Чимээгүй хот хүрээгээ тэлж суурьшлын бүсийг нөмөрсөөр байна
Амьдрал мөнх бус. Нэг л өдөр бид мөнх бустай нүүр тулна. Монголчууд хорвоог орхиж буй нэгнээ хүндэтгэлтэйгээр үдэж, оршуулгын ёсыг чанд баримталсаар ирсэн.
Оршуулгын зан үйлийг тухайн үндэстний соёлын салшгүй нэг хэсэг ч гэж үзэх нь бий. Тиймээс бид ойр дотно байсан нэгнийхээ хойдохыг бодож олон ёс жаягийг гүйцэтгэдэг. Гэтэл сүүлийн үед энэ ёс алдагдаж, бид талийгаачдаа номоор нь үдэж чадахгүйд хүрлээ.
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал нийслэлийн оршуулгын газрын нөөц дуусч байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд жилд 6500-7500 иргэн нас барж байгаа гэсэн тоо бий. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх чимээгүй хот жилээс жилд ийм тоогоор хүрээгээ тэлсээр нийслэлийн оршуулгын газрын нөөц дуусч байгаа учраас талийгаачдыг оршуулах газар олдохгүйд хүрч байна.
Ингээд их хот маань чимээгүй хоттой хаяа залгах болж, бидний ирээдүй, хүүхэд багачуудын зарим нь оршуулгын газар өсч торниж байна. Уг нь оршуулгын газрын хамгаалалтын бүсийг Монгол Улсын Ариун цэврийн тухай хууль болон эрүүл ахуйн стандартад заасны дагуу 300 метрээр тогтоох ёстой гэж заасан байна. Гэтэл суурьшлын бүс оршуулгын газрын хамгаалалтын бүсийн хил зааг нь ялгагдахаа байж нийслэлийн иргэд талийгаачидтай зэрэгцэн аж төрж байгаа юм. Үүнээс гадна оршуулгын газрууд нь нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр, зуслангийн ногоон бүсийг ч нөмөрч эхэллээ. Улаанбаатар хотод 17 оршуулгын газар байдаг бөгөөд эдгээрээс дөрөв нь одоогийн байдлаар тэлэх газаргүй болж хаагдчихаад байгаа.
Мөн эдгээр оршуулгын газрууд нь нийлээд нийслэлийн газар нутгийн нэг хувь буюу 1000 га газрыг эзлэн оршиж байгаа аж. Судлаачдын тооцоогоор энэ нь 37 хороолол барьж болох хэмжээний газар юм байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд иргэд талийгаачдаа ил тавьж оршуулдаг явдал гаарч байгаа. Нийслэлийн иргэдийн суурьшлын бүс, зуслан, ундны усны эх үүсвэр гээд хаа сайгүй тавьж оршуулдаг явдал одоо ч амь бөхтэй оршсоор. Уг нь талийгаачийг ил тавьж оршуулахыг хориглосон НИТХ-ын тогтоол нэг биш удаа гарч байсан боловч үүнийг өөрчилж чадсангүй. Нэг шарилаас маш олон төрлийн хорт бодис ялгарч хүн, байгальд нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. Элдэв халдварт өвчнүүд хөрснөөс дэгдэн хүнд халдварлах магадлалтай. Энэ мэтчилэн дурьдаад байвал ил оршуулахын сөрөг үр дагавар их.
Уг нь хуулийн дагуу бол далд оршуулах хэлбэр буюу хайрцаглаж газарт булах болон чандарлах хэлбэрээр оршуулж болно. Харин хаа сайгүй ил оршуулахыг хориглодог. Гэсэн ч бид одоог хүртэл үүнийг хориглож чадахгүй байна.
Нийслэлийн оршуулгын газрын нөөц хумигдахын хирээр оршуулгын үйл ажиллагаа явуулдаг компаниудын үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Улаанбаатар буян” ХХК-ийн “Буяны төв цогцолбор”, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Улаанбаатар бодь буян” ХХК-ийн “Буяны төв цогцолбор”, Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо буюу 61-ийн гарамны ойролцоо байрлах “Нью семерти” ХХК-ийн “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт “Алтан-Өлгий” оршуулгын газар, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороны нутагт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газар, Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Мааньтын оршуулгын газрууд оршуулгын үйл ажиллагааг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж байна. Эдгээр компаниудын буяны ажлын зардал 1-12 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.
Тухайлбал “Нью семерти” ХХК оршуулгын ажлыг гүйцэтгэх төрөл болон тогтсон ханштай байдаг юм байна. Тус компанийн хөшөөтэй багц дөрвөн сая 950 мянган төгрөгийн үнэтэй бол суврагатай багцийн үнэ нь хэмжээнээсээ хамааран найман сая 650 мянгаас 11 сая 650 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Уг багцад шарилын хайрцаг, суврага, ламын үйлчилгээ, 108 зулын үнэ зэрэг бүх үйлчилгээ багтдаг аж.
Мөн оршуулгын ажил зохион байгуулдаг компаниуд талийгаачийн шарилыг 4-5 сая төгрөгөөр чандарладаг аж. Ер нь хорвоог орхисон нэгнээ нутаглуулахын тулд 10-20 сая төгрөгийн зардал гардаг гэнэ. Бэл бэнчинтэй нэгэнд нь энэ мөнгийг төлөх алга урвуулахын дайтай амар зүйл байж болох ч иргэдийн олонхид энэ бол тоглоом биш.
Тийм л учраас ядарсан нэг нь талийгаачдаа хээр ил хөдөөлүүлж, газар авах мөнгөгүй зарим нь аль хэдийнэ даац нь хэтэрчихсэн оршуулгын газруудыг тэлэн ойр дотныхоноо хөдөөлүүлж байна. Тиймээс аль хэдийнэ ноцтой асуудал үүсгэх төвшинд хүрчихээд байгаа оршуулгын асуудлаа яаралтай шийд¬вэрлэх хэрэгтэй байна.
Н.Санжаасүрэн
URL: