Байшингийн балгас нурж, хүүхдүүд амь эрсдэх дөхжээ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаалин хийдийн хашаан дотор байрлах гурван давхар балгасны дээвэр нурж, тэнд тоглож байсан хүүхдүүдийг дарж гэмтээсэн золгүй осол гарлаа.
Тус балгас нь олон жилийн өмнө сүрьеэгийн эмнэлэг байсан бөгөөд 10 гаруй жилийн өмнөөс ашиглагдахаа больж ийнхүү балгас болж хувирсан байна.
Ямартай ч осол гарсан газар очиж, нөхцөл байдалтай танилцсан юм. Уг балгасны ойр орчимд тэр хавьдаа л байхгүй зүлэг ногоо бүхий салхилах талбайтай болохоор хүүхэд багачууд тоглохоос гадна томчууд ч олноороо зугаалдаг аж. Мөн хүүхдүүд мөнөөх балгас руу байнга шахам орж, нуугдаж тоглодог юм билээ.
Түүнчлэн тэр хавийн болж бүтэхгүй хүмүүс балгас руу орж архи дарс ууж, танхайрдаг учраас гэмт хэрэг ч багагүй гардаг тухай тэр хавийн оршин суугчид хэлж байлаа. Осол гарах үед тус балгасны хажуугаар явж байсан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Түвшингээс тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. Тэрбээр “Манайх Дамбадаржаалин хийдийн хойно байдаг болохоор хашаагаар нь нэвт гарч автобусны буудалд хүрдэг юм. Осол гардаг өдөр хотын төв орох гээд балгасны хажуугаар явж байтал онцгой байдлын алба хаагчид болон түргэн тусламжийнхан ирчихсэн байсан.
Юу болоод байгааг сонирхтол уг балгасны хоёрдугаар давхарт тоглож байсан тав, зургаан хүүхдийн дээрээс дээврийн төмөр нурж гэмтээсэн байсан. Ер нь энэ байшингийн балгас дотор энэ хавийн хүүхдүүд байнга орж, тоглодог. Мөн болж бүтэхгүй хүмүүс үүдэнд нь цугларчихсан архидаж байгаа харагддаг. Түүнчлэн шөнө оройн цагаар энэ хавь маш аюултай. Дээрэм, хүчингийн хэрэг гарлаа гээд л дуулддаг. Харин одоо харьцангуй гайгүй болсон” гэв.
Түүний хэлж буйгаар энэ хавийн хүүхэд багачууд байнга энэ балгасан дотор тоглодог байсан ч өмнө нь ийм осол гарч байгаагүй аж. Гэхдээ энэ удаад олон хавар нэгэндээ гэгч болсон бололтой. Мөн Дамбадаржаад амьдардаг хүмүүсийн ихэнх нь хийдийн хашаагаар дамжиж автобусны буудалдаа хүрдэг болохоор балгасан дотор юу болоод байгааг хүмүүс төдийлөн анхаараад байдаггүй гэнэ. Уг ослын талаар тус хорооны Цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс тодруулахаар очсон.
Гэтэл Цагдаагийн хэлтсийнхэн ослын талаар сонсоогүй бололтой “Мэдэхгүй” гэх хариулт өгсөн. Харин онцгой байдлынхнаас тодруулахаар ортол “Зураг авалттай байгаа учраас мэдэх хүн байхгүй байна” гэж хэлэх жижүүрээс өөр хүн байгаагүй юм. Ямартай ч гэнэн цайлган хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулан байж амь бөхтэй оршсоор байгаа энэхүү балгас архичид, гэмт хэргийн үүр болсоор уджээ. Үүнийг нураах, аль эсвэл тордож буцаан ашиглахгүй бол “Тийм хэрэг гарлаа. Тэр нь нурж, хүний амь нас эрсдлээ” гэх муу мэдээ сонсогдоход тун ойрхон болсон байна.
Ганц Дамбадаржаалин хийдийн хашаан дотор байрлах балгас гэлтгүй маш олон барилга нийслэлийн хаа нэгтээ зай талбай эзлэн сүндэрлэж байгаа. Тэдгээрт ч янз бүрийн осол, гэмт хэрэг гарахгүй гэсэн баталгаа алга болжээ. Тиймээс мэргэжлийн хяналт, цагдаа сэргийлэх, онцгой байдлынхан аль, аль нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Ж.Баттуул
URL: