“Богд-Ар”-ыг “ядууст” хаягласан эздэд хариуцлага үүрүүлье

538_8849-300x225Хур элбэгтэй сайхан зуншиж байна даа гэж бодохын сацуу шүүрэн шанага шиг дээвэртэй “Богд-Ар” хорооллынхон яажшуухан нэг юм усан бороонд мэнд гараа бол гэж санаашрахын зовлонг их олон хүнд мэдрүүлмээр болоод байх юм. Бодол хөвөрч дуусаагүй суутал утас хангинаж “Өчигдрийн бороонд түмпэн савны эрэлд гарч цурам ч хийсэнгүй, дээд давхрын айлууд руу дусаал гоожоод иргэд дэмий л СӨХ-доо гомдоллож бороо намдахыг хүлээн үүр цайлгалаа” гэдгийг “Богда Холдинг”-ийн гүйцэтгэсэн “Богд-Ар” хорооллын 7а байрны СӨХ-ны дарга Б.Шүрхүү хэллээ. Түүний ийн мэдээллийн дагуу тус байрыг зорилоо. Дээд давхрын айлууд аргаа баржээ. Бороо зогсохыг хүлээж унтаагүй гэнэ. Дэмий л СӨХ-ныхоо дарга руу залгаж бухимдлаа гэнэ. Ханын цаас нь хууларч тааз нь нэлэнхүйдээ усанд автжээ. Зарим айлууд нь хивс, дэвсгэрээсээ эхлээд хүүхдийнхээ хувцасыг хүртэл гаргаж хатаажээ. Мөөгөнцөрийн эхүүн үнэр орон сууцны хаана ч толгой эргэм үнэртэх бөгөөд үүн дээр урд шөнийн орсон борооны чийг “Богд-Ар”-ыг бохирын өрөөнөөс ч дор байдалд оруулжээ. Хагас цаг л байхад толгой өвдөж дотор эвгүйрхэнэ. Залуу хүн ч яахав болоод байдаг юм аа гэж бодоход хүүхэд, хөгшид яаж тэснэ вэ. Салхивч, хаалгаа онгойлоод өдөржин байсан ч нэмэргүй, энэ чийг, мөөгөнцөрийн эхүүн үнэр мөд арилдаггүй гэх юм. Өвөлдөө уур, цан цохиж хана, тааз, шалнаасаа битүү мөсөн хучлагатай байдаг бол зундаа бороо битгий ороосой хэмээн залбирч нартай өдрийг тоолон баярладаг гэсэн эмгэнэлтэй ч юм шиг инээдэмтэй ч юм шиг зүйл ярина билээ. Арга ч үгүй биз. Орон гэрийнх нь хамгийн чухал хэсэг болох дээвэр, туурга ийн шүүрэн шанага шиг болчихсон байхад хэн гуай ч тайван суух билээ.

Нэг л компанийн гараар бүтсэн энэ хороололд хэтэрхий олон асуудал бий. Хэдийгээр манай сонин энэ хорооллын айл өрхүүдэд аюул ойрхон байгааг удаа дараагийнхаа нийтлэл сурвалжлагаар сануулж байгаа ч холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүдэд асуудлыг хаяглаж байгаа юм. “Богд-Ар”-ынхныг золиосонд гаргах эрх хэнд байв. Ямар сайндаа л аргаа барсан иргэд “Богда Холдинг” компанийн захирал Х.Идэнбаярт хандан ийн захидал бичжээ.

“2005 онд ашиглалтад орсон“Богд Ар” хороололд амар амгалан ауюлгүй эрүүл саруул амьдрах баталгаа алга. Уг байрыг анхнаасаа зоорийн давхаргүй, сувагтай барьсан мөн энд агаарын ямар ч солилцоо байдаггүйгээс байрны доод талд ялзралт явагдаж улмаар өмхий үнэртэн хулгана, шумуул, өт, янз бүрийн жижиг хорхой шавьж үүрлэн үржжээ. Мөн нэгдүгээр давхарын айлуудын хана, таазанд мөөгөнцөр үүсэн байнга өмхий эвгүй үнэртэй орчинд амьсгалан амьдарцгааж байна. Ер нь байрны орцоор оронгуут жорлонгийн өмхий ханхалж, бид бүгд ялгадасныхаа үнээр амьсгалцгааж байгаа нь нууц бишээ. Зургадугаар давхрын айлуудын дээврээс өвөл, зунгүй цас борооны ус гоожиж хөлрөн өвөлдөө цанатаж таазанд болон гадна дотор ханануудад нэвт цууралтууд үүсэн, хангалттай хэмжээгээр мөөгөнцөр бий болж обойтойгоо хамт урагдаж үндсэндээ энэ байр тэр аяараа суулт өгч байна. Энэ цууралт хагарал нь одоо тавдугаар давхарт дамжин орсон. Цаашид ч дараачийн давхрууд цуурч, хагарахгүй гэх баталгаа алга. Эдгээр давхруудын айлуудын цонхны доод тавцангуудаар их хэмжээний мөөгөнцөр үүсэн замасктайгаа хамт унаж тогтохгүй боллоо. Мөөгөнцөр бол хорт хавдар үүсгэгч,иймд бидний эрүүл мэнд аюулын эрмэгт байна. Бид жил бүр хана, таазанд үүссэн хагарал, цууралтыг шавж бөглөн эмульсдэж ханын цаасаа сольж засвар хийдэг ч 2-6 сарын дараагаар мөн л дахин хагарал, цууралт үүсч ханын цаас нь урагддаг. Энэ мэт хана, таазанд мөөгөнцөр үүсч байгаагаас гадна нэг айл жилдээ дунджаар нэг саяаас гурван сая төгрөгийн төсөвлөөгүй зардал гаргаж засвар хийж байна. “Богда Холдинг” компанийн чанаргүй барьсан барилгаас болж цөөхөн хэдэн монголчууд бид учраа олохгүй өөр хоорондоо маргалдан хэрэлдэж байгаа нь цаанаа ямар нэг харийнхны бодлого явуулга байна гэж хардаж байна” гэдгийг онцлоод мөн л асуудлаа дэлгэлээ.

Бороо, чийгнээс болж нэг бус удаа байраараа галд автах аюулд унаж байжээ. Тодруулбал, тус байрны цахилгааны дэд станц буруу газар байрласнаас гадна тэжээлийн утас нь доод давхрын чийгэн дундуур татагдсанаас болж гал гарч байжээ. Мөн 2012 оны сүүлчээр мөн л цас, усны нөлөөгөөр бараг хоёр өдөр цахилгааны сааталтай байсныг байрныхан хэлж байна. Ер нь уг барилгад цахилгаан, агааржуулалтын болон сантехникийн холболтыг мэргэжлийн үндслэлгүй, чанаргүй материалаар хийсэн харгайг бороо, цасны улиралд оршин суугчид л мэдэрдэг. Болдогсон бол энэ байрыг “Байнгын ашиглалтад хүлээж авч болно” хэмээн зөвшөөрсөн УМХЕГ-ын нэр бүхий байцаагчдад хариуцлагыг нь үүрүүлж энэ айлуудаас жилд гарч байгаа үргүй зардлын мөнгийг гаргуулъя. 2005 оноос хойш жил бүр багаар бодоход л сая төгрөгөөр засвар хийдэг гэж бодвол найман сая төгрөгийг нэг айл орон сууцны асуудалдаа зарцуулж байна. Үүнийг “Богд-Ар”-ын 300 гаруй айлаар тооцвол дахиад ч нэг энэ хэмжээний хороолол барих мөнгө хангалттай гарч байна. Тиймээс энэ бүх төлбөр мөнгийг байр хүлээж авсан байцаагчдаас гаргуулъя” гэдгийг АТГ, ШӨХТГ-ынханд “Богд-Ар”-ынхан дамжууллаа.

Мөн барилгын сууриас гарсан шороотой хайрга,чулууг цементтэй хольж блок хийгээд орон сууцны ханыг өрснөөс байр маш хүйтэн, хананаасаа дулаан алддаг, цонх, хаалганаасаа цана цохидог аж.

Угтаа бол барилга гэдэг урлагийн бүтээл байхаас гадна, хэдэн зуун жилээр хэмжигдэх насжилттай байх ёстой гэсэн хатуу дүрэм манай урд хөршид үйлчилдэг юм билээ. Гэтэл манай улсын барилгын салбар дотроосоо өтөж ийнхүү бороо, цасны ая даахгүй нурж унах хэмжээнд хүрсэн нь аюул биш гэж үү. Аргаа барсан “Богд-Ар”-ынханд төр, түмний хамгаалалт хэрэгтэй байгааг бороо орох бүрт мэдэрч байгаагаа дайхад гэмгүй болов уу. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Хотын минь чухал бүсэд хэнбугай нь овоолсон амбаар барьчихаад “ядуучуудад” хэмээн хаяглаж төрийн нүдийг түмний нүдтэй нь хуурчихсаныг харахад илүүдэхгүй болов уу.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих