Ц.Элбэгдорж: Сонгинохайрхан дүүрэг орчин үеийн хот болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслолын арга хэмжээнд өнөөдөр оролцлоо.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол зургадугаар сарын 19-ний өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын Материал”-ын комбинатын талбайд болсон юм. Ёслолын арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэсэн үгэндээ “Энд хуран цугларсан Сонгинохайрхан дүүргийн ард иргэдийнхээ өнөөдрийн амар амгаланг айлтгая. Шинэ Улаанбаатарын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг та бүхэн зурагт телевизээс бэлхнээ харах болсон. Энэ их бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг болох Улаанбаатарын шинэ төвийн зураг төслийн ажил бэлэн болсонтой холбогдуулан бид өнөөдөр энд хуран цугларч, түүхэн арга хэмжээнд оролцож байгаа юм. Шинэ Улаанбаатараа цогцлоон байгуулах ажил үйлсийн өмнө би зориг төгөлдөр байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн өмнө хэлж байна” хэмээв.
Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын маань нүүр царай үнэхээр шинэчлэн өөрчлөгдөж байна. Нийслэлийн иргэдээ эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдруулах тал дээр нийслэлийн удирдлагууд мэрийн ажиллаж, үүнийг Засгийн газраас дэмжиж, энэ бүгдийг ардчилсан Ерөнхийлөгч маань манлайлан чиглүүлж байгаад би нийслэлийн иргэний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна” гэв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монголын газар нутгаар явж байхад бүтээн байгуулалтын хувьсгал эхэлсэн нь харагдаж байна. Өмнө нь бүтээн байгуулалтын ажилд тулгардаг гол хүндрэл бэрхшээл бол мөнгө санхүүгийн асуудал байсныг та бүхэн мэднэ. Өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улс дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоход хоёрхон долоо хоногийн дотор 15 тэрбум долларын санал ирсэн. Энэ нь Монголын нэр хүнд олон улсад ямар өндөр байгааг харуулж байна.
Өнөөдөр Улаанбаатарт 33 уулзвар гудамжийг шинээр янзалж, 17 хороолол шинээр байгуулж байна. Үүний хамгийн чухал хороолол нь Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдах гэж байна. Нийслэлийн захиргаа энд ирэх нь байна. Харин хотын захиргаа байгаа газар иргэдийн хурал, иргэдийн төлөөллийн байгууллагууд ажиллахаар болж байна. Монгол Улсад анх удаа 270 тэрбум төгрөгийг иргэдээрээ шийдүүлж байна шүү дээ. Би 2009 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо өөрийн суух өрөөг иргэддээ өгж ажлаа эхэлж байсан. Үе үеийн төрийн тэргүүнүүдийн сууж ирсэн өрөөг би Иргэний танхим болгосон. Энэ нь би нэг хэлсэндээ хүрдгийг харуулж байгаа хэрэг.
Нийслэл Улаанбаатар хотуудаас бүрдэх ёстой. Иймээс Сонгинохайрхан дүүрэг биш орчин үеийн хот болно. Сонгинохайрханчуудын төлөө хийж буй ажил, сайн санаачлага бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж ажиллах болно. Та бүхэн 26-ны өдөр намайг дэмжээрэй, би та бүхнийг дөрвөн жил дэмжиж ажиллана” хэмээв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шавыг тавив.
URL: