Мэлмий хурц байх аваас явах зам тод болно
Баруун, зүүн хараад нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн орон нутгийн сурталчилгаа өндөрлөв
Монгол орныхоо наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас сонгуулийнхаа ажлыг эхлүүлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж эх орноо нар зөв тойроод өчигдөр орой Сэлэнгэ аймгийн Мандал суманд орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа өдөрлүүлэв. Хөдөө орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа 21 аймагт хийгээд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумд, олны нэрлэж заншсанаар Баруунхараа, Зүүнхараадхөлгийнхөө жолоог татсан нь учиртай. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Би өмнөх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн орон нутгийн сурталчилгааныхаа хаалтыг Эрдэнэтэд хийж байсан. Тэнд миний дунд сургууль хамт төгсөн ангийнхан, анх Засвар механикийн цехэд засварчнаар ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэтийн уулын үйлдвэрийн хамт олон маань бий.
Харин энэ удаа Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд хаалтаа хийж байна. Баруунхараа, Зүүнхарааг Монголын баруун, зүүн мэлмий гэж хэлж болно. Хараа, мэлмий хурц байх аваас явах зам тод болно. Энэ бэлгэдлийг бодолцон улс орныхоо баруун, зүүн мэлмий болсон энэ хоёр суманд орон нутгийн сурталчилгааныхаа хаалтыг хийж байна. Улс орныхоо мэлмийг тунгалаг авч явбал Монгол Улсын ажил төрөл өөдрөг байх болно” гэлээ.
Баянгол сумын нутагт “Бороо гоулд” компани алт олборлож буй. Тус сумын иргэдэд “Бороо гоулд”-ынхан жилд 250 мянган ам.доллар буюу 300 орчим мянган төгрөгийн зээл өгдөг гэнэ. Үүгээр юу хийж базаах вэ дээ гэж иргэд хэлж байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж ийм байж таарахгүйг хэлээд ядаж 2,5-3 тэрбум төгрөгийн зээлийн нэгээс хоёр хувийн хүүтэй өгөх талаар орон нутаг бодож ажиллах хэрэгтэй гэв. Том компаниудын сорчилж ашиглаад хаяад явсан газруудад нутгийн иргэдийг зохион байгуулалттай оруулах, нутгийн залуусаар нөхөн сэргээлт хийлгэх зэрэг ажлууд хэрэгтэй байгааг нэр дэвшигч Ц.Элбэгдорж ярьж байв.Баянгол суманд орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс 280 сая төгрөг хуваарилжээ. Таван мянга гаруй хүн амтай суманд энэ хөрөнгө бага байгаа тул ирэх жилээс хүн амын тоотой нь уялдуулан өсгөх саналыг Засгийн газарт тавина гэдгээ тэрээр хэллээ. “Даргын тушаасныг иргэд биелүүлдэг байсан бол одоо иргэдийн шийдсэнийг дарга биелүүлдэг болсон. Төсвийн хөрөнгийг иргэдийн мэдэлд өгдөг болсноор орон нутагтаа хамгийн хэрэгтэй ажилд хөрөнгө зарцуулдаг болсон. Хөтөлд гэхэд хуучин барилгуудын дээврийг шинэчилж байна. Хуучны яс сайтай барилгуудын дээврийг шинэчлээд, дулааныг сайжруулаад, хүчжүүлээд өгөхөд шинэ барилга шиг болж байгаа. Энэ ажлыг Баруунхараад ч хийж болно” гэж байлаа. Төсвийн хөрөнгөөр архидан согтуурахыг хориглосон бол одоо төсвийн мөнгөөр гаднын бараа, бүтээгдэхүүн авахыг мөн хориглож байгаа. Зөвхөн дотоодын бараа, бүтээгдэхүүнд зарцуулна. Авлига, архидалт, хүнд сурталтай цаашид ч үргэлжлүүлэн тэмцэж улс даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг саадгүй үргэлжүүлэхийн тулд улс төрийн тогтвортой байдлыг ханган ажиллана” гэлээ.
Монгол Улсын гадаад нэр хүнд өндөр байгаагийн ачаар өнгөрсөн оны сүүлээр 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг гаргасан. Түүгээр шинэ төмөр зам барих, цахилгаан станцуудыг нэмж байгуулах, нүүрснээс бензин, шатахуун гаргах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлнэ гэдгийг хэлэв. “Эдгээрийг хийхэд төрийн тогтвортой байдал чухал. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг чигт харж байж бүтээн байгуулалтаа явуулна. Үүлэн чөлөөний нар шиг энэ үеийг ашиглая” гэлээ. Баянгол сумын иргэд ардчилсан Ерөнхийлөгчөө сонгуульд дэмжинэ гэдгээ амлаж үлдлээ.
Авлига авсан гараа угаачихаад “цэвэр” гэж хэлж таарахгүй
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн иргэдтэй хийсэн уулзалт дээр ингэж хэллээ.”Өмнөх жилүүдэд Монголд бүтээн байгуулалт хийж чаддаггүй байсны гол шалтгаан нь авлига дэлгэрснээс болсон. Зам тавих, засварлах, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгийг авлигачид халаасалж байснаас болж энэ бүхнийг хийж чаддаггүй байсан. Авлигачид авсан мөнгөө нууж гараа угаачихаад “Миний гар цэвэр” гэж хэлж болно. Ажилчин хүний гар тостой, тоостой боловч цэвэр, харин авлигачийн гар цэвэр ч ард түмний нулимс, хөлс, зовлон шингэсэн мөнгийг авч халаасаа дүүргэдгээрээ бохир байдаг. Сүүлийн нэг жилд Монгол Улсын авлигын индекс 26 орноор буурч авлига огцом буурсан орноор тодорсон. Үүнийг үргэлжлүүлж , авлигын эсрэг зоригтой тэмцэж яваа ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжие” хэмээн Хууль зүйн сайд хэллээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүнээс намгүй нь Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч хүн намаас түдгэлзсэн байдаг. Түүнд 2,9 сая гишүүнтэй Монгол Улс гэдэг ганцхан нам бий. Ерөнхийлөгч бол Монгол Улсын эцгийн үүргийг гүйцэтгэж байдаг алба юм. Эзэн Чингис хаан Монголынхоо аюулгүй байдлыг дэлхийд баталгаажуулахсан гэж мөрөөдөж явсан байж таарна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн таван орноор Монголынхоо аюулгүй байдлыг баталгаажуулж тогтоол гаргуулсан. НҮБ-ын дараа орох ЕАБХАБ-д улсаа элсүүлсэн. АОХН-ийг Монгол Улс хоёр жил даргалж өнгөрсөн хавар Сайд нарын бага хурлыг нь Улаанбаатарт хийлгэлээ.
Ц.Элбэгдорж авлигатай тэмцсэнийхээ төлөө хоёр удаа Ерөнхий сайдаас огцорсон. Одоо Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа авлигатай тууштай тэмцэж байна.Монголчууд хаан сонголтоо хийж ардчилсан Ерөнхийлөгчөө сонгоорой” гэлээ.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Зүүнхараагийн сангийн аж ахуй гэж байсан. Энэ бол Богдын абшиг оршсон ариун газар юм. Наймдугаар Богд амьд сэрүүндээ энэ газрыг сонгож сангаасаа мөнгө гаргаж Сангийн аж ахуйн анхны суурийг байгуулсан. Сангийн аж ахуй гэдэг үг Богдын сангаас хөрөнгө гаргасантай холбоотой нэр. 26 мянган хүн амтай Мандал сум хот болох ёстой газар. Үүнийг шийдэх боломжтой” гэлээ. Сумын иргэд “Хүнээр чаддаг ажлыг нь хийлгэх ёстой. Төрөө төвшин авч явах Ерөнхийлөгчөө сонгоно” гэцгээж байсан юм.
Орос, Хятадын хооронд түгжээ болоод сууж таарахгүй
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр орой УБТЗ-ын Зүүнхараа зангилааны ган замчидтай уулзлаа. Энэ нь түүний орон нутгийн сонгогчидтой хийсэн сүүлийн уулзалт болсон юм.
Төмөр замын бүтээн байгуулалтын чиглэлээр хийх гол ажлуудаасаа нэр дэвшигч Ц.Элбэгдорж төмөр замчдад танилцууллаа. Жар гаруй жилийн өмнө байгуулагдсан УБТЗ дөнгөж 18 сая тонн ачаа жилдээ тээвэрлэх хүчин чадалтай. Гэвч өвгөн төмөр зам одоо жилд 19-20 сая тонн ачааг сүүлийн хүчээ шавхан тээвэрлэж байна. Гэтэл жилд 100-200 сая тонн ачаа нэвтрүүлэх шаардлага гарч ирж байгаа. Төмөр зам бол Монголын хөгжлийн судас. Монголын хойд талд дэлхийд хамгийн том газар нутагтай ОХУ, түүний цаахна Европын холбоо байна. Өмнө талд дэлхийн хамгийн олон хүн амтай том зах зээл болох БНХАУ бий. Хятадын бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд далайн тээврээр хүргэхэд хоёр сар шаардлагатай. Харин Монголын нутгаар, төмөр замаар тээвэрлэхэд хоёр долоо хоног л хэрэгтэй. Иймээс Монголын төмөр замыг нэн даруй шинэчилж, хос төмөр замтай болох хэрэгтэй байна. Энэ ажлыг удахгүй эхлүүлнэ. Монгол Улс ОХУ, БНХАУ-ын хооронд түгжээ болоод сууж байж таарахгүй” гээд төмөр замчдын цалинг сард нэг сая төгрөгт хүргэх боломж байгааг хэлсэн юм. Төмөр замын нийт зардлын 40 хувь нь түлшинд явдаг. Дотооддоо хямд түлш үйлдвэрлэвэл хэмнэсэн зардлаараа цалин нэмэх боломжтой гэлээ. Төмөр замчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ.
Мандал сумын хүнсний ногоог нийслэлд борлуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянгол, Мандал суманд ажиллахдаа малчид, ногоочидтой уулзаж явлаа. Баянгол сумын нутаг Дэрстэд зусч, хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж буй сумын алдарт уяач Р.Батжаргалынд аяны дөрөө мулталж түр саатан морь унаж, айл саахалтын хүмүүстэй амар мэндээ мэдэлцэв.
Монгол Улсын алдарт уяач, аймгийн хурц арслан “Орос” хэмээх Болд, Баянгол сумын алдарт уяач С.Батмөнх, Дэрстийн “морь шинжээч” “Хөл” хэмээх Пүрэвдорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой амар мэндээ мэдэлцэх адуу малын тарга хүч, морьдын уяа сойлгын талаар ярилцлаа. Сумын алдарт уяач Р.Батжаргал нэр дэвшигч Ц.Элбэгдоржид хурдан бор морь бэлэглэж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.
Мандал сумаас нийслэл рүү буцах замдаа нэр дэвшигч Ц.Элбэгдорж сумын ногоочин өрхүүдийн төлөөлөлтэй уулзав. Хүнсний ногооны үнэ хямд, гаднаас орж ирж байгаа ногоонд цохиулаад борлуулж чадахгүй муутгадаг тухайгаа тэд хэлж байсан юм. Зөвхөн Хятадын гэлтгүй Оросоос орж ирдэг “Буриад” сортын төмсөнд ч хязгаарлалт хэрэгтэй гэж байлаа. Зуны халуунд гандаж, наршиж, бороо усанд шавшуулан байж ургуулсан ногоогоо үнэгүйдүүлэн муутгаж хаядагтаа ногоочид харамсч байдгаа хэлсэн юм.
Өнөөдөр маргаашгүй Засгийн газар, Сэлэнгэ аймгийн удирдлага, Улаанбаатар хотын захиргаа хамтарч Сэлэнгийн хүсний ногоог нийслэлд борлуулах талаар гэрээ хийхээр болсон тухай таатай мэдээг нэр дэвшигч Ц.Элбэгдорж ногоочдод дуулгалаа. Сүү ч үүнд хамаатай гэлээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ногоо борлуулах зах, дэлгүүртэй гэрээ хийх юм байна. Хадгалах тал дээр ч анхаарна гэлээ.
Ноён уулаа сүйтгүүлэхгүй
Хүннүгийн үеийн үнэт олворууд, алдарт Хүннү хивс зэрэг түүхэн өв илэрч байсан Ноён хайрхан уул Мандал сумын нутагт бий. Гэтэл түүнийг ухаж сүйтгэхээр “Бороо гоулд”, ”Гачууурт” компаниуд улайрч байгааг нутгийн иргэд хэллээ. Зэргэлдээх Түнхэл тосгоныхонд мөнгө тарааж Ноён хайрханд халдахаар дээрх компаниуд зэхэж байгаа гэнэ.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Нутгийн та нар зөвшөөрөхгүй бол хэн ч энэ газрыг ухах эрхгүй. Энэ бол төрөөс онцгой анхааралд авах ёстой газар. Үүнд УИХ, орон нутаг ч анхаарна” гэлээ. “Бороо гоулдынханд “Бүү давар” гэж хэлээрэй” гэж байлаа.
Д.ОЮУН
URL: