Боловсролыг боолчлолоос чөлөөлөх үү

1db0624f62b7b706f3de35283b0d8e50_x3Боловсролтой, боловсролгүй хүний ялгаа юу вэ. Энэ асуултыг өөрөөсөө хийгээд үр хүүхдээсээ асууж, зөв хариултыг олсон хүн бүр “Боловсрол чухал” хэмээн тодорхойлдог.

Тэр хэрээр их, дээд сургуульд элсэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Энэ нь дээр хэлсэнчлэн “Боловсрол, мэдлэггүй хүн хол явахгүй” гэсэн орчин цагийн үндсэн шаардлагын үр дүн.

Тэгвэл Монголд жинхэнэ утгаараа боловсролыг дээдэлж, эрхэмлэж, үнэлж чадаж байна уу. Боловсрол, мэдлэгтэй иргэн хүн улсын баялаг мөн юм бол Монгол Улс яагаад илүү хурдтай хөгжин дэвшиж, монголчуудын амьдрал улам бүр дээшлэн дэвжихгүй байгаа юм бэ. Ийн асуух үндэс нь одоогийн нөхцөл байдал.

Зах зээлийн жам ёс гэх ганцхан зарчим боловсролын салбарыг өөд нь татаж, урагш нь түлхэхгүй, түрэхгүй аж. Учир нь та бид төдийгүй шийдвэр гаргагчид ч боловсролын салбарыг яг л алтны уурхай мэт хардаг.

“Алтны уурхай, их дээд сургууль хоёрын хооронд чанарын ялгаа байхгүй. Адилхан мөнгөний уурхай” гэх мэтээр. Тэгвэл сүүлийн үед тэр бүхнийг Боловсрол, шинжлэх ухааны яам эрс өөрчлөх хэрэгтэй хэмээх боллоо.

Тэр өөрчлөлтийн үндсэн утга нь “Дээд боловсролыг дээдлэх”. Нэг ёсны улс орны хөгжлийг уурхайгаас олборлосон алтаар бус иргэдийнх нь эзэмшсэн боловсрол, тэрхүү мэдлэг боловсролоо хэрэглээндээ нэвтрүүлэх чадвараар нь тодорхойлдог жишгийг бий болгох санаачилга.

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилээс эхлэн элсэлтийн шалгалтандаа 750-иас дээш оноо авч, Монгол Улсын Боловсролын их сургуульд элссэн элсэгчийн төлбөрийг нь 100 хувь чөлөөлөх санаачилга гаргасан. “Боловсролын салбарыг ул сууриар нь шинэчлэх” гэх зорилгын хүрээнд. Гол нь тус яам энэхүү санаачилгаа үр дүнд хүргэхийн тулд сургалтын төлбөрийг нь чөлөөлөхөөр зарласан нь ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийн талархлыг хүлээж чадсан.

Монгол Улсын хүн амын 36 орчим хувь нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэдэг статистик бий. Мэдээж тэрхүү 36 хувьд хамрагдах залууст сурч боловсрох боломж байхгүй. Тиймээс ч энэ жил суралцах хүсэлтэй, сурах чадвартай атлаа сургалтын төлбөргүйн улмаас хүсэл сонирхлоо хязгаарладаг мянга, мянган залууст багш болох сайхан боломж бүрдэж байгаа нь энэ. Тэд сургалтын төлбөрт санаа зовох хэрэггүйн дээр сардаа 70 мянган төгрөг авчихна.

Тэгвэл дээрхийн нэгэн адил их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг бүхэлд нь төрөөс төлөх боломжтой юу. Энэ талаар ам нээх бүрт нэг хэсэг нь гар, хөлөө өргөөд ч болсон дэмжиж байхад эсэргүүцэгчид нь ч дуугаа өндөрсгөх нь бий. “Зах зээлийн нийгэм гэчихээд төлбөр чөлөөлнө гээд байхдаа яадаг юм”, “Оюутнууд төлбөрийг нь чөлөөлөөд ч сурахгүй”, “Даварчихсан юм. Эцэг, эх нь хариуцлагаа хүлээж төлбөрөө төлөх ёстой” гээд л.

Харин дэмжигчдийн хувьд “Монголыг өнөөдөр хэн авч явж байна вэ” гэдэгт анхаарал хандуулахыг шаарддаг. Учир нь, одоогийн баялаг бүтээгчдийн олонх нь социализмын үеийн үнэ төлбөргүй боловсрол эзэмшигчид. Шийдвэр гаргагчдын хувьд ч адилхан. Түүнчлэн “Ардчиллын загвар болсон улс орнуудын их, дээд сургууль ч тэр төлбөргүй байдаг” гэх дараагийн гол үндэслэлээ хэлдэг. Үнэхээр ч тэд худлаа хэлээгүй.

Австри, Норвеги, Грек, Аргентин, Швед зэрэг улс орны оюутнууд их, дээд сургуульдаа үнэгүй сурдаг. Герман гэхэд нэр бүхий 16 сургууль нь л оюутнуудаас жилийн 500 еврогийн хураамж авна уу гэхээс бусад нь үнэгүй. Та бидний ардчиллын загвар хэмээн итгэж, “хөдөлбөл хөлс” гэдгээр нь боддог АНУ-ын цөөнгүй мужид ч мөн адил орлого багатай иргэд нь үнэ төлбөргүй сурч байх жишээтэй.

Харин манайд эсрэгээрээ. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар 1.2 саяас 2.9 саяд эргэлддэг. Арай л дэндүү өндөр. Улмаар дамжаа өгсөх бүрт дээрх төлбөрийн хэмжээ 11-19 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Үүнийх нь балгаар дамжаа өгсөх бүрт “Төлбөр төлөх чадваргүй” гэх шалтгаанаар сургуулиа орхигсдын тоо олширдог.

Уг нь энэ бүхнийг тодорхой хувилбаруудаар зохицуулж байсан туршлага манайд бий. Төрийн албан хаагчдын гэр бүлийн нэг оюутных нь төлбөрийг төрөөс төлсөн.

Нэн ядуу болон малчин айлын нэг хүүхэд, гурав болон түүнээс дээш оюутан сурдаг бол мөн л нэг хүүхдийнх нь төлбөрийг ч мөн адил төрөөс төлж байв. Гол нь энэ бүхэн өнгөрсөн цаг. Харин одоо нөхцөл байдал ямар байгааг дээр өгүүлсэн.

Тэгвэл нэр бүхий УИХ-ын гишүүд ойрын хугацаанд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар их, дээд сургуулийн төлбөрийг төрөөс зуун хувь даах санаачилга гаргаж байгаа аж. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн 70 их, дээд сургуульд 168 мянган оюутан сурдаг. Тэдний төлбөрийг төрөөс төлөх тохиолдолд 160-170 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мөнгө олон хүнд хэтэрхий өндөр өртөгтэй зарлага мэт санагдах ч эргээд төгсч гарч ирээд үр дүнтэйгээр ажиллахыг нь тооцвол олон мянган тэрбумыг ч олж болох юм. Мэдээж сайн сайхнаар нь харахад шүү дээ.

Хамгийн гол нь өнөөдөр их, дээд сургууль төгсөгчдийн олонх нь бага цалинтай хар бор ажил хийж байгаа. Худалдагч, жолооч, үйлчлэгч, туслах ажилтан гээд л. Иймд тэднийг тодруулбал 170 орчим мянган залуу үеийг боловсролын боолчлолоос чөлөөлөх хэрэгцээ өдгөө Монгол Улсад бий болчихож. Мөн сурах хүсэлтэй, суралцах чадвартай атлаа их, дээд сургуулийн үүдээр ч шагайх эрхгүй гэдэгтээ итгэчихсэн байгаа тэр эмзэг бүлгийнхнийг ч сайн сайхан бүхэн рүү хөтлөхийн тулд төр буулт хийхэд буруудах зүйл үгүй биз.

Мэдээж тэр буулт нь төлбөр чөлөөлөх. Учир нь, алийн болгон залуусыг зах зээлийн жам гэсэн хатуу харгислалд тушааж, урдах замыг нь харанхуйлсаар байх вэ дээ.

Ц.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих