АТГ 17 тэрбумын тендерийн хэргийг дахин шалгуулна

2010_10_81GGАлдарт 17 тэрбумын тендерийн хэргийг АТГ-аас дахин Нийслэлийн прокурорын байгууллагад хаяглан хүргүүлжээ.

Учир нь шалгаж, нягтлах олон асуудал агуулагдаж байгаа тул шударга байхыг уриалж, асуудалд улс төрийн өнцгөөс харахгүй байхыг хүссэн нь тэр. АТГ-аас сөрөг хүчнийхний өгсөн баримт материалтай танилцаж, асуудлыг авч хэлэлцсэнийхээ дараахан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Энэ тухайгаа МАН-ын бүлэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээгийн гарын үсэгтэй албан бичгээр хүргүүлсэн юм. Тус албан бичигт “Албан бичгээр хүргүүлсэн мэдээллийг хянан үзээд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХКийн тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэжээ.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай болохыг мэдэгдэв. Харамсалтай нь, Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээс татгалзсан хариулт өгсөн билээ. Тухайн үед ийм хариу гарах болов уу гэсэн нийгмийн хүлээлт байсан ч итгэхийг хүсээг үй. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав АН-ынх. Тэр дундаа Н.Алтанхуягтай нэг нутгийнх. Иймээс энэ хэргийг шалгалгүй өнгөрөөх магадлал өндөр хэмээн улс төрийн хүрээнийхэн цайны хачир хийж байв. Олны яриа оргүй байсангүй.

Гэхдээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ байдалтай эвлэрч, эрх баригчдыг хамгаалж үлдэхийг хүссэнгүй. Тиймдээ ч айдсаа нуун байж, асуудлыг дахин тавилаа. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Г.Амарбат “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтаар сонгон шалгаруулалт хэрхэн явагдав, үнэлгээний хороо хэрхэн ажилласан бэ гэдгийг бид шалгах шаардлагатай байсан ч тогтоолыг хүчингүй болголоо. Тиймээс энэ асуудлаар прокурорт гомдол гаргасан байгаа. Прокурор энэ асуудлыг дахиж хянах болов уу” хэмээн мэдэгджээ. Мэдээж, тэдний гомдлыг хүлээн авч, ажил хэрэг болгох эсэх нь бас л Нийслэлийн прокурорынхны мэдэл. Цаашлаад Д.Дорлигжавын хүсэл сонирхол.


Хэргийн сэжүүрийг атгаж байгаа Г.Дэнзэн албан тушаалаа өгөх өө мэдэгдэж, хүргэн ахдаа өргөдлөө гардуулчихлаа. Хүргэн ах ч асуудлыг нэн даруй шийдвэрлэж, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх хүсэлтийг нь баталгаажуулав. Ингэснээр Г.Дэнзэн хамтран амьдрагчтайгаа холбоотой хэргийг нуруун дээрээ үүрээд, хүргэн ахыгаа цэвэршүүлэх гэж хичээж байгаа бололтой. Уг нь сөрөг хүчнийхний гаргаж ирсэн баримт материалыг хөөвөл олон асуудал ил болно.

Тухайлбал, Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Ерөнхий сайдын дүүгийн охин Д.Уянга гэгч “Говь повер” хэмээх компанийг бусдаас худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь нэг тэрбум төгрөг болгож өсгөжээ. Гэвч үнэлгээг хийхдээ тухайн газар дээр очиж бодит үнэлгээг хийгээгүй байдаг. Нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар тендерт шалгарах нөхцөлийг хангасан байна. Учир нь тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх гэсэн шаардлага байдаг аж.

Тэгэхээр тендерт шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон байх магадлалтай нь тогтоогджээ. Үүнээс гадна “Говь повер” компани нь сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байх шаардлагыг хангааг үй. Харин ч үйл ажиллагааны орлого нь эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг. Үүнээс гадна гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэхийн тулд зайлшгүй гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж байх ёстой атал тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийтдээ 10 аж ахуйн нэгжид уг тендерт оролцуулах саналыг хүргүүлсэн боловч тэдгээрээс найм нь огт газарг үй компаниудыг бүртгэжээ.

Тэгэхээр цаана нь ердөө хоёр компани л зохих газрыг эзэмшиж байсны нэг нь “Говь повер”. Энэ бүх баримтыг харахад тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан нь тодорхой. Баримттай нотолгоотой энэ хэргийг нийслэлийн прокурорын газар шалгах шаардлагагүй гэж үзсэн нь ямар учиртай юм бол. Прокурорын үйл ажиллагаанд нөлөөлсөн хүн Г.Дэнзэн болж таарч байна уу, аль эсвэл түүний ард нууц ноёнтон байна уу. Саяхан л Г.Дэнзэн “Би ажлаа шударгаар хийдэг. Намайг авлигачидтай тэмцсэний төлөө зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Гэхдээ би шантрахгүй, цаашид ажлаа үнэнчээр хийж, төрийн албанд шургалсан шударга бус нөхдүүдтэй тэмцэх болно” гэж мэдэгдэж байсан. Гэтэл гэнэт өргөдлөө өөрийн гараар бичив. Угтаа бол ажлаас гарах өргөдлөө өгөх бус эсрэгээрээ “Би хуулийнханд шалгууллаа. Буруугүй байгаа биз” хэмээн зоримог дуугарч баймаар.

Түүнийг ажлаасаа гарах өргөдлийг нь бичүүлэх аргыг хэн зааж өгөв. Г.Дэнзэнгээр халхавчлан 17 тэрбумаас амссан нөхдүүд хэргээс мултарчихаж байгаа юм биш үү. Н.Алтанхуягийн хажуу бөөрөнд хачиг шиг наалдаж өнөөгийн өндөрлөгт хүрсэн тэрбээр өрөө төлж байгаа нь энэ үү. Эсвэл Г.Дэнзэнд өнөөдрийнхөөс нь өндөр албан тушаал амлаж, ах нь өөд нь татаж, хэл амнаас холдуулав уу. Энэ мэт хариулт нэхсэн олон асуултууд байна.

Гагцхүү нийслэлийн прокурорын байгууллага энэ бүхэнд хариулахаас татгалзаж, хавтаст хэрэг нээхээс түдгэлзэж, тэнэгтэх вий.

Г.Хишигсүрэн

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих