Барууны ардчиллын стандартууд гэж юу вэ?

images698996БӨЭнэ удаа ардчиллын тухай жаахан ярьцгаая.

Барууны улстөрчид “дэлхийн олон нийт” гэж ярьж байхдаа чухамдаа өөрсдийгөө, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хэлж ярьж байдгийг, “ардчиллын үнэт зүйлүүд” гэгчээрээ халхавчилж гагцхүү өөрсдийнхөө л ашиг сонирхлыг зүтгүүлж байгааг дэлхий дахин одоо тов тодорхой харж байна. Тэд гурав дахь ертөнцийн орнуудад өөрсөддөө алсын ашиг хонжоотой төслүүд хэрэгжүүлэх, хүүтэй зээллэгүүд өгөх зэргээр “хамтран ажиллах”-даа “ардчиллын хэм хэмжээнүүдээ” хамгийн гол үндсэн нөхцлөө болгон тулгаж байдгийг бидний олонх одоо эрхбиш мэддэг болсон байх гэж найдаж байна…
Гэсэн ч хэн нэг нь үнэн хэрэг дээрээ бол Барууны эрх баригчид олон тохиолдолд зарим нэг орнуудад ардчиллын хэм хэмжээнүүдийг мөрдөхгүй байгааг нь харсаар байгаа боловч хайхрахгүй нүдээ аниж байдаг шүү дээ гэж надтай санал нийлэхгүй маргаж болох юм. Тийм ээ, Барууны улстөрчид, үндэстэн дамжсан корпорациуд удам дамжсан хаант засаглалуудтай одоо ч хамтран ажиллаж байгаа ба гэвч хаант засаглалаас өөр ардчиллын хэм хэмжээнүүдээс хол нийгмийн байгуулалтыг энэ дэлхий дээрээс хайгаад ч олохгүй ээ. Энэ бол Барууны лидерүүд, хувийн том корпорациуд нь өөрсдөд нь л мөнгө хөрөнгө, цэрэг – геоулстөрийн хувьд ашигтай эсвэл байгалийн нөөц баялагийг нь хямдхан авч байх боломжтой байгаа бол ардчилсан бус улс орнуудтай ч амжилттай хамтран ажилладаг гэсэн үг юм. Ямар улс орнууд вэ, таагаарай :-) …ара….

Сүүлийн жилүүдэд ардчиллын барууны стандартууд, хэм хэмжээг мөрдөхөө больж байгаа зарим нэг “дуулгаваргүй” улс орнуудын ард түмэн гэнэтхэн “цуст дарангуйлагчдын доор” амьдарч байснаа “мэдэж” дотроос нь зэвсэгт бослого тэмцэл өрнөж харин гадна талаасаа Барууны цэргийн эвслийн бөмбөгдөлтөнд өртөж байгаа билээ. Барууны эвслийн орнууд тэндээс газрын тос, байгалийн хийг нь зөөж харин оронд нь тийшээ өөрсдийн “ардчиллаа” экспортлож нутаг дэвсгэр дээр нь “иргэний ардчилсан нийгмээ” байгуулж хөгжүүлэхийг оролдож байгааг бид бүхэн одоо харж сонсож байгаа шүү дээ…

Зарим хүмүүс “энд чинь ардчилал огт хамаа байхгүй ээ, гагцхүү байгалийн баялаг нь, газрын тос нь мөн тэр улс барууныхны цэрэг геоулстөрийн бодлогын хувьд стратегийн чухал байрлалд оршиж байгаа нь л иймэрхүү “хүмүүнлэгийн бөмбөгдөлт”-нд нь өртөх шалтгаан болж байгаа юм” гэж баталцгааж байгаа. Ер нь “ардчиллын талаар асуудалтай” байгаа эдгээр улс орнууд дотроос Баруунд хамгийн их ашиг хонжоо олох боломжтой байгаа тэр орнуудад л юуны түрүүнд тэдний дэмжлэгтэйгээр зэвсэгт бослого, “ардчилсан” хувьсгалууд гарч мөн Барууны цэргийн эвслийн “хүмүүнлэгийн бөмбөгдөлтийг” нь амсаж байгаа нь тодорхой билээ…

Орчин үеийн нэг үлгэр зохиож жишээ аван тайлбарлая. Эртээ дээр үеэс Логном гэдэг нэгэн улс үндэстэн энэ дэлхий дээр бас оршин тогтносоор иржээ. Тэр улсад хэсэг мөрөөдөмтгий гэнэн залуус амьдардаг байж. Тэд голдуу харийн худалдаачны авчирсан гялгар сэтгүүлүүд, уран сайхны киног нь үзэж дуу хөгжмийг нь сонсож өдрийг өнгөрөөдөг байжээ. Харин аав ээжүүд нь чадлынхаа хирээр ажиллаж саахалт хөршүүдийнхээ тусламжтайгаар багагүй зүйл бүтээж босгож ёстой л “хөнжлийнхөө хирээр хөлөө жийж” “өргүй бол баян өвчингүй бол жаргал” гэж бодож амар тайван амьдарч байжээ. Хамгийн гол нь энэ улс үндэстний мэдлэг боловсрол нь нэмэгдэж өөрсдөө улам эрүүлжиж үр хүүхдүүд нь өсч хүн ам нь улам олон болж амьдралынхаа үндсэн гол зүйлүүдийг хийж бүтээхэд суралцаж бас ч туршлага хуримтлуулж байлаа. Харин нөгөө залуус нь харийн гялгар эд баялагт хорхойсож эцэг өвгөдийнх нь, аав ээжүүдийнх нь бүтээсэн бүх л юм хэнд ч хэрэггүй мэт санагдаж харийн худалдаачнаас сонссон нөгөө үлгэрүүдийг ам дамжуулан байнга ярьж сонссоор байгаад түүндээ бүүр итгэж орхижээ. Цаг хугацаа ч өнгөрч тэр залуусын үе улс орноо авч явах цаг иржээ…

Ингээд тэд Баруунаас технологийг нь худалдан авах, барууны банкуудаас нь хүүтэй зээлүүд авч өөрийн улс орны аж үйлдвэрлэлийг хөгжүүлж хүн ардынхаа амьдралын түвшинг өөд нь татаж хөгжүүлэх цаг ирлээ, ингэж болно гэж боджээ. Тэгээд Баруунтай хамтран ажиллахыг хүссэн байна. Хариуд нь тэд ардчиллын замыг тууштай сонго гэсэн болзол тавьжээ. Залуус эхлээд мэдээж хэрэг үүнд нь жаахан гайхжээ. Яг үнэндээ бол тэднээс хүүтэй зээл авахад, бас хөдөө аж ахуй болон түүхий эдийн зарим нэг бүтээгдэхүүнээ тэдэнд хямд борлуулахад ардчилал энд ямар хамаатай юм бэ тэд бодсон байна. Барууны лидерүүд, үзэл сурталчид нь харин нутгийн “индиануудад” тэд нар дандаа бүх хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг, харин бүх муу зүйлийн эсрэг байгаа гэдгээ “учирлаж” ардчилсан бус оронтай харьцахад нь тэдэнд ардчиллынх нь итгэл үнэмшил нь саад болоод байдаг, ер нь ард түмнийх нь төлөө санаа зовоод бараг л “нойр нь хүрдэггүй” гэсэн шүү юм тайлбарлажээ. Энд барууны улстөрчид, үзэл сурталчид чин үнэнээ бол яг бүтэн хэлэхгүй байгаа гэдгийг нь бид анзаарах ёстой. Харин бид бүхэнд худал хэлэх нь муухай гэж аав ээж нар маань багад маань сургаж ирсэн билээ…

Баруунд уригдан очиж том хотуудынх нь төвөөр алхаж үнэтэй зочид буудалд нь бууж үнэтэй дэлгүүрээр нь хэсээд ирсэн нутгийн улстөрчид “брэндүүдийг нь л аваад өмсчихвөл бас гоё машиныг унаж хаус байшинд нь орчихвол ардчиллаж соёлжиж иргэншчих юм байна” гэж бодож байлаа. Харин барууны ардчиллыг зүтгүүлэх тусгай курсийг нь дүүргэсэн хүмүүс болохоор “ардчиллын замаар тууштай алхаад л хамгийн гол нь тууштай алхаад л байвал хэзээ нэгэн цагт хөгжил цэцэглэлтэнд хүрнэ” гэж манай багш нар сургасан гэж байхад зарим нэг агуу ихийн хэнээтэй хөлсний суртал ухуулагч бүүр “дахиад 20 жил болчих юм бол хөгжилд хүрнэ” гэж тархины эргээгээ бусдад тараах гэж зүтгэж байгаа.

Тэд худлаа ярьж байгаа юм биш ээ, харин үнэний хагасыг нь ярьж байгаа нь тэр юм. Харин бид насанд хүрч ухаан суухын хирээр “хагас үнэн гэдэг бол шал худлаагаас ч долоон дор муу уршигтай” юм байна гэдгийг бага багаар ойлгож ухаарч байдаг билээ…

За ингээд Баруун ардчиллын ямар “заавал нөхцлүүдээ” шаарддаг билээ?

    Нэмүү өртөг бүтээх чадвартай нийгмийн бүх баялагийг хувьчлахыг
    Хараат бус, чөлөөт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй болохыг
    Засгийн газрын бус олон нийтийн олон байгууллагуудтай болохыг
    Иргэний нийгмийг хөгжүүлэхийг

Улс орны бүх эрх мэдэл, засаглалаа 4 хэсэгт хуваахыг
Чөлөөт сонгууль 4 жил тутам явуулж засгаа сольж байхыг …

Энэ бүхэн бол анх сонсоход, маш энгийн ухамсарын түвшинд бол сайхан бүүр гайхамшигтай юм шиг байгаа! Гэвч энэ бүхэн нь ер нь Баруунд чухам ямар хэрэгтэй юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байдаг билээ.

Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад хувьчлал явуулах хэрэгтэй байдаг юм бэ?

Хувьчлал гэж чухам юу юм бэ?

Хэдэн үеэрээ босгож бүтээж ирсэн, нийгэм олон нийтийн төлөө ажилладаг, хүмүүсийг ажлын байруудаар хангаж тэдний амь амьдралын бодит баталгааг нь хангадаг, хийж бүтээх мэдлэг чадвар ур туршлагаа үе дамжуулан баяжуулж эзэмшүүлж байдаг гол хэрэгслүүд болох, нэмүү өртөг бүтээх чадвартай бүх зүйлүүдийг нэг үгээр хэлбэл нийгмийн баялаг бүтээх бодит чадавхитай нөөц, боломжуудыг нь бодит үнийнх нь өчүүхэн бага хэсгээр гэхдээ ихэнх тохиолдолд зээлээр “хэрэгтэй” хувь хүмүүсийн гарт шилжүүлнэ гэсэн үг юм. Ингэж байж л өмч үр дүнтэй ажилладаг, хөгжил цэцэглэлтэнд хүргэдэг гэдэг “хүүхдийн” үлгэрээр хуурах гэж оролддог…

За тийм байж гэж бодьё, гэвч энэ бүхэн нь Баруунд чухам юунд хэрэгтэй юм бэ?

Ажлын байргүй хоцорсон хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж нийгэмд эмх замбараа алдагдан ёс суртахуун унаж авилга цэцэглэж боловсрол мэдлэг хэнд ч хэрэггүй мэт болж эрүүл мэнд ч олон талаасаа баталгаагүй болж ирдэг. Ийм байдалд орсон улс нийгэм гаднын дарангуйлал, мөлжлөгт улам эмзэг, хялбархаан болж хувирдаг. Хэсэг хугацааны дараа нэг мэдэхэд гаднын том компаниуд улс орны бүх өнгөтэй өөдтэй нийгмийн баялагийг нь ил далд хямдхаан худалдан авч өөрсдийнх болгосон байдаг. Чухам үүний тулд л  хувьчлал явуулах нь Баруунд хэрэгтэй байдаг байна.

Юуны тулд гурав дахь ертөнцийн орнууд “хараат бус ОНМХ”-үүдтэй байх нь Баруунд хэрэгтэй байдаг юм бэ?

“Хараат бус ОНМХ” гэж чухам юу юм бэ?

Энэ бол төрт харьяалагддаггүй, төрийн зүгээс ямар нэг үр дүнтэй бодит хяналт тавьж байх боломжгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэсэн үг юм. Хэрэв улс оронд төрт хянагддаггүй чөлөөт ОНМХ-үүдтэй байгаа бол дор хаяж төрийн хэвлэл мэдээллээс дутуугүй олон тооны тэгээд бас илүү хүчтэй л байхгүй бол Баруун үүнийг ардчиллын хэм хэмжээндээ хүрэхгүй байна гээд хүлээн зөвшөөрдөггүй. Чөлөөтэй үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахын тулд гэж ухуулдаг. Гэвч бодит байдал яг эсрэгээрээ байдаг нь, төр олон нийтийн хяналтанд байснаасаа илүү хор уршигтай болдог нь ганцхан манайд бус хаа сайгүй нэгэнт батлагдсан бодит байдал юм…

За тийм байж гэж бодьё, гэвч Баруунд энэ бүхэн чухам юунд хэрэгтэй юм бэ?

Учир нь, хэрэв ОНМХ төрд харьяалагддаггүй, түүнд хянагддаггүй юм бол тэд хэн нэгний өмчид харьяалагдах нь үүнээсээ үүдээд хэн нэгний шууд хяналтанд байх нь гарцаагүй шүү дээ. ОНМХ хэрэв төрд харьяалагддаггүй юм бол чухам хэнд харьяалагдах юм бэ? Том бизнест, хувь баян хүмүүст. Тэгвэл ямар том бизнест харьяалагддаг юм бол? ОНМХ-ийг далдаас эзэмшиж шууд хянаж байхыг хүсч байгаа, мөн үүнд хамгийн том мөнгө гаргаж байх чадвартай тэр бүлэг хүмүүст. Тэгвэл хэн чухамдаа гурав дахь ертөнцийн орнуудын ОНМХ-ийг хянаж байхыг хүсч байдаг, тэгээд үүнд хамгийн том мөнгийг гаргах чадвартай байдаг вэ? Барууны том корпорациуд, сангууд шүү дээ, өөр хэн байх билээ дээ… Тэд үүнийгээ элдэв хачин ойлгомжгүй нэртэй олон янзын байгууллагуудаараа дамжуулан далдаас хийж байдаг. Мөн ОНМХ-ийг “хянаж” байгаа нутгийн том бизнесүүдийг далдуур худалдан эрхшээлдээ оруулж зээлүүд мөн бусад олон аргуудаар хүчтэй “хөшүүрэгдэн” хянаж байдаг.

Гурав дахь ертөнцийн орнуудад хараат бус чөлөөт ОНМХ-үүд байх нь тэднийг үндэстэн дамжсан корпорациудад далдуур худалдан авах, үүгээрээ дамжуулан энэ улс орнууд дахь олон нийтийн бодол санааг бүрдүүлж (тархийг байнга угааж) далдаас хянаж чиглүүлж барьж байх боломжийг олгодог. Чухам үүний тулд л Баруунд энэ бүхэн хэрэгтэй, шаардлагатай байдаг байна.

Харин хараат бус чөлөөт ОНМХ-гүй байх, үүний оронд сонгогчдын сонгож байгуулсан төрийн хяналтанд болон орон нутгийн ба олон нийтийн өмчийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байх нь ийм боломжийг олгодоггүй байна.

Юуны тулд гурав дахь ертөнцийн орнууд засгийн газрын бус байгууллагуудтай байх нь Баруунд хэрэгтэй байдаг юм бэ?

“Засгийн газрын бус=ашгийн бус=олон нийтийн байгууллагууд” гэж юу вэ? Энэ бол өөрийн эх орны дотоод аж амьдрал ба нийгэм-улстөрд нөлөөлж байх зорилгыг өмнөө тавьсан байгууллага юм. Гэхдээ уламжлалт арга хэрэгслүүдийг тойрон гарч!

Гэвч ямар ч үйл ажиллагаа явуулдаг байгууллагад санхүүжилт ус агаар шиг хэрэгтэй байдаг шүү дээ. Засгийн газрын бус байгууллагууд өөрийн улсын засгийн газраасаа мөнгө хөрөнгө авдаггүй байхаар хуульчилсан байдаг. Харин тэгвэл тэд хэнээс санхүүжилтээ авч байдаг юм бэ? Онолын хувьд бол хэнээс ч авч болноо. Гэхдээ та болон таны таньдаг хүмүүс ийм байгууллагуудын гишүүний татвар төлдөг гэж сонссон уу?

За тийм байж, юуны тулд энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг вэ?

Бодит байдал дээр тэдгээрийн ихэнх нь, ялангуяа нийгэм-улстөрийн чиглэлийн олон нийтийн байгууллагууд яг үүнд зориулсан гаднын сангуудаас санхүүжилтээ грантуудаар дамжуулан авч тэндээс баталж өгсөн тодорхой хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж тэдэнд ажлаа тайлагнаж байдаг. Харин тэгвэл хэн эдгээр сангуудыг санхүүжүүлж байдаг юм бэ гэж үү? Мэдээжийн хэрэг, Барууны засгийн газрууд, том корпорациуд нь л санхүүжүүлдэг.

Харин ийм юм бол “хэн мөнгийг нь төлж байна, тэр хөгжмөө захиалдаг” гэдэг амьдралын энгийн бодит үнэнийг эрхбиш хүмүүс мэддэг шүү дээ. Чухам үүний тулд л энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг.

Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад иргэний нийгмийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм бэ?

Иргэний нийгмийг хөгжүүлэх гэдэг чинь чухам яг юу гэсэн үг вэ? Энэ бол гэр бүл, хамт олон, найз нөхөд, сонирхол үзэл бодлын нэгдлүүд гэх мэт нийгмийн уламжлалт эв нягтралыг нь зориуд хагалан бутаргаж нийгмийг бүхэлд нь задлаж тус тусдаа хувийн ашиг сонирхолтой хувь иргэдийн бөөгнөрөл болгоно гэсэн үг юм. Хувиараа ганц нэг хүн болтлоо хуваагдсан, ийм учраас хоорондоо байнга хагаралдан хэмлэлдэж байдаг, нэгдмэл том эрх ашиг сонирхлын мэдрэмжээ улам бүр гээж байгаа сүрэг бөөн ийм хүмүүсийн санаа, үзэл бодлыг нь нөгөө “хараат бус чөлөөт” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээрээ өдөр шөнөгүй “бүрдүүлж” бас л нөгөө “засгийн газрын бус байгууллагуудаараа” төлөөлүүлж толгойлуулсан байдаг. Ийм бөөгнөрсөн тус тусдаа хувь хүмүүсээр нь төр улсынх нь аливаа нэг чухал асуудлаарх байр суурьт нь шахалт дарамт үзүүлж байх түүнийг эргэн авч үзэхийг шаардах, өөрчлүүлэхийн тулд бусад улс орнуудад хэдийнэ туршигдсан механизмуудыг бас холбогдох эрхүүдийг нь тэр улсын зохих хуульд нь суулгаж өгсөн байдаг.

За тийм байж, харин энэ бүхэн Баруунд ямар хэрэгтэй юм бэ?
Энэ иргэний нийгмийн үзэл бодлыг нөгөө хараат бус чөлөөт ОНМХ-үүд нь бүрдүүлж мөн нөгөө засгийн газрын бус байгууллагууд нь чиглүүлж байхын тулд л. Улс орны дотоодын хэрэгт нь тэднээр дамжуулан байнга хяналт тавьж хөндлөнгөөс оролцож байхын тулд тэднийг грантуудаар санхүүжүүлж байнга тайлан, илтгэх хуудас бичүүлэн авч байдаг байна. Ийм үйл ажиллагаа явуулж байдаг хүмүүсийг юу гэж нэрлэдэгийг мэдэх үү?

Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад засаглалын хуваагдал хэрэгтэй байдаг юм бэ?
Засаглалыг хуваах” гэж юу вэ?

Энэ бол улс орны бүх засаглал эрх мэдэл өөр хоорондоо хараат бус хэд хэдэн мөчирүүдэд хуваагдсан, тэдгээрийн бүрэн эрхүүд нь хоорондоо тэнцвэртэй байдаг төрийн байгуулалтын нэг хэлбэр юм. Үүнийг тэд бие биенээ хянаж тэнцвэржүүлж байх ёстой гэдэг энгийн тайлбараар зөвтгөдөг. Яагаад заавал хуваагдмал, иймээс биесээ хянаж байх ёстой гэж?!

За тийм байж, харин тэгвэл энэ бүхэн нь Баруунд ямар хэрэгтэй юм бэ?
Хэрэв энэ төрийн байгуулалтын систем тэнцвэртэй байдаг юм бол хараат бус чөлөөт ОНМХ, засгийн газрын бус байгууллагууд, иргэний нийгэм зэрэг гаднын нэг нөлөөлөл нь энэ тэнцвэрийг засаглалын аль нэг талд нь ашигтайгаар өөрчилж чадна гэсэн үг юм. “Хагалан бутарга тэгээд захир” гэдэг арга зарчмыг лав л бид бодож олоогүй билээ. Чухамдаа яг үүний тулд энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг.
За тэгвэл, юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад чөлөөт сонгууль=засаглал солигдож байх нь хэрэгтэй байдаг юм бэ?

Дээр дурьдсан бүх арга механизмууд бол үнэндээ туслах чанарын аргууд нь юм. Хамгийн гол зорилго нь засаглал нь солигдож байх явдал юм. Гадныханд тохиромжгүй засаглалыг нь– тэвчиж болохоор засаглалаар. Тэвчиж болох засаглалыг нь – дуулгавартай засаглалаар. Дуулгавартай засаглалыг нь – үг дуугүй үнэнч засаглалаар. Үг дуугүй үнэнч засаглалыг нь – тоглоомын засаглалаар солих байх боломжтой байх явдал юм. Тоглоомын засаглалыг нь хэсэг хугацаанд ашиглаж байгаад гарган хаяж өөр нэг тоглоомын засаглалаар сольж байхын тулд ийм чөлөөт бүх нийтийн сонгууль Баруунд хэрэгтэй байдаг байна.
Чухам иймээс Барууны хувьд ардчилал бол газрын тосноос ч чухал байдаг. Учир нь ардчилал бол алгуурхан боловч баталгаатай ажилладаг үнэмлэхүй бүрэн далд хяналт юм. Аль улс ардчилалтай, харин аль нь ардчилалгүй гэдгийг шийдэж байдаг “бурханы” эрхтэй тэр хүмүүсийн гарт мөнгө хөрөнгө, байгалийн нөөц баялаг, газрын тос, цэргийн баазууд, тээвэрлэлтийн замууд аяндаа өөрсдөө ороод ирдэг.
Хамгийн гол нь дээрхи бүх ардчиллын “заавал нөхцлүүд” нь ядуу буурай орнуудын хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгодоггүй, харин ч улам хүнд хэцүү болгож байдаг нь, тэр “барууны” хөгжил гэгч нь угаасаа бидэнд зориулагдаагүй гэдэг нь харамсалтай.

Гэхдээ мэдээжийн хэрэг бүх ард түмний засаглалыг шинээр нэвтрүүлэх хөгжүүлэх ёстой – гэхдээ заавал улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, ард түмнийхээ аж амьдрал, ирээдүй хойч үеийнхээ төлөө, уламжлалт өвөрмөц байдалдаа нийцүүлж зохих хязгаарлалттайгээр! Хэрэв барууны “ардчиллын нөхцлүүд” нь манай улс орныг гаднынхны өмнө ямар ч арчаагүй, хамгаалалтгүй болгож байгаа бол ард түмний засаглал байхгүй гэсэн үг гэдгийг хүн бүр маш сайн ойлгож ухамсарлах ёстой юм.

Одоо бид бүхэн “ардчилсан улс орнууд ардчилалтай улс орнуудтай дайн хийдэггүй” гэсэн өргөн тархсан байдаг нэг ойлголт төсөөлөл, хэллэгийг ердийн хүнд ойлгомжтой тайлбарлах боломжтой болж байна. Барууны том гүрнүүд ардчилсан улс орнууд уруу дайрч довтлоод бөмбөгдөөд байдаггүй, учир нь тэднийг аль эрт зэвсгийн хүчээр бус ардчиллынхаа хүчээр бүрэн эрхшээлдээ хэдийнэ хийж авсан байдаг. Ингээд л гүйцээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй.

Би засаглал солигддоггүй байдлыг муу, хор уршигтай гэж үздэг. Би олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд төрийн монополь байхыг муу урхагтай гэж үздэг. Би төрийн салаа мөчрүүд хоорондоо аажмаар нийлж үгсэхийг бас жирийн хүмүүс ямар ч эрхгүй байхыг муу муухай хэрэг, алсын хор уршигтай гэж боддог.

Би бас хуйвалдаан хээл хахуулийг дээр нь ядуурлыг мөн чанартай эрүүл мэндийн тогтолцоо байхгүй байгааг, бүх хүмүүст хүрээмжтэй чанартай мэдлэг боловсролын тогтолцоо байхгүй байгааг муу муухай, хор уршигтай гэж үздэг, боддог…судалдаг.

Гэвч орчин үеийн барууны улстөрийн шинэ ойлголтонд ардчилал гэдэг бол хяналтан доор байх гэсэн утгатай болсон байдгийг бид бүхэн анзаарах цаг хэдийнэ болжээ.

Ер нь Та бүхэн хүүхдүүд гуйлга гуйж өлсөж ядарч байна, тэд хүнд хөдөлмөрт багаасаа нухлуулж байна, бас боолын хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эхтэйгээ хамт урц, траншейнд амьдарч байна гэсэн үндэслэлээр Барууны орнууд аль нэг улс орон уруу дайрч бөмбөгдөж байсан ядаж цорын ганц жишээг нэрлэж чадах уу? Авилгал хээл хахууль хавтгайрсан гэж аль нэг улсын эсрэг Баруун хэзээ эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан юм бэ? Ажилгүйдэл маш өндөр байна гэж тэд ямар улсад шударга хувьсгал гарахыг дэмжиж байсан юм бэ? Боловсролын түвшин нь шалдаа унасан гэдэг үндэслэлээр аль улсын улстөрч сайдад нь виз гаргахгүй байсан юм бэ? Гудамжинд гэмт хэрэг ихсэж янхандалт, архидалт газар авч байгааг арилгахад бодиттой үр дүнд хүргэсэн тусламж үзүүлж байсан ядаж ганцхан жишээг та мэдэх үү?

Мэдээж хэрэг, ядаж төстэй ч зүйл болж байгаагүй шүү дээ. Тэгвэл Баруунд энэ бүхнийг муу муухай, хор уршигтай зүйл гэж тооцдоггүй юм уу? Үгүй дээ, тооцохоор барах уу даа … олон олон төсөл, хурал зөвлөгөөн бол хийдээг. Гэвч энэ нөхцөл байдлыг засахын тулд бодиттой бол юу ч хийдэггүй шүү дээ!?

Яагаад гэж үү? Энэ бүхэн бол зөвхөн “нутгийн индиануудын” асуудал юм, энэ байдал нь тэднийг Барууны лидерүүд, үндэстэн дамжсан корпорациуд хатуу хяналтан доороо барьж байхад нь саад болдоггүй, ер нь Барууны ашиг сонирхлыг хөнддөггүй юм аа.

Харин тэр улс орнуудад барууны ардчиллын “заавал нөхцлүүд” нь байхгүй байх нь харин тэдэнд их саад болдог, ашиг сонирхлыг нь хөнддөг. Ийм учраас аль ч орон барууны стандартын ардчиллыг нэвтрүүлсэн байх ёстой болдог ба ард түмнээсээ барууны ардчиллыг нь хамгаалж байх ёстой байдаг байна, тэдний нөгөө л стандартаар нь! Үгүй бол тэднийг хүчээр ардчилжуулах ажлыг дотоодын “мангаруудыг” нь ашиглан эхлэх ба мэдээжийн хэрэг өөрсдөөс нь энэ бүхнийхээ зардлуудыг хожим гаргуулж авах болно!

Ийнхүү Барууны удирдагчид ардчиллыг хөгжүүлэхийг чухалчлан ярьж байхдаа өчүүхэн ч залдаггүйг нь бид одоо харж байна. Энэ бол тэдний цэвэр, жинхэнэ үнэн нь юм. Учир нь Барууны корпорациуд дэлхийд ноёрхож байх үндсэн зэвсэг бол сайн дурын эсвэл албадлагын ардчилал, барууны ардчиллын нөгөө “заавал нөхцлүүд” нь эсвэл цэргийн түрэмгийлэл үйлдэх явдал юм.

Харин бидэнд ардчиллаас гадна ажлын байрууд, хангалуун аж амьдрал, нийгмийн хөгжил дэвшил, хийж бүтээх чадавхи эцэст нь энгийн шударга байдал ус агаар шиг хэрэгтэй байгаа билээ. Гэвч энэ бүхэн нь харийн ардчиллын стандартад нь тохирохгүй байгаа нь харамсалтай… учир нь энэ бол зарим хүмүүсийн ярьдаг, бичдэг хийсвэр тунхаглал – сэтгэл хөдлөл биш харин жинхэнэ бодит тусгаар тогтнолын өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө мэдэн шийдэх эрхийн тухай асуудал юм… ийм эрх бодит боломж бол одоо байхгүй байгаа билээ

Судлаач Х.Болорболд


URL:

Сэтгэгдэл бичих