Нийгмийн даатгалын нөхөн олголт хийгдсээр байна

faefea6e027d5d61originalНийгмийн даатгалын нөхөн олголтын бүртгэл хийгдэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.Хүрэлбаатартай уулзаж, тус дүүргийн иргэдийн нийгмийн даатгалын нөхөн олголтын бүртгэлтэй холбоотой асуудлаар тодруулахад “2013 оны зургадугаар сарын байдлаар хууль хэрэгжсэнээс хойш нийт 6000 орчим иргэдийн бичиг баримтыг хүлээж аван ажиллаж байна. Иргэд нийгмийн даатгалын нөхөн олголтын талаархи мэдээллийг гарын авлага, тараах материалаас авахаас гадна ажилчид мэдээлэл, заавар зөвлөгөөг боломжит хэмжээгээр өгч байгаа. Иргэдийн ирүүлсэн 5500 орчим бичиг баримтыг нийгмийн даатгалын ерөнхий газар руу шалгуулж, нягтлуулахаар явуулаад байгаагаас 200 гаруй нь батлагдан ирээд байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт арван мянган иргэн энэ бүртгэлд оролцоно гэсэн урьдчилсан тоон судалгаа байгаа ч одоогоор 6000 орчим нь л хамрагдсан. Үүнээс үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэд бусад хотын төвийн дүүргийн иргэдийн нийгмийн даатгалын нөхөн олговрын бүртгэлд оролцож. байгаатай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Тиймээс 2013 оны тавдугаар сарын 04-нд манай хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохиосон. Энэ өдөрлөгт 1000 орчим иргэн ирснээс 100 гаруй нь өдөрлөгт бичиг баримттайгаа ирж бүртгэлээ хийлгэн асуудлаа шийдүүлсэн.

Энэхүү өдөрлөг иргэдэд боломж олгосон үр ашигтай арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа юм. Түүнчлэн иргэдийн бүртгэлд оролцох оролцоог хангалтгүй гэж үзсэний улмаас бид дүүрэг харгалзахгүйгээр бүх иргэдэд үйлчлэх шийдвэр гаргасан. Энэ ч үр дүнгээ өгч эхлээд байна. Манай байгууллагаар өдөрт дунджаар 200 орчим иргэд үйлчлүүлж байгаагаас 50 хувь буюу тэн хагас нь даатгалаа төлүүлж байгаа юм. Иргэд нийгмийн даатгалын нөхөн олголтын хууль дүрэм болоод мэдээллээр дутмаг байгаа нь ажиглагдсан. Иймд ажил үүргийнхээ хүрээнд, мэргэжлийнхээ дагуу иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зурагт, радиогоор нийгмийн даатгалын нөхөн олголтын талаархи мэдээллийг иргэдэд хүргэж байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд бүртгэлийн хугацаа ирэх наймдугаар сарын 01 -нд дуусах учир та бүхэн цаг алдалгүй, аль болох яаравчилж харьяа дүүрэг болон Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр шаардлагатай бичиг баримттайгаа ирж бүртгүүлэхийг зөвлөж байна” гэлээ.

Иргэд нийгмийн даатгалын нөхөн олголтын талаар хэр мэдээлэлтэй байгааг сонирхлоо.
Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Д.Чимид:

-Улаанбаатар хотод шилжин суурьшаад 20 гаруй жил болж байгаа. Ховдын ахуй үйлчилгээнд оёдолчин хийж байгаад 1981 онд 55 насандаа тэтгэвэртээ гарсан. Таван хүүхэдтэй. Гурав нь тэтгэвэрт гарчихаад байгаа. Хүүхдүүдийнхээ тэтгэврийн асуудлыг хөөцөлдөх гээд хамт явж байна. Юутай ч төр засгийн энэ үйл ажиллагааг өндөр настай хүний хувьд ихэд сайшааж байгаа. Хүүхдүүддээ бүртгэлдээ идэвхитэй оролцоорой л гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Ч.Мөнхбат:

Нийгмийн даатгалын нөхөн олголт хийгдэж байгаад баяртай байгаа. Энэ талаархи мэдээллийг анх зурагтаар сонссон. Бүртгэлийн хугацааны хувьд наймдугаар сарын 01-нийг хүртэл бүртгэх нь иргэдэд хангалттай эсэхэд эргэлзэж байна. Тэр дундаа гадаадад олон жил ажиллаж хөдөлмөрлөж байгаад ирсэн иргэдийн хувьд бүртгэлийн хугацаа давчуу байж магадгүй л юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Баасансүрэн:

-Нийгмийн даатгалын нөхөн олголт нь Засгийн газраас гаргасан зөв шийдвэр бөгөөд ард иргэдийн хувьд маш том өөрчлөлт, ололт юм. Хүмүүсийн амьдралд нэмэр болж амьдрал нь дээшлэхэд түлхэц болж байгаад иргэнийхээ хувиар ихэд баярлаж байгаа.

Сүхбаатар дүүргийн ХIII хорооны иргэн М.Цэдэн-Иш:

-Буруу зүйл байхгүй л дээ. Хүний амьдралд хэрэгтэй цаг үеэ олсон, зөв ажил болсон гэж бодож байгаа. Харин хүмүүст энэ боломжийг цаг алдалгүй ашиглаарай мөн нухацтай хандаарай гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Тэгшжаргал:

-Мэдээж нийгмийн даатгалын нөхөн олголт иргэдэд хэрэгтэй, ашигтай байлгүй яахав. Тэр дундаа ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурч ажилгүй болсон иргэдэд их хэрэгтэй л дээ. Түүнчлэн нөхөн олголтын үеэр гарч байгаа хүндрэл бэрхшээл гэвэл материал бүрдүүлэлт хэцүү мөн лавлагаа гарч ирдэггүй явдал юм.

Г.Учрал

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих