Жулиан Ассанжийг Нэгдсэн улсад цаазын ял хүлээж байна
“WikiLeaks” сайтыг үндэсдлэгч Жулиан Ассанж Английн Лондон хотноо орших Эквадор улсын Элчин сайдын яаманд орогноод нэг жилийн нүүр үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд Жулиан Ассанжийн талаарх асуудал намжаад байсан бөгөөд Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино түүнтэй ирж уулзжээ.
Түүнчлэн Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино Жулиан Ассанжийн асуудлаар Их Британийн Гадаад хэргийн сайд Уилльям Хаагтай уулзалт хийсэн байна. Гэвч цаг илүүтэй хугацаанд үргэлжилсэн хоёр орны албаныхны уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй гэнэ. Австралийн иргэн Жулиан Ассанж өнгөрсөн оны зургадугаар сард Их Британийн шүүх өөрийг нь Швед рүү шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн Английн Лондон хотноо орших Эквадорын Элчин сайдын яаманд орогносон юм.
Үүний дараа Их Британийн талаас Эквадорын Элчин сайдын яаманд хүчээр нэвтрэн Жулиан Ассанжийг баривчилна хэмээн сүрдүүлснээс хоёр орны хоорондох дипломат харилцаанд сэв суухад хүрээд байсан билээ. Жулиан Ассанжийг Шведийн талд шилжсэн нөхцөлд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан, ял сонсох аж.
Түүнчлэн Жулиан Ассанж “WikiLeaks” сайтаараа дамжуулан Пентагон, АНУ-ын Төрийн департментийн хэд хэдэн нууц материалыг олон нийтэд цацсны улмаас томоохон дуулиан тарьсан ба түүнийг Нэгдсэн улсад цаазаар авах ял хүлээж байгаа юм.
Хэдийгээр Эквадор улсын зүгээс Жулиан Ассанжид улс төрийн орогнол зөвшөөрсөн боловч түүнийг Лондон хотноо орших Эквадорын Элчингийн байрнаас гадагш хөл тавьсан даруй Их Британийн цагдаа нар баривчлахад бэлэн отож байгаа юм.
Жулиан Ассанжийн хэргийг ирэх наймдугаар сард арбитрын шүүхээр дахин авч хэлэлцэх гэнэ.
Г.Золбоо/Нийгмийн толь/
URL: