаяанд таван ам бүлтэй, шар нохойтой айлд төрөх юм байна” гэж айлдсан нь манайх байж.
Миний ээж А.Уртнасан үйлэнд уран, мяндагтай лам нарын хиазтай хамба, ноёдын дээл хувцас оёж, сүм хийдийн чимэглэл урладаг байсан. Би зургаан насандаа манж, түвд, монгол бичиг сурсан. Аавын минь хайрласан алдар Балдандорж.
Харин лам багшийн айлдсан сахилын нэр Лувсаншарав. Би дөрвөн охинтой айлын отгон хүү. Тэр үеийн хөгшчүүл “Хүү төрвөл лам болгоно. Толгой дээрээ хонхны дуутай өөд болох юмсан” гэцгээдэг байлаа.
-Таныг бас муугүй зураач гэх юм. Энэ нь бурхны хөрөг зурж, харж өссөнтэй холбоотой юу?
-Хүүхэд байхдаа аав, ээж, уул ус, адуу мал зурах дуртай байлаа. Хийлсэн гүзээ дуурайлгаад зурж чадвал сайн зураач болдог гэж дуулсан. Тэгээд хийлсэн гүзээ өмнөө тавьчихаад өдөржин зурдаг байж.
Бурхныхаа гүнгэрваанд аав, ээжийнхээ хөргийг залсан. Өөрөө зурсан юм. Одоо ч гэсэн орой бүр аав, ээждээ мөргөчихөөд “Лама ла жавсү чио” дөрвөн итгэлээ уншаад унтдаг даа.
-Лам байсан хүү хөгжмийн урлагт “уруу татагдах”-д юу нөлөөлөв?
-Хийдэд шавилж суухдаа 21 дарь эхийн цам харайхад би гол дүрд нь тоглодог байлаа. Цам майдар гэдэг нэг ёсны урлаг. Одоогийнхоор бол балет юм даа. Цамын бүжиг, цан хэнгэрэг, шашны уншлага өөрийн хэмнэл, ая дантай.
Хөгжмийн зохиолч болоход энэ бүхэн нөлөөлсөн гэж боддог. Ер нь ардын үлгэр домог, хууч, морин хуур, уртын дуу, шашны хөгжим бие хүний төлөвшилд ихээхэн нөлөөтэй гэж боддог шүү.
-Наянтай тэнцэх насыг зооглож буй гэхэд Та ануухан байна шүү. Энэ нууцаасаа дэлгэж болох уу?
-Нууц гэж юу байхав дээ. Багадаа Сэцэн хааны хийдэд шавилан сууж буяны аянд гарч, эргэл мөргөл хийж явсан. Найман настайдаа аав, ээж, лам багштайгаа хамт аймгаасаа гараад Богдын хүрээ, Эрдэнэ зуу, Амарбаясгалант хийд, Ханд вангийн хүрээ хүртэл мөргөл хийж байлаа. Бараг 3000 км газрыг хөл нүцгэн туулсан юмдаг.
-Унаанд сууж болдоггүй юм уу?
-Мөргөлд явж байгаа учраас болохгүй ээ. Үүрээр босоод шөнө дунд хүртэл алхана. Хөлийн ул сайртаад чулуу шиг хатуурчихсан байж билээ. Энэ нь бие чийрэгжихэд нөлөөлсөн байх.
-Та 13 настайдаа багшилж байсан гэсэн. Өнөөх “Шинэ үсгийн багш” кинонд гардаг шиг хөгжилтэй зүйл их тохиолддог байсан уу?
-Монгол орон даяар 1939 онд бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн өрнөсөн. Тэр үед би түвд, монгол бичиг заалгаж, сайн дураараа шалгалтад орж тэнцээд багшилсан юм. Шавь нар маань их зовоодог байж билээ. Заль зохиож оргож босно.
Худлаа өвдөж ухаан алдаж унана. Гэвч би тэвчээр гаргаж шавь нараа бичиг үсэгтэй болгож чадсан. Үүний хүчинд сумын бага сургуулийн хичээлийн эрхлэгч, аймгийн намын хороонд бичиг үсгийн багш болж байлаа.
-Таны “Маамуу нааш ир” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ сайхан дуу бүтсэн түүхээсээ дурсана уу?
-1950-иад оны дундуур би Москвад хөгжмийн их сургуулийн оюутан байлаа. Тэр үед манайд хүүхдийн дуу ховор байсан юм. Нэг өдөр Төрийн шагналт, яруу найрагч Ч.Лхамсүрэн гуай тааралдаад “Хоёулаа хүүхдийн дуу хийе. Би нэг шүлэг бичсэн” гээд “Маамуу нааш ир” шүлгээ өгч билээ.
Шүлэг их аятайхан санагдаж, ая хийсэн юм. Тухайн цагт гэрт маань төгөлдөр хуур байсангүй. Зуны нэг сайхан өдөр нөгөө шүлгээ уншаад гэртээ байсан мандолинаар хөгжимдөөд аялгуулан зохиож байсан сайхан дурсамж саяхан юм шиг санагдчихлаа.
-Та Монголын cop болсон уран бүтээлчидтэй хамтран олон түүхэн бүтээл туурвисан. Эргэн санахад сайхан байдаг байх даа.
-Үеийн нөхөд алга болоод хэцүү юм даа. Нас ахихын цагт дурсамж л үлддэг юм байна. Ч.Лхамсүрэн, Д.Сэнгээ, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Дашдооров, Ж.Бадраа, Г.Хайдав, Б.Зангад, Д.Жаргалсайхан, Г.Түмэндэмбэрэл зэрэг олон сайхан уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байлаа. Одоо ч тэдний минь ихэнх нь бурхан болж дээ.
-Б.Явуухулан гуай Та хоёр уран бүтээлийн дотно найзууд байсан уу?
-Тэгэлгүй яахав. Би Б.Явуухулан, Д.Пүрэвдорж хоёртойгоо илүү дассан даа. Явуу бид хоёр 30 гаруй жил дуу хийсэн байна. Залуу байхдаа би шүлэг оролддог байлаа. Жороо борлогоо тэшүүлэхэд Жолоо тавим гоёхон Жаахан чамайгаа бодоход Сэтгэл тэнийм сайхан Атар талыг чимэглэсэн Алаг цэцгэнд би дуртай гэсэн шүлэг тэрлээд Явууд үзүүлсэн юм.
Манай хүн дээр нь Холоос гүйдэлтэй борлог нь Сулдаа ганхам жороо Голоос хайртай амраг минь Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа гэж сайхан засаад дараагийн бадгийг нэмж бичсэн.
Энэ дууг Ховдын уугуул Ардын жүжигчин А.Загдсүрэн дуулж олны хүртээл болгосон. Нээрээ “Лувсаншарав, Явуухулан хоёрын эхнэр фосфортой шүү” гэсэн онигоо гарсан байсан. /Инээв/
-Таныг XX зууны отгон Хөдөлмөрийн баатар гэдэг. Хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлнэ гэдэг бахархал, бас омогшил. Зууны отгон баатар гэдгээрээ билэгшээдэг үү?
-Тэгэлгүй яахав. Миний олон жилийн хөдөлмөр, хийсэн бүтээлийг үнэлсэн гэж боддог. Төрийнхөө хишгийг зөндөө хүртлээ. Би 2000 оны арванхоёрдугаар сарын 26- нд Монгол Улсын 399 дэх Хөдөлмөрийн баатар болсон юм.
Монгол Улсын баатар Ш.Гонгор гуай бид хоёр нэг довны айл байсан. Намайг есөн настайд Ш.Гонгор гуай Монгол Улсын анхны баатар болж байв. Харин XX зууны отгон Хөдөлмөрийн баатар нь би болсон. Үүнд их билэгшээдэг. Нутаг орны минь, тэр дундаа баянхутагчуудын буян заяа түшлээ дээ гэж бахархаж суусан.
- Та Оросын яруу найрагч Сергей Есениний барьдаг шиг махир гаанстай юм аа.
-Намайг бага байхад нэг настай хүн зөвлөж байлаа. Монгол хүн тамхи татаж байгаагүй. Хэрэв тамхи татмаар байвал гаансаар тат. Ядаж бага татдаг юм гэж. Нээрээ л маш бага татна шүү. Нэг янжуурыг 6-7 хуваадаг. Монголын ирээдүйн толь болсон залуучууд минь тамхинаас хол яваарай гэж хэлье.
-Ахмад хүний хувьд залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Манай сайн зохиолчид “Дотроо нэг хүнтэй байдаг, түүнтэйгээ зөвлөдөг” гэж ярьдаг. Энэ нь бас л нүүдэлчин хүний ёс заншилтай холбоотой. Зарим хүн байгаль, эх орондоо хайр найргүй хандаж байгаад харамсдаг. Үүнд эрдэмтэй ухаантай хүмүүс анхаарах хэрэгтэй.
XXI зуун техникийн үе. Миний багад нэг жил хийж байсан ажлыг одоо нэг өдөрт л хийж байна. Энэ нь мэдээллийн хурдтай холбоотой. Ялангуяа залуучууд маань олон талын боловсролтой байх хэрэгтэй.
Манай Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн доктор Л.Түдэв 1980-аад оны үед “Хоёр хэл бага байна. Гурваас таван хэл эзэмших шаардлагатай” гэж хэлж байсан. Тэгэхээр залуучууд маань боловсролдоо байнга анхаарч, өөрийгөө хөгжүүлээрэй.
Эх орон, эцэг эхээ хайрлаж яваарай. Бусдыг хайрлаж хүндэтгэдэг хүн үеийн үед жаргалтай сайн, сайхан явдаг гэж боддог. Заримдаа түр зуурын бэрхшээл бий. Түүнийг монгол хүн гүн ухаан, зориг тэвчээрээр шийдэж чаддаг. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж ухаалаг амьдраарай гэж захимаар байна.
-Монгол хүний бусдаас ялгарах нандин чанар юу вэ?
-Эрт дээр үеэс нүүдэлчин монголчууд зурхайн аргаар нар хиртэх, цасан шуурга болохыг мэддэг байлаа. Энэ бол гайхалтай түүх. Монгол асар их эрдэнэсийн үүцтэй орон. Манай ард түмэн Эрдэнэтийн овоо, Тавантолой, Оюутолгой гэж хэдийд нэрлэснийг нь мэдэхгүй.
Ингэж нэрлээд олон зуун жил болж байгаа байх. Гэхдээ харийн хүн “Та нар ингэж нэрлэ” гэж хэлээгүй шүү дээ. Манай өвгөд Эрдэнэ, Оюу, Төмөртэй толгой гэдгийг мэдсэн байна. Оньсого, мэргэн үгээр үр хүүхдээ хүмүүжүүлдэг заншилтай. Бүүвэйн дуу дуулж өсгөдөг.
Манайх шиг аялгуулан дуулж өлгийтэй байхад нь хүмүүжүүлдэг орон олон байхгүй. Монголчууд үлгэр, туульсаа аялгуулж хэлнэ. Ийм оронд төрсөн хүн бие сэтгэл, оюуны тэнхээ өндөр байх ёстой. Мөн монгол бичиг бидний бусдад гайхуулах соёл юм.
Намайг багад аав, ээж минь “Хүний өмнөөс үг сөрж болохгүй, мал адгуус, ургамал ногоо, булаг шандыг хайрлаж яваарай” гэж сургадаг байсан. Хамгийн чухал нь хүнийг хүндэтгэх хэрэгтэй гэж захина. Одоо ч гэсэн энэ сургаалаа хойч үедээ захимаар санагддаг.
Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ борц авч явсан гэдэг. Монголын цагаан идээ хугацаа нь дуусч муудна гэж байхгүй. Хүнсний зүйлээ хүртэл тэгж сайхан хадгалдаг ухаантай ард түмэн. Би түүх соёлын арвин өв сантай, сайхан оронд монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.
Монгол хүн төлөвшил, амьдрах ухааны хувьд их өвөрмөц. Нүүдэлчин амьдралын түүх аугаа, соёл уламжлалаараа дэлхийд гайхагддаг гээд олон сайхан чанараараа ялгарна
Б.Анхцэцэг
Эх сурвалж:
URL: